Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Хуралд Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийлээ. Хуралдааныг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат даргалсан юм.
БОЛОВСРУУЛСАН ТҮЛШ ТЭЭВЭРЛЭЛТИЙН АСУУДАЛ ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо боловсруулсан түлш тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байгааг албаныханд дуулгалаа. Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хамтарсан тушаал, захирамжийн дагуу Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23-р хорооны 12461 өрхийг хосолмол бүсд хамруулж, боловсруулсан түлш хэрэглэхээр болсон.
Эдгээр өрхийг боловсруулсан түлшээр хангахад 24922 тонн кокос, 12461 тонн үртсэн шахмал түлш шаардлагатай байгаагаас өнөөдрийн байдлаар 2013-2014 оны халаалтын улиралд хэрэглэх нөөц Хялганат НӨҮГ-т 552,3 тонн үртэс, Хайрхан буянт ХХК-д 126 тонн үртэс нийт 678,3 тонн үртсэн шахмал түлш байна.
Гэвч эдгээр шахмал түлшийг 2013 оны 09 сарын 05-наас тээвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч тээвэрлэлт хийх компанийн сонгон шалгаруулалт өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаагаас тус дүүргийн хосолмол бүсд хамаарагдаж буй иргэд зориулалтын түлш хэрэглэж чадахгүй байна. Тиймээс энэ асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Нийслэлийн Худалдаа авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт “2013 оны 09 сарын 04-ний өдөр тендер зарласны дагуу Био Монголиа Рич ХХК шалгарсан, гэвч шалгарсан компани захиалагчтай үнийн дүн дээр тохирч чадаагүй тул тендер буцсан юм. Ингээд 11 сарын 07-ны өдөр дахин тендер зарласан боловч өмнөх тендерт ялсан компани гомдол гаргасан тул энэ асуудлыг Сангийн яам шалгаж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Одоо нөөцөд байгаа шахмал түлшээ хугацаа алдалгүй иргэддээ яаралтай түгээх хэрэгтэй байна. Ядаж л хосолмол бүсийнхэн шахмал түлшээ хэрэглэвэл тухайн хэсэг дэх агаарын бохирдлын хэмжээг бууруулахад нөлөө үзүүлнэ. Өвлийн улирал бараг дундаа орж байхад харилцан тохироод явах боломжтой асуудал дээр гацаад байж болохгүй” гээд холбогдох албаныханд энэ долоо хоногт багтаан Сангийн яамтай тохиролцон шийдвэрлэхийг үүрэг болголоо.
ТӨСӨВГҮЙГЭЭС 11 ГЭР ЦЭЦЭЛЭГТ 300 ШАХАМ ХҮҮХЭД АВАХ БОЛОМЖГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд тус дүүрэгт ажиллаж буй 11 гэр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах урсгал зардлыг төсөвт суулгаагүйгээс болж өнөөдөр 300 шахам хүүхдүүдийг хүлээж авахад хүндрэл гарч байгааг шийдэх хэрэгтэй байна гэлээ. Уг асуудлыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар оруулж, хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.
Энэ үеэр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнийг удирдсан нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат зарим асуудлаар холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!