Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Германы прокурорууд $60 саяын үнэтэй биткоинуудыг хураан авч чадалгүй мухарджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Германы прокурорууд гэмт этгээдийн хууль бусаар олж авсан $60 саяын үнэтэй биткоинуудыг хураан авч чадахгүй, мухардаад байгаагаа мэдээлжээ.

Асуудлын гол нь гэмт этгээд 1,700 гаруй биткоин хадгалсан дансныхаа нэвтрэх эрхийг цагдаа нарт өгөхгүй байгаа гэнэ. Тэрбээр нууц кодоо мартсан гэсэн шалтаг хэлж байгааг Германы Бавари мужийн Кемптен хотын прокурор Себастян Мюрер өчигдөр хэвлэлд ярьжээ.

Гэмт этгээд нь бусдын компьютеруудын хүчин чадлыг биткоин олборлох үйл ажиллагаанд хулгайгаар ашигласны үр дүнд ийм хэмжээний хөрөнгөтэй болсон юм байна. Тиймээс хуулийн дагуу энэ хөрөнгийг хураах ёстой.

Хэрвээ үнэхээр нууц кодоо мартсан бол $60 саятай тэнцэх хөрөнгө үүрд алдагдах юм. Гэмт этгээд хоёр жил гаруй хугацааг шоронд өнгөрөөсний дараа уг хөрөнгөө олж авах төлөвлөгөөтэй байхыг бас үгүйсгэхгүй.

Түүний дансанд буй биткоинууд нь өнөөдрийн ханшаар олон сая долларын үнэ хүрэх ч шоронгоос гарах үед нь маш бага үнэлгээтэй болж буурах эрсдэлтэй юм.

Ямартай ч прокурорууд гэмт хэрэгтний интернэтэд хандах боломжийг хаагаад байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters