Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Навальныйг дэмжиж, эсэргүүцлийн жагсаалд оролцсон Европын дипломатчид ОХУ-аас хөөгджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Алексей Навальныйг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаалд оролцсон Герман, Швед, Польшийн гурван дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэрийг Оросын эрх баригчид өчигдөр гаргажээ.

Тэднийг нэгдүгээр сарын 23-ны өдөр болсон хууль бус жагсаалд оролцсон гэж ОХУ-ын гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

Оросын засгийн газрын шийдвэрт харамсаж байгаагаа хөөгдсөн дипломатчдын улс орнуудаас гадна Их Британи, Франц, Европын Холбоо илэрхийлжээ.

Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Москва хотод уулзсанаас хойш хэдхэн цагийн дараа уг шийдвэр гарсан байна.

Нэгдүгээр сарын 23 ба 31-ний өдрүүдэд Орос даяар болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр олон мянган хүн баривчлагдсан юм.

Герман, Польш улсууд өөр өөрийн нутаг дахь ОХУ-ын элчин сайдын яаманд эсэргүүцлийн нот бичиг гардуулж, дипломатчдыг хөөсний төлөө хариу арга хэмжээ авах, Орос дахь дипломатчидаа буцааж татах боломжтойг анхааруулжээ.

Оросын эрх баригчид дипломатчдыг хэзээ ч хөөх боломжтой байсан ч Жозеп Баррелыг Москвад айлчлан ирэхтэй давхцуулсан нь зориуд Европын Холбоонд сануулга өгөх зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: BBC