Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Чойжамц: Хэлмэгдсэн шашин нь шарын шашин. Би нөхөн олговрыг дээд зэргээр дэмжиж байгаа

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхийг хойшлуулсан билээ. 

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц өнөөдөр байр сууриа илэрхийллээ.

- Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох хуулийн төсөлтэй танилцсан уу?

- Нөхөн олговор олгох тухай хуулийг харсан. Хуулийн заалтууд сайхан таарсан эд байна лээ.

- Хуулийн төслийг боловсруулахад нь оролцсон уу?

- Жаахан оролцсон.

- Нөхөн олговор олгохыг дэмжиж байгаа шалтгаан тань юу вэ?  

- Бид нар 1990 оноос хойш л засаг төр рүү харж, ширтэж байгаа. Өнгөрсөнд болсон асар том хэлмэгдэлтийг шинэ нийгэмд  уучлалт гуйж, нөхөн олговор олгохгүйгээр даван туулахад бэрх юм.

Шинэ нийгэм цэгцрэх, дахиж тийм хэлмэгдүүлэлт явагдахгүй байхад нөхөн олговор хэрэгтэй. Гадаадын сүм хийдийг харчих. Би нөхөн олговрыг дээд зэргээр дэмжиж байгаа хүний нэг байна. Нөхөн олговор нь түүхэнд гаргасан алдаагаа засаж уучлалт гуйж байгаа хэлбэр.

Социалист нийгэмтэй байсан хуучны орнууд энэ аргыг хэрэглэсэн байдаг. Тэр нь ч их хэрэг болсон. Хэлмэгдээд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болчихсон сүм дуганаа шинэчлэх, боловсон хүчингүй болчихсон үед нийгмийн сайхны төлөө ажиллах зэрэг их хэрэгтэй байсан.

Ухаалаг орнууд нөхөн олговор олгоод ирэхээр сүм дугана нь орчин үеийн цэвэр цэмцгэр болоод лам нь ажиллах боломж нээгдсэн. Түүхэнд хэдхэн орон шашнаа түүхээсээ хасах гэж байсан. Харин Америк, Англи тэргүүтэй ямар ч орон түүхээсээ ард түмнийхээ олон зууны турш шүтэж ирсэн шашныг хасах гэж оролдоогүй.

Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчмын хоёр “а” бол хамаатуулах маягтай. Тэгэхээр дэлхийн бүх шашныг монгол хүндэтгэх тухай асуудал үндсэн хуульд орж яагаад ч болохгүй. Монголын Үндсэн хуульд монголынхоо шашныг хүндэтгэх тухай асуудал. 

- Олгох гэж байгаа бол бүх шашинд л олгох хэрэгтэй юм биш үү? 

- Хэлмэгдсэн шашин нь шарын шашин юм. Бусад шашин нь Монголын нутаг дэвсгэрт хэлмэгдээгүй.

Коронавирусийн халдварын үед хүртэл бид засаг төрийн шийдвэрийг биелүүлээд гурван үүдээ хаасан. Гэтэл маргаашаас нь эхлээд хүмүүс үүдэнд цуглаад ирсэн. Ах, дүү нь нас барсан. Хаана, яаж оршуулах уу, гэр орныхон нь маргаад байна гэсэн хүмүүс их байсан юм.

Мөн бидний дотор баян тарган айлын хүүхэд ирдэггүй. Энгийн айлын хүүхдүүд ирдэг. Шашинд баян тарган юм байхгүй.