Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн тухай хууль ба залуусын байр суурь

ikon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 2020 онд Шүүхийн тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсантай холбогдуулан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа энэ цаг үед хуульч биш хэдий ч Шүүхийн тухай хуулийн талаар цахим орчинд идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж буй залуустай ярилцаж байр суурийг нь сонссоноо хүргэж байна.

 

Өөрсдийгөө товчхон танилцуулна уу. Үнэт зүйл, хүсэл мөрөөдлийнхөө талаар...

Б.Батчимэг: Оролцоотой, идэвхитэй иргэн байхыг эрмэлздэг залуусын төлөөлөл. Шударга байдлыг эрхэмлэдэг. Хэн ч хаана ч очсон, ямар ч ажил хийж, ямар ч гэр бүлд төрсөн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээгээ чанартай авч, хөгжиж, хэнээс ч үл айн өөрийн үзэл бодлыг илэрхийлж, эвлэлдэн нэгдэж оролцож, эрхээ хамгаалуулж, ялгаварлан гадуурхдаггүй нийгэмтэй, эрүүл ногоон орчинтой Монголыг мөрөөддөг.

Г.Чинзориг: Нийгмийн ажилтан мэргэжилтэй. Хүний эрхийн активист. Бусдын ялгаатай байдлыг хүндэтгэдэг. Хүний эрхэд ээлтэй, хүн бүрийн эрхэм чанар, шударга ёсыг дээдэлдэг улс болоосой гэж мөрөөддөг.

З.Энхбаяр: Сэтгүүлч мэргэжилтэй. Монгол улсын залуу үеийн төлөөлөл. Нэг хүүгийн ээж. Зөвхөн би биш миний үр хүүхэд, гэр бүл, найз нөхөд бүгд энэ нийгмийг тодорхойлж байгаа. Тиймээс би нийгэмдээ тодорхой хувь нэмэртэй байж, тэднийгээ шударга бүхэнд чиглүүлэгч нь байх ёстой гэж боддог. Эрүүл агаар, хүнс, эрүүл мэндийн салбарын дархлаа, түгжрэл гэх мэт нийгмийн стресс айдас түгшүүртэй холбоотой асуудлууд үгүй болоосой. Мөн сайн засаглалтай, хүчирхийлэлгүй, авилгагүй, шударга ёс зүйтэй, хараат бус шүүх засаглалтай болоосой гэж хүсдэг дээ.  

А.Балдангомбо: Эрх зүйч мэргэжилтэй. Хүний эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг хичээдэг хүний эрхийн активист.  Ардчилсан Үндсэн хуультай иргэний хувьд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах нь миний үнэт зүйл юм. Эдийн засгийн эрх, эрх чөлөөг дээдлэсэн, хүн төвтэй хөгжлийн бодлогоор хөгжөөсэй гэж боддог.

Г.Амарбаясгалан: Хүний эрхийн активист. Ардчилал, хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж явна. Зөв зүйлд уриалан дуудагч байхыг хүсдэг. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, тэгш боломж  олгосон, хүүхэд залуусыг тэгш хүртээмжтэй чанартай боловсролоор хангадаг, иргэдийн оролцоог хангадаг, шударга шүүхээр шүүлгэдэг, байгаль эх дэлхийд ээлтэй эдийн засгийг хөгжүүлсэн хүчирхэг улс орон болж өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна.  

Д.Батсайхан: Эдийн засагч мэргэжилтэй. Архангай аймгийн залуусыг төлөөлж буй. Хувь хүний эрх эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэдэг. Иргэдийн оролцоотой жинхэнэ ардчиллыг  хөгжүүлж, Үндсэн хуульд заасан ёсоор засгийн бүх эрх жинхэнэ утгаар ард түмний мэдэлд очоосой гэж хүсдэг.

Э.Лхагвасүрэн: Хувийн кампанид ажилладаг. Хүний эрхийн хамгаалагч залуу эмэгтэй. Миний хувьд үнэнч, шударга байдал чухал бөгөөд бусдад ямар нэгэн байдлаар төвөг болохгүй байхыг чухалчилдаг. Бүх хүнд ээлтэй нийгмийг бий болгоход бага ч гэсэн хувь нэмэр оруулах хүсэл минь нийгмийн сайн сайхны төлөө гэдэг үнэт зүйлийг бий болгожээ. Хэнийг ч ардаа үлдээгээгүй, хэн ч хаана ч хэний хүүхэд болж төрснөөрөө хүйсээрээ, ялгаатай байдлаараа ялгарварлагдахгүй, бүх хүний гарааны боломж нь ижил тэгш тийм л сайхан бүх хүнд ээлтэй нийгэм болоосой гэж хүсдэг. 

