Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Астероидын дээжийг нээж үзсэн Японы эрдэмтэн баярласандаа “хэлэх үггүй” болсноо ярьжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дэлхийгээс 300 сая километрийн алсад оршдог Рюгү астероидын хөрснөөс авсан дээжээ Япон улсын Хаяабуса 2 хөлөг өнгөрсөн долоо хоногт Австралийн цөлд буулгасан билээ.

Дээжийг агуулсан капсулыг Австралиас Японд хүргэсэн юм. Даваа гарагт Японы эрдэмтэд капсулын гадна хэсгээс элс шиг нунтаг хар шороо илрүүлснээ мэдээлж байв.

Харин өчигдөр буюу Мягмар гарагт тэд капсулыг нээж, Рюгү астероидын хөрснөөс өнгөрсөн онд авсан дээжтэй анх удаа танилцжээ.

“Тагийг авсныхаа дараа би баярласандаа хэлэх үггүй болсон. Бидний төсөөлж байснаас хамаагүй их хэмжээтэй дээж авч чадсан байна. Нунтаг шорооноос гадна нэлээд хэдэн миллиметрийн хэмжээтэй олон тооны чулуулгийн дээж байв” гэж сансар судлалын JAXA байгууллагын эрдэмтэн Хиротака Савада онлайн хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна.

Астероидоос авчирсан дээжийг судалснаар нарны аймаг хэрхэн бүрэлдэж бий болсон, манай дэлхийд амьдрал яаж үүссэн талаар шинэ баримт мэдээлэл олж авна гэдэгт эрдэмтэд найдаж байгаа юм.

Хаяабуса 2 хөлөг астероидын гадаргад хоёр удаа ойртохдоо 100 грамм орчим дээж цуглуулж чадсан гэж өмнө нь тааварлаж байв. Бодит байдал дээр хэр их хэмжээтэй дээж авч чадсан талаар тодорхой мэдээллийг JAXA өгөөгүй байна.

Японы эрдэмтэд Рюгү астероидын дээжийг АНУ-ын NASA болон бусад олон улсын судалгааны байгууллагуудтай хуваалцах юм. Хаяабуса 2 хөлөг астероидын дээжийг дэлхийд буулгасныхаа дараа сансрын өөр хоёр биетийг судлахаар аялалаа үргэлжлүүлжээ.

 

Эх сурвалж: AFP