Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсгүй, хүйтэн гэрт хөнжлөө нөмрөөд хэвтэж байгаа хүүхдүүдийг ирээд харцгаа, ДАРГА НАР АА

Өдрийн сонин
2020 оны 12 сарын 4
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"DNN-Тодруулга" буланд Улаанбаатар хотын захын гэр хорооллын иргэд үзэл бодлоо илэрхийллээ.

Чингэлтэй дүүргийн 10-р хорооны иргэн М: Хөл хорионоос хойш модны үнэ нэмэгдээд, 3,500 төгрөгийн үнэтэй байсан жижиг ууттай мод 5,000 төгрөг болчихоод байна. Саяхан сайжруулсан түлшний үнийг буулгаснаар амьдралд ихээхэн нэмэртэй боллоо. Миний хувьд саяхнаас цэвэрлэгээний ажил хийж байгаа. Эгчийн маань ажилладаг өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа мөн зогссон. Хэрвээ би ажилгүй байсан бол манай амьжиргаа доголдох байсан байх. Энэ хавьд хэцүү амьдралтай, эмзэг бүлгийн өрхүүд олон бий. Өдөрт олсон орлогоороо амьжиргаагаа залгуулдаг байсан айлуудад маш хүндээр тусч байх шиг байна. Зурагтын энэ бүсэд түлээ, нүүрс борлуулах цэг нь автобусны буудал дээрээ ганцхан байдаг. Буудлаас зайдуу амьдардаг машингүй хүмүүс такси унаа явахгүй учир усны тэргээрээ нүүрсээ зөөж байгаа нь хүндрэлтэй байна.

СХД-ийн 6-р хорооны иргэн Г: Хараад байхад иргэдийн амьдрал эрс муудсан. Цалинтай ажил хийж байгаа ч гэсэн хүнд болчихоод байна. Жижиг бизнес ялангуяа хүнсний худалдаа эрхэлдэг иргэдийн хувьд таг зогсчихгүй, хүнсээ зараад таван төгрөгөө олоод байна. Харин өөрсдөө гараараа юм хийж зардаг хүмүүст их хэцүү байх шиг байна. Хөндлөнгөөс харахад амьжиргаа нь эрс муудсан байна. Манай дүүгийнх хашаандаа жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Хэдийгээр дэлгүүрээ ажиллуулж байгаа боловч иргэдийн худалдан авах чадвар өмнөхөөсөө муудаж, голдуу ширхэглэж авдаг. Харин сайжруулсан түлшний гэрээт борлуулагч гэдэг утгаараа нүүрс харьцангуй тогтмол зарагдаж байна. Нэг өрх 7 хоногт зургаан шуудай нүүрс авах нормтой байтал зургаан шуудайгаа авч чадахгүй нэг, хоёроор нь л авч байна. Түлшний үнэ буурах сургаар хүмүүс өчигдөр авахгүй байж байгаад өнөөдрөөс олноор нь авч байна лээ. Хөдөлгөөн багасаад, хүмүүс нэг нэгнээсээ их жийрхдэг болсон байна. Маскгүй явж байгаа хүнийг халдварт өвчинтэй гэсэн нүдээр хардаг болсон байна. Гэхдээ энэ хавийн автобусны буудал орчимд хүний хөл тасрахгүй, зах нь илүү ойрхон болохоор хүмүүс захаас бөөний үнээр хүнсээ авахыг илүүд үзэж автобусаар олноороо зорчиж байна.

Баянзүрх дүүргийн 23-р хорооны иргэн Д: Манай хорооны орчмоор хүний хөл хөдөлгөөн эрс багассан. Дэлгүүр орохдоо ч учиргүй бөөгнөрөл үүсгэхгүй халдвар хамгаалалтын дэглэмээ иргэд сайн мөрдөж байгаа харагддаг. Түлээ, түлшний хувьд хомсдол үүсээгүй, иргэдийн амьдрал таг зогсчихоогүй одоохондоо галтай л байгаа болов уу бодож байна. Хол газар нүүрсээ зөөж чадахгүй, ганц бие өндөр настан, унаагүй хүмүүсийн хувьд л их хүндрэлтэй.

Чингэлтэй дүүргийн иргэн С: Хөл хорионы үед ажил нь зогссон иргэд хүнсгүй болж эхэлж байгаа нь үнэн. Манайх хүнсний талонд хамрагдах хүсэлтээ ч хороонд өгсөөр байгаа. Гэхдээ хүнсний талонд орохын тулд халамжийн мэргэжилтнүүдийг гэртээ авчран нүд халтирам ядуу гэдгээ нотлуулах ёстой. Гэтэл нөгөө халамжийн мэргэжилтнүүд нь хөл хорионы үед айл, өрхүүдээр явж болохгүй нэг ч өрхөд шинээр судалгаа хийж хүнсний талон өгөөгүй. Хуучин орсон өрхүүд авч байгаа байх. Иргэдийн амьдрал яаж доройтож байгааг хэн ч мэдэхгүй, судлахгүй бидэн рүү чиглэсэн бодлого, ажил хийхгүй байна. Ер нь бол үхвэл үхээ л гэж байгаа мэт. Харин зурагтаар Ерөнхий сайд, Шадар сайд нар нь ярихдаа энэ хэцүү цагт айл өрхүүдийг хүнсний талоноор хангах ажил хийгдэж байгаа л гээд байсан. Бодит байдал дээр хороо хорин чинь хүнс, түлш хүссэн хүмүүсийн хүсэлтээр дүүрч байна.