 

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ямар байр суурьтай байна вэ?

Б.Батчимэг: Маш чухал өөрчлөлт гэж харж байгаа. Хувь хүний хувьд уншиж судласан зүйл дээр ч хууль бус зүйлийг таслан зогсоох үйл явцыг хамгийн хурдан бөгөөд шударгаар шийдвэрлэхэд шүүх өөрөө ил тод, хараат бус байх нь чухал нөлөөтэй учраас реформ хийхийг хоёр гараа өргөөд дэмжиж байгаа.

Г.Чинзориг: Хүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх боломжийг баталгаажуулах нь  ил тод жинхэнэ ардчилалыг бүтээхэд нэн чухал юм. Иргэд мэдээлэлтэй байж төрийн бодлого шийдвэрт оролцож, хянаж шаардддаг хүчирхэг иргэд бий болоосой. Шүүх засаглал шударга хээл хахуулгүй байх нь тогтвортой ээлтэй нийгэм оршиход гол үндэс болох учир шүүхийн тухай хуулийг үндсэн хуульд нийцүүлэн өөрчилж, сайжруулах нь чухал гэж бодож байна.

З.Энхбаяр: Шударга бусын хонгилыг нурааж, ирээдүйд үр хүүхэддээ шударга шүүхтэй нийгмийг хүлээлгэн өгөхийн тулд чадлынхаа хэрээр дуу хоолойгоо хүргэж, хувь нэмэр оруулахын тулд судлах ойлгох шаардлагатай юм байна гэдгийг илүү их ойлгож байна. Тиймээс энэ удаагийн шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яг одоогийн боловсруулсан төслөөрөө батлагдаасай гэж хүсэж байна.

А.Балдангомбо: Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг идэвхтэй ажигласан. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Учир нь Шүүх хараат бус байх, шүүгчийн томилгоо ил тод, нээлттэй байх гээд маш чухал асуудлуудыг хөндөж оруулсан байна лээ.

Г.Амарбаясгалан: Одоогийн хэлэлцэж буй Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байгаа. Миний бодлоор шүүх засаглалыг илүү тогтвортой, хараат бус, бие даасан, хариуцлагатай ажиллах, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулахад түлхэц болно гэж бодож байна.

Д.Батсайхан: Шүүхийг хараат бус, шударга ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Э.Лхагвасүрэн: Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс дутахааргүй үнэ цэнэтэй, заавал анхаарах шаардлагатай санагдаж байгаа. Ахиц гаргасан заалтуудаа авч үлдэх, сайжруулах заалтуудыг сайжруулаад батлах хэрэгтэй. Ингэхдээ хуульчид, судлаачид, иргэд, залуучуудаа сонсоосой гэж хүсэж байна.

 

УИХ-ын гишүүдэд хандаж хэлэх таны үг

Б.Батчимэг: Өнөөдөр зөвхөн өөртөө ашиг олох шийдвэрийн төлөө өөрийн үнэт зүйл, монголын хүүхэд залуус, нийтийн эрх ашгийг битгий золиослоосой гэж хүсэж байна. Нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг шударга хүн гэж итгэсэн иргэдийнхээ итгэлийг битгий алдаарай. Итгэж байгаа шүү л гэж хэлмээр байна. 

Г.Чинзориг: Та бол ард түмний төлөөлөл. Тиймээс үргэлж ард түмнийхээ дуу хоолойг сонсож, бидэнд ээлтэй зөв шийдвэр гаргаарай. Иргэд та бүхнийг харж, ажиглаж байгаа тул залуус, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, үндэслэлтэй, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргана гэж итгэж байна.

З.Энхбаяр: Иргэдийн хүсэл, сонирхол, сонголтыг гүйцэлдүүлэхийн төлөө бидний дуу хоолой болсон төлөөлөгч гэдгээ ямар ч үед санах ухамсарлах ёстой шүү. Сайн засаглалыг бий болгохын төлөө хүчин зүтгэх үнэт зүйлтэй л ажиллаж байгаа бол иргэдийн аж амьдралтай холбоотой хуулийг хэн нэгний нөлөөлөл, бүлэглэл зэргээсээ үл хамаарсан байр суурийг илэрхийлж ажиллаарай. Яг одоо бол иргэд бид аль гишүүн ямар байр суурь илэрхийлж байна, хэн нь энэ хуулийг өөрчлөхийг хүсэхгүй байна, хэн нь өөрчлөх оролдлого гаргаж харагдаад байна вэ гэдгийг анхааралтай ажиглаж байна. Тиймээс иргэдийн итгэлийг алдахгүй, жинхэнэ улс төрч байх хэрэгтэйг л сануулъя.

