Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Х.Рэнцэндорж Хөдөлмөрийн баатар цолоор өнөөдөр шагнууллаа.
Улсын хошой аварга малчин Х.Рэнцэндорж гуай 85 насыг зооглож буй бөгөөд түүний 12 хүүхдийн 9 нь мал маллан улс, аймгийн аваргууд болж, ач зээ нар нь удам дамжин мал маллаж, өв соёлоо тээж сум, аймгийн аварга малчин болсон бахархам түүхийг бичиж яваа аж.
Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Нүүдэлч малчдын малч ухааныг өвлөн, насан туршдаа баяжуулан хөгжүүлж, мал сүргээ тогтмол өсгөж, арвижуулж яваа буянтай бууралдаа монгол хүн бүрийн өмнөөс мэхийн ёсолъё.
Энэ ташрамд дуулгахад мянган мэргэжлийн эзэн болсон малчдадаа мэргэжлийн үнэмлэх олгож эхлэхэд Хандын Рэнцэндорж гуай, гэргий Моломжамцын Цэсэндолгор гуайн хамт хамгийн анх “Малчны үнэмлэх” гардаж авч байсан гэр бүл юм. Монголчууд бидний соёл, түүх бол малчны соёл, малчны ухаан дээр үүссэн гэдгийг цаг үргэлж санаж явах, хүндэлж бахархаж явах учиртай" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!