Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Кёкүшюзан Батбаяр залилангийн хэрэгт яллагдагчаар татагдсан ч өөр гэмт хэргийн хохирогч болжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Ц.Алтанцагт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. 

Иргэн Ц.Алтанцаг нь иргэн Д.Кёкүшюзан Батбаяртай уулзах үедээ нууцаар бичлэг хийн, түүнийгээ эвлүүлж, Д.Кёкүшюзан Батбаяраас эд хөрөнгө өгөхийг шаардан, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болох баримт, мэдээллийг тараана гэж сүрдүүлэн, заналхийлж 35 сая төгрөгийг авсан, бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр шалгагдаж, шүүхээс түүнийг гэмт гэм буруутайд тооцон дөрвөн жил хорих ял оноосон юм. Харин уг хэрэгт Д.Кёкүшюзан Батбаяр хохирогчоор оролцсон юм.

Харин Д.Кёкүшюзан Батбаяр нь хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. 

Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Одоогоор Д.Кёкүшюзан Батбаярт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас дээр дурдсан гэмт хэргүүдийн талаар иргэдийн дунд үүссэн ташаа ойлголтыг залрууллаа. 

Тус албанаас “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх хоёр хэргийг нэг хэрэг мэтээр мэдээлэл гарч байгаа нь үндэслэлгүй бөгөөд Ц.Алтанцагт холбогдох хэрэг, Д.Кёкүшюзан Батбаярт холбогдох хэргүүд нь хоорондоо хамааралгүй, тусдаа гэмт хэргүүд юм” хэмээн тайлбарлалаа.