А.Балдангомбо: Шүүх эрх мэдлийг хараат бус, хөндлөнгийн нөлөөгүй ажиллах хууль зүйн орчныг бүрдүүлнэ гэдэгт итгэж байна. Учир нь шударга шүүхээр шүүлгэх эрхийг иргэн баталгаатай эдлэх эрхтэй байдаг гэдгийг мартаж болохгүй.

Г.Амарбаясгалан: Тогтвортой, хараат бус, бие даасан, хариуцлага шүүх засаглалыг бий болгоход таны хувь нэмэр маш их чухал шүү. Тийм болохоор хуулийн төслийг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.

Д.Батсайхан: Ард түмнээс сонгогдсон хууль тогтоох байгууллагын гишүүний  хувьд иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллахыг хүсэж байна.

Э.Лхагвасүрэн: Иргэдийн итгэл найдварыг тээгээд сонгогдсон юм чинь тэдний төлөө юу хийхээ мэддэг байх гэж найдаж байна. Төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлж, иргэдийнхээ дуу хоолойг сонсож яг бидний төлөө ажиллана гэж итгэдэг шүү. Хууль хэлэлцэх, батлах үйл хэрэгт ул суурьтай хандаж, хэн нэгний эрх ашгийн төлөө бус бүх нийтийн тэгш байдлыг хангахад гар бие оролцоно гэж найдаж байна. Ялангуяа хуульч, эрх зүйч гишүүд маань энэ чухал цагт үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллаасай гэж хүсэж байна. Залуу сонгогчоос нь...

Залуустаа хандаж хэлэх үг

Б.Батчимэг: Оролцдог, уншдаг, нэгддэг иргэн байгаарай. Байгаарай ч биш байх ёстой шүү гэж хэлье.

З.Энхбаяр: Өөрийн гэсэн үзэл бодолтой, чамтай ижил үнэт зүйлстэй залуусаар өөрийгөө хүрээлүүлж амьдрах хэрэгтэй. Аливаа шинэ зүйлс, мэдлэг мэдээлэлд хурдан хувьсан өөрчлөгдөх шинж чанар чухал ч гэсэн өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл бодол, хувь хүнийхээ хүмүүжилд бат зогсдог иргэн байгаарай гэж хүсмээр байна.

А.Балдангомбо: Залууст хандаж хэлэхэд нийгмийн өөрчлөлт бүрийн эхэнд залуучууд сонор, соргог байж, идэвхтэй оролцдог байгаасай. Үндсэн хуулиа уншдаг байгаасай, өөрт чинь хамаарал бүхий шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүдийн шийдвэр Үндсэн хууль, бусад хуульд нийцсэн эсэхийг эргэцүүлэн бодож, нягтладаг байгаасай гэж хүсмээр байна.

Г.Амарбаясгалан: Ямар нэгэн асуудалд өөрийн байр суурь, өөрийгөө илэрхийлж оролцох нь бид ирээдүйдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт билээ. Иймд залуучуудыгаа аливаа асуудалд оролцож дуу хоолойгоо хүргэж байхыг уриалж байна. Шүүхийн тухай хуульд анхаарал хандуулж өөрсдийн дуу хоолойгоо хүргэнэ гэдэгт итгэж байна.

Д.Батсайхан: Улс эх орны төлөө цохилох зүрхтэй, бүтээлч, хэрсүү, хариуцлага ёс зүйтэй хүмүүс олноор бий болоход улс үндэстэн сэргэн манддаг. Монгол бол залуучуудын орон. Энэ нийгмийг өөрчлөх хүч залуучуудын гарт байна. Өөрөө өөрийнхөө төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө таны ниймийн оролцоо өнөөдөр хамгийн чухал хэрэгтэй байна гэж хэлмээр байна.

Э.Лхагвасүрэн: Бид нар тоохгүй байлаа ч бидний амьдралд нөлөөлөх зүйл бол жинхнээсээ хууль мөн шүү. Нийгэм сайн сайхан байх вэ хэнд ээлтэй, хэнд халтай байх вэ гэдгийг шийдэж байгаа зүйл нь хууль учраас энэ процесст хэрэгцээтэй үнэн зөв мэдээллийг шэйрлэж байгаа чинь хүртэл сайн сайхан нийгэмтэй болоход нөлөөлж байгаа чухал үйл хэрэг мөнөөс мөн. Бүүр хувь нэмэр оруулах боломжгүй, оруулмааргүй байгаад байвал ядаж уншаад, бясалгаад, судлаад сууж байгаарай. Удахгүй хамтдаа хувь нэмрээ оруулцгаая :-)