Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хамаргүй болох шахсан Хятадын жүжигчин бүсгүй гоо сайхны мэс заслын аюулыг хүмүүст анхааруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хятадад алдар нэр нь өсөж буй жүжигчин, дуучин Гао Лю яагаад олны нүдэнд ил гаралгүй удсанаа таван сая дагагчтай сошиал хуудсандаа саяхан тайлбарлажээ.

Ингэхдээ тэр гоо сайхны мэс заслын алдааны улмаас ямар хамартай болсноо гэрэл зургаар үзүүлсэн байна.

Гао Лю өнгөрсөн оны аравдугаар сард найзынхаа зөвлөсний дагуу өмнөд Хятадын Гуанжоу хотын нэгэн гоо сайхны эмнэлэгт хамрынхаа хэлбэрийг засуулах мэс засалд орсон ажээ.

Тэрбээр хамрынхаа үзүүрийг бага зэрэг засуулах зорилгоор дөрвөн цаг мэс заслын орон дээр хэвтсэн байна. Гэтэл мэс заслын явцад алдаа гарсны улмаас түүний хамрын үзүүрийн арьсны эд эс үхжиж, харлажээ.

Сэтгэлээр унасан Гао Лю амиа хорлох тухай хүртэл бодсон байна. Тэрбээр хоёр сарын турш эмнэлэгт хэвтэж, 400,000 юаний ($61,800) зардал гаргасан ч хамраа аварч чадаагүй гэнэ.

Эцэст нь тэр хамгийн богинодоо нэг жилийн хугацаанд хамартаа нэмж мэс хүргэлгүй хүлээхээс өөр аргагүй болсон байна. 

Хятадын хэвлэлд мэдээлснээр Гао Люгийн үйлчлүүлсэн эмнэлэг 2020 оны гурваас аравдугаар сарын хооронд таван удаа захиргааны торгууль хүлээж байжээ. Гао өөрт тохиолдсон явдлын талаар нийтэд дэлгэсний дараа уг эмнэлэгтэй холбоотой үйлчлүүлэгчдийн гомдол эрс нэмэгдсэн тул хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байна.

Гоо сайхны мэс засалд орох нь Хятадын залуу үеийнхний дунд түгээмэл үзэгдэл болоод байгаа. Бүр 2004 онд тус улсад мэсний тусламжтай царай зүсээ сайжруулсан эмэгтэйчүүдийн дунд гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байжээ.

Нэг жилийн дотор гоо сайхны мэс засалд орсон 20 сая хүний гуравны хоёр нь 30 хүртэл насны залуус, тавны нэг нь 21 хүртэл насныхан байсныг Өмнөд Хятадын Шуудан сонин 2019 онд мэдээлж байв.

Их сургуульд орохоосоо өмнө гоо сайхны мэс засалд орвол цаашдын ажил амьдралд нь чухал нэмэр болдог гэсэн ойлголт дунд сургуулийн сурагчдын дунд түгээмэл болсныг тус сонинд бичиж байв.

Зах зээлийн эрэлт өндөр байгаагаас сүүлийн жилүүдэд шаардлага хангахгүй, мэргэжлийн бус эмнэлгүүд олноор бий болсон байна. 2019 оны байдлаар Хятадад 60,000 гаруй зөвшөөрөлгүй гоо сайхны эмнэлэг бүртгэгдсэн тухай коммунист намын төв хэвлэл Глобал Таймс сонин мэдээлж, төрийн хяналт зохицуулалтыг чангатгах шаардлагатай болсныг бичиж байжээ.

 

Эх сурвалж: BBC