Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын шүүх садар самууны онлайн сүлжээний эзэнд 40 жилийн хорих ял оноолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сөүл хотын төв тойргийн шүүх өнөөдөр Өмнөд Солонгосын түүхэнд илэрсэн хамгийн том онлайн садар самуун сүлжээний үүсгэн байгуулагчид 40 жил шоронд хорих ял оноожээ.

Гэмт хэрэгтэн болох 25 настай Чо Жү Бин нь охид бүсгүйчүүдийг айлган сүрдүүлэх замаар садар самуун дүрс бичлэг хийлгэж аваад нууц чат сүлжээнд зардаг байсан юм.

Түүний үүсгэсэн чат сүлжээ 10,000 орчим гишүүнтэй байсан ба тэдний зарим нь $1,200 хүртэл мөнгө төлж, дүрс бичлэгүүдийг үзэх эрх авдаг байжээ.

Нийтдээ 74 эмэгтэй энэхүү гэмт хэргийн хохирогч болсны 16 нь насанд хүрээгүй охид байсан юм.

Чо Жү Бинийг насанд хүрээгүй хүмүүсийг бэлгийн мөлжлөгт ашигласан, садар самуун агуулгатай дүрс бичлэгийг үйлдвэрлэж, түгээдэг гэмт хэргийн сүлжээг ашиг олох зорилгоор ажиллуулсан гэж шүүх буруутгажээ.

Өмнөд Солонгосын хуулиар гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоогоогүй байхад сэжигтний нэр, нүүрийг нууцалдаг. Гэвч таван сая хүний гарын үсэгтэй шаардлага цагдаагийн газарт ирсний дараа энэ оны гуравдугаар сард Чо Жү Биний нэрийг зарлаж, олны өмнө ил гаргасан юм.

Тэрбээр энэ үеэр “Хохироосон хүн бүрээсээ би уучлал гуйж байна. Өөрөө гарч чадахгүй болоод байсан чөтгөрийн амьдралыг минь зогсоож өгсөнд баярлалаа” гэж сэтгүүлчдийн өмнө мэдэгдэж байжээ.

Цагдаагийн байгууллага өнгөрсөн оны сүүлчээс хойш Телеграм сүлжээн дэх Чогийн нууц үйлчилгээний 18 оператор, 124 гишүүнийг илрүүлж баривчилсан байна.

Энэ хэрэгт холбоотой өөр таван хүн шүүхээс 7-15 жилийн хорих ял сонсжээ.

Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдын зарим нь Чо Жү Бинд өгсөн ялыг хөнгөдсөн гэж шүүмжилж байгаа бол зарим нь олон жилийн тэмцлийн үр дүн, чамлахааргүй амжилт гэж үзэж байна.

 

Эх сурвалж: BBC