Дарь-Эхийн оршин суугч Д: Манайх 4 хүү нэг охинтой нийт 5 хүүхэдтэй ам бүл 7-уулаа өнөр гэр бүл гэж хэлж болно. Хоёр идэхгүй, хоосон хоночихгүй л өдөр хоногийг өнгөрөөж байна. Өдөр нь боорцог хайраад, олуулаа болохоор тэр дороо л дуусчихна. Мах дуусаад хоёр хонож байгаа. Уг нь орой ямар хоол хийх үү энэ тэр гээд гүйлддэг хүүхдүүд чинь одоо асуухаа ч больсон. Эцэг хүний хувьд ийм байдалтай байгаадаа өөртөө л гомдох юм. Хөл хориогүй сайхан байх үед “Нарантуул” зах дээр ачигч хийдэг. Хоол хүнснийхээ зүйлийг өдөр, өдөрт нь залгуулаад болоод байдаг байсан. Ажил төрөл хийх боломжгүй ийм үед л уг нь төр засаг нь харж үзэх хэрэгтэй байгаа юм. Ямар залхуураад ажил хийхгүй гэртээ сууж байгаа биш. Шаардлагатай бол тэр Нийслэлийн том дарга нартаа хүсэлт хүргүүлж халдвар хамгааллын хувцсаа өмсөөд захын гэр хорооллын айлуудаар явж үз. Хүнсгүй, хүйтэн гэрт хэзээ юм идэхээ мэдэхгүй хөнжлөө нөмрөөд хэвтэж байгаа хүүхдүүдийг очоод хар гэж дамжуулаад өгөөрэй.

БЗД-ийн иргэн Х: Би хэд хоногийн өмнө хороондоо хүсэлт гаргасан. Гэтэл өнөө өглөө БЗД-ийн Халамжийн хэлтсээс хэн нь ч юм бүү мэд залгаад уцаарлаж байна. Нийслэлийн Халамжийн газрын дарга нарт дугаарыг чинь өгнө. Танайх гэртээ хөргөгчтэй, зурагттай, ус буцалгагчтай дундаж гэгддэг түвшний өрх байж халамж нэхээд ичээч гэж байна. Хөл хорио тогтоосноос хойш өдрөөс өдөрт идэх хоолгүй болж байна. Бид ч гэсэн хүн, ажилгүй орлогогүй байхад хэн ч өлсөж цангана шүү дээ. Үүнд тэр хөрөгч, зурагт ямар хамаатай гэж. Хүйтэн гэрт идэх хоолгүй маргаашаа яана гэсэн өчнөөн айл өрхүүд байгаа. Тэр дарга нь одоо над руу залгаад яах ч юм. Иргэдтэйгээ хэрэлдэж байхын оронд ажил төрлөө сайн мэдэж хиймээр байна аа.

Хан-Уул дүүргийн IX дүгээр хорооны иргэн Б: Манайх буудал, худагнаасаа нэлээд зайтай байдаг. Өдөрт 3-4 удаа гал түлдэг болохоор нүүрс их ордог. Тэгэхгүй бол гэр сайн дулаацаж өгдөггүй юм. Уг нь үнийн хөнгөлөлтөд хүмүүсийг хамруулаад л байдаг ч манайх тэнд багтдаггүй. Гурван нялх хүүхдээ тэжээхийн тулд амьдраад байна. Уг нь төр засаг нь хараад үзчихвэл гэж бодох юм. Өмнө жил тусламжийн бараа гээд гурил гээд нэлээд хэдэн зүйл өгсөн ч удахгүй дуусчихсан. Манай дунд хүү маань наймдугаар ангид сурдаг, их сэргэлэн болохоор хичээлийнхээ хажуугаар ажиллаад орлого олоод надад дэм болчихоод байсан юм. Одоо бол ажил олдохгүй байх.

Сонгино хайрхан дүүргийн VI дугаар хорооны иргэн Г: Би 4 хүүхдийн хамт амьдардаг. Хоёр хүүхдийнхээ сургуулийг завсардуулчихсан. Одоо айлын хашаанд өвөлжиж байна. Өөрийн эзэмшлийн газаргүй. Уг нь хоёр хүү маань давгүй ажилд орчихвол тусдаа өөрийн гэсэн хашаатай болох юмсан гэж бодох юм. Манай хоёр хүү 1995, 1999 оных. Ажил хийдэггүй, сурдаггүй болохоор хогийн цэг дээрээс хаягдал түүхий эд түүж гэр бүлийнхээ амьжиргааг залгуулдаг. Манайх яахав устайгаа ойр байдаг ч тог цахилгаанд холбогдож чадаагүй. Төр засгаа хараад бүтэхгүй шив дээ.

Хан-Уул дүүргийн VII дугаар хорооны иргэн Б: Одоо би 9 сартай жирэмсэн, гэртээ олуулаа амьдардаг. Эмнэлэгт үзүүлж хяналтад орох гэхээр ЭХО-ны зардал гэж 30,000 төгрөг байхгүй. Манай гэрийн дулаалга их муу. Намар хэдэн дээврээ нөхсөн ухаантай даанч одоо жиндээд байгаа. Хаяа манаастай ч сийгээд л байна. Нэг жижигхэн гэртээ 9-үүлээ амьдардаг. Гал түлэхээр халууцаад, түлэхгүй болохоор хөлдөх гээд байна шүү дээ.Тусламж гэвэл ойр хавийнхан маань чадах чинээгээрээ л түлээ мод, нүүрс өгч аргацаадаг. Хүнсний талонд хамрагддаг ч олуулаа болохоор хаанаа ч хүрэхгүй юм.

Ч.Биндэръяа, Д.Баттогтох, Д.Отгонтуяа 

Зураг