Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Монгол Улс иргэдийнхээ эх орондоо ирэх жам ёсны эрхийг "дур зоргоор" хязгаарлаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын улмаас Монгол Улс хилийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавиад жил орчмын хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд олон монгол иргэн эх орондоо ирэх боломжгүйгээр гаднын улсуудад гацсан байгааг УОК, Засгийн газрын шийдвэрээр тусгай үүргийн онгоц явуулж, нэн шаардлагатай иргэдийг эх оронд нь авчраад байгаа билээ.

Тэгвэл Нээлттэй нийгэм форумаас "Хөл хорио ба эх орондоо ирэх эрх" сэдвийн хүрээнд гадаадад гацсан Монгол Улсын иргэдийн “эх орондоо буцаж ирэх” үндсэн эрх зөрчигдөж байгаа эсэхийг холбогдох хууль тогтоомжийн үндэслэл, шаардлагын хүрээнд нарийвчилсан судалсан байна.

Тус судалгаагаар цар тахлын үед Монгол Улс иргэдийнхээ эх орондоо буцаж ирэх жам ёсны эрхийг "дур зоргоор" хязгаарлаж буй бөгөөд Засгийн газар гадаадад байгаа иргэдийг эх оронд нь авчрахтай холбоотой бэлэн байдал, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх дүгнэлтэд хүрчээ.

Ялангуяа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө учруулахуйц шийдвэрийг урьдаас төлөвлөхгүйгээр гэнэт гаргаж, өөрчилж байгаа нь иргэдэд чирэгдэл учруулж, эд материалын болоод сэтгэл санааны хүнд байдалд оруулж байгааг онцолсон байна.

Учир нь хүний эх орондоо буцаж ирэх эрх нь онц болон дайны байдал зарласнаас бусад тохиолдолд дур зоргоор хязгаарлаж үл болох, жам ёсны шинжтэй онцгой эрх. Хэрэв цар тахал зэрэг нэн ховор онцгой нөхцөл байдлын үед хязгаарлах тохиолдолд энэ нь тодорхой үндэслэлтэй байх ёстой гэдгийг Хүний эрхийн хорооны тайлбарт тэмдэглэсэн.

Харин манай улсын хувьд COVID-19 хуульд коронавируст халдварын цар тахлын үед хүний зарим эрхийг хязгаарлахад тавигдах шаардлага, үндэслэлийг нэг бүрчлэн тусгасан. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газраас хилийн хориг тогтоосон шийдвэр, арга хэмжээ нь дээрх хуульд заасан шаардлага, үндэслэлүүдийг нэг мөр хангаж чадаагүй байх тул Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12.4 дэх хэсэгт заасан “дур зоргын (arbitrarily)” шинжтэй байгаа юм.

Мөн Монгол Улсаас Гадаад улсад суугаа Элчин сайдын яамд, Консулын газрууд “Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд эд материал, санхүүгийн дэмжлэг, тусламж үзүүлэх” чиг үүргийнхээ хүрээнд гадаадад байгаа санхүүгийн болон бусад хүндрэл шалтгаантай иргэдийн тооцоо судалгааг бодитойгоор гаргаж, шаардлагатай иргэдэд санхүүгийн болон эд материалын тусламж, дэмжлэг үзүүлэх замаар гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэн ажиллаагүйг уг судалгааны тайланд дурдсан байна.

Түүнчлэн судалгаанаас цар тахлын үед гаднын улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан нийт иргэний 60 орчим хувийг санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй иргэд эзэлж байгаа ч тус санг захиран зарцуулах эрхтэй Гадаад харилцааны сайд хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах тусгай санд төвлөрүүлсэн хөрөнгийг тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрсдэлийг бууруулах зорилгоор нэмэгдүүлэх талаар Засгийн газрын хуралдаанд санал оруулж, идэвхтэй ажиллаагүй хэмээн тэмдэглэжээ.

Харин Европын холбоо болон Япон улс цар тахлын үед өөрийн улсын харьяат иргэдийнхээ эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарлаагүй байгаа нь манай улсын нөхцөл байдлаас ялгаатай байгааг ч уг судалгаанаас харьцуулан бичсэн байна.

Уг судалгааны талаар судлаач Л.Амгаланбаатараас тодруулахад “Монгол Улс гадаадад гацсан иргэдээ тусгаарлах байрныхаа нөөц боломжид тулгуурлан боломжийнхоо хэрээр татаж байгаа хэмээн тайлбарлаж буй. Гэхдээ Цар тахлын эсрэг хуулиар гадаадад байгаа иргэдийг эх оронд нь авчрах, хүлээн авахтай холбоотой дотоодын чадвар, нөөцийг бүрдүүлэх үүрэг нь Засгийн газарт бий.

Энэ үүргээ төдийлөн идэвхтэй байдлаар хэрэгжүүлэхгүй байгаагаас үүдэн нөөц бололцоо буюу тусгаарлах байрны нөөц бололцоотой уялдуулж, иргэдээ олноор нь авчирч чадахгүй байна.

Тиймээс Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй явдлаараа хүний эрхийг хязгаарлаж байгааг зөвтгөж боломгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

"Хөл хорио ба эх орондоо ирэх эрх" сэдэвт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Амгаланбаатар, АKP хуулийн фирмд хуульчийн туслах Х.Норовсүрэн нарын судалгааны тайланг ЭНДЭЭС бүрэн эхээр нь үзэх боломжтой.