"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд бэлтгэж буй цуврал нийтлэлийн ээлжит дугаарыг уншигч танд хүргэж байна. Энэхүү нийтлэлээр Улаанбаатар хотын музейн онцлох таван үзмэрийг танилцуулж байна. Мөн Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцсан подкастыг сонордуулахаар бэлдлээ.
1. Барималч А.Жамбаагийн “Занабазар” баримал, 1955 он
“Занабазар” баримлыг 1955 онд Уран Жамбаа хэмээн алдаршсан Монголын орчин үеийн анхны барималчдын нэг А.Жамбаа гипсээр бүтээжээ.
Завилгаа суудалтай, баруун гарын бугуйнд эрх, зүүн гартаа соёмбо барьсан байдалтайгаар анхдугаар Богд Занабазарыг дүрсэлсэн энэхүү бүтээлийг судлаачид Занабазарын дүр төрхийг хамгийн бодитой гаргасан баримал гэж үздэг.
2. Д.Наранжавын “Мэлхий хөшөө”-ний загвар, 2008 он
“Мэлхий хөшөө” үзмэр бол 1994 онд Улаанбаатар хотын 355 жилийн ойгоор одоогийн Централ таурын баруун урд хэсэгт босгосон “Их хүрээний шав тавьсан газарт босгосон дурсгалын мэлхий хөшөө”-ний загвар юм. Уг хөшөөний эх зургийг бүтээгч барималч Д.Наранжав 2008 онд тус загвар үзмэрийг хийж, Улаанбаатар хотын музейд бэлэглэжээ.
Мэлхий хөшөөний загвар үзмэр нь цагаан өнгийн дугуй суурь, мэлхий хөшөө, пайлуураас бүрдэнэ. Дугуй суурийн урд хэсгийн нүүрэнд " Хойчийн хүмүүс мэдтүгэй. Монголчууд нийслэлээ товлож, шаваа тавьсан газар энэ болой" гэсэн үгийг монгол бичгээр сийлж, алтан боронзоор буджээ. Их бие яст мэлхийний дээд хэсэгт байрлуулсан пайлуурын дөрвөн талд эвхмэл монгол бичгээр "Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар" хэмээн сийлжээ. Пайлуурын оройн хэсгийн нүүрэнд нийслэлийн сүлд тэмдэг Хангардийг шар өнгийн металл дээр товойлгон хийж байрлуулсан.
Пайлуур гэж бичиг бүхий чулуун хөшөө, гэрэлт хөшөөг хэлнэ.
“Их хүрээний шав тавьсан газарт босгосон дурсгалын мэлхий хөшөө” байгаа газар бол 1778 онд Их хүрээ ирж суурьшсан Хүн чулууны хонхор хэмээх түүхэн газар юм. Их хүрээ одоогийн Улаанбаатар хот байгаа газарт ирж, суурьшин хот болж өргөжсөн түүхэн газрыг мөнхжүүлэх зорилгоор уг хөшөөг босгожээ.
3. Зураач С.Гансүхийн “Хүрээ дөрвөн уул” зураг
“Хүрээ дөрвөн уул” хэмээх энэхүү бүтээлд Улаанбаатар хотын дөрвөн талд оршдог Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх гэсэн уулын хүн дүртэй савдгуудыг дүрслэн зурсан.
Улаанбаатар хотын дөрвөн уулын савдгийг дотор нь амьтан дүртэй, хүн дүртэй гэж ялган үздэг. Амьтан дүртэй савдгууд нь эртний бөө мөргөлтэй байх үеийн шүтээн савдгууд юм. Харин Хүрээний дөрвөн уулын хүн дүртэй савдгуудыг 1778 онд Их хүрээ одоогийн байгаа газарт ирж суурьшсаны дараа томоохон лам нарын тусламжтайгаар дүр дүрслэлийг бий болгожээ.
Зурагт дүрслэгдсэн Хүрээ дөрвөн уулын хүнтэй савдгуудыг товч тайлбарлавал:
Богдхан уулын хүн дүртэй савдаг нь Цагаан морь унасан, туг хиар барьсан цагаан өвгөн юм. Үүнийг монголчуудын наран мандах зүг болон урд зүг рүү сүү, цагаан идээнийхээ дээжийг өргөдөг уламжлалт заншилд үндэслэсэн гэж үздэг. Сонгинохайрхан уулын хүн дүртэй савдаг нь хөх үхэр унасан, баруун гартаа сэлэм барьсан хөх өвгөн ажээ. Эр цэргийн хатуу шүтээнтэй гэж үздэг.
Чингэлтэй хайрханы хүн дүртэй савдаг нь ногоон эрдэнийн биетэй, баруун гартаа ном, зүүн гартаа цагаан цэцэг барьж, нялх хүүхдийг өвөр дээрээ суулган, цагаан морь хөллөсөн өвгөн багш юм. Тиймээс эрдэм номын шүтээнтэй гэж үздэг. Баянзүрх хайрханы хүн дүртэй савдаг нь улаан ягаан царайтай, нэг гартаа туг хиар, нөгөө гартаа эрдэнийн таваг барьсан, эрдэнэ дээд торгон зөөлөн хувцастай, барс унасан ажээ. Уг хайрханыг эд баялгийн шүтээнтэй гэж үздэг.
4. Зураач Д.Манибадарын “Нийслэл хүрээ” зураг, 1946 он
ХХ зууны эхэн үеийн Монгол Улсын хамгийн том хот “Нийслэл хүрээ”-г монгол уран зургийн тэгээр зурсан бүтээл бол “Нийслэл хүрээ” хэмээх зураг юм. Энэхүү бүтээлийг 1910-аад оны Нийслэл хүрээний бүтэц, зохион байгуулалт, төрх байдал, амьдралын хэв маягийг бодитоор харуулсан түүхэн сурвалж гэж хэлж болно. Мөн ХХ зууны эхэн үеийн монголын уран зургийн хөгжлийн тод илэрхийлэл болдог.
1912 онд Богд хааны зарлигаар Тойсүмлин аймгийн нэрт зураач Цэнд, Сангай аймгийн нэрт зураач Данжин, Зоогой аймгийн алдарт зураач Жүгдэр, Сүнгийн аймгийн нэрт зураач Цэдэнжав нарын хүрээний зураачдаар Нийслэл хүрээг хэсэгчлэн зуруулжээ. Гэвч тэдгээр зургууд хожим гамингийн бууны суманд үрэгдсэн гэдэг. Харин Зоогой аймгийн алдарт зураач Жүгдэрийн 1910-аад оны үед зурсан “Нийслэл хүрээ” зураг өдгөө Богд хааны ордон музейд эх хувиараа хадгалагдаж байна. Хожим 1946 онд Д.Манибадар “Нийслэл хүрээ” зургийг томруулан хуулбарлаж зурахдаа тухайн үеийн хүрээний аж амьдралыг баяжуулан зурсан нь өдгөө Улаанбаатар хотын музейд хадгалагдаж байна.
“Нийслэл хүрээ” зургийг зурахдаа монгол зургийн зүйлчлэн үйлдэх аргыг ашиглаж, шувуу нисч буй мэт өндөр дээрээс харагдах өнцгөөс зуржээ. Жүгдэр хүрээний амьдралыг дүрслэхдээ хүрээний ахуй байдал, бүтэц, зохион байгуулалт, бүлэг, давхаргын ялгаа, онцлогийг бодитоор харуулсан байдаг. Тухайлбал, Зүүн хүрээ, Гандангийн дэнжид лам нар, Консулын дэнжид оросууд, Маймаа хот болон баруун, зүүн дамнуурчинд хятадууд, Өндгөн сүргийн нутагт Богд хаан, баруун, зүүн өмнөд хороонд ноёд язгууртнууд, энгийн иргэд амьдарч байсныг дүрслэхдээ, эдгээр хэсэг бүрийн нэгнээсээ ялгагдах онцлог байдлыг өнгө, зохилдлогын нарийн ялгаатайгаар зуржээ. Хятадуудыг бүдэг сааралдуу байшинд суудаг байснаар, харин оросуудыг ногоон дээвэртэй цагаан ханатай шавар байшинд амьдардаг байснаар нь зурсан аж. Түүнчлэн монголчуудын хашаа байшингуудыг ихэвчлэн улаан, улбар шар өнгөөр дүрсэлжээ.
Тухайн үеийн нийслэл хүрээний амьдралыг тод томруун харж болох бас нэг жишээ бол худалдааны захууд юм. Жишээ нь, Маймаа хотоос худалдааны зах руу дамнуурга үүрээд явж буй хятадууд, мөн зарим баян пүүсийн худалдаачид морин тэргээр бараа таваараа зөөж байгааг дүрсэлжээ. Хүрээн дэх хятад худалдаачдыг “дамнуурчин” гэж нэрлэдэг байсны хариултыг эндээс харж болно. Уг зурагт мах, түлээ, өвс, морь, гутлын захуудад өрнөж буй үйл явдлуудыг дүрсэлсэн байдаг. Жишээ нь, морио унаад зах руу явж буй хүн, ачаатай тэмээгээ хөтлөөд захаас гарч яваа хүнийг тус зургаас олж харж болно. Энэ мэт жижиг дүрслэлүүд “Нийслэл хүрээ” зурагтай холбоотой түүхийг улам сонирхолтой болгодог.
5. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 4 дүгээр ерөнхий төлөвлөгөөний хотын төвийн хэсгийг харуулсан макет
1986 онд Хот төлөвлөлтийн албанаас Улаанбаатар хотыг хөгжүүлэх 4 дүгээр ерөнхий төлөвлөгөөний хотын төвийн хэсгийн төлөвлөлтийг харуулах зорилгоор энэхүү модон макетийг хийжээ.
Тус макетад 1-3 дугаар ерөнхий төлөвлөгөөний үед баригдсан барилгууд болон шинээр баригдах барилгуудыг ямар нэгэн өнгө, дүрсээр ялгалгүй адил хийж өгсөн нь уг ялгааг олж харахад нэлээд мэдлэг шаарддаг. Дөрөвдүгээр ерөнхий төлөвлөгөөг 1986-2010 он хүртэл 25 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хэрэв энэхүү төлөвлөгөө бүрэн хэрэгжсэн бол одоогийн Их тойруугийн хойд хэсэг бүхэлдээ хотын шинэ дэд төв болох байсан юм. Мөн энэ төлөвлөлтөөс сонирхолтой бүтээн байгуулалтыг олж харах боломжтой. Тухайлбал: Зүүн дөрвөн зам, Их тойруугийн зарим замуудыг нүхэн гарцтай байхаар, Тасганы овоог таслахгүйгээр Гандан, Зурагтын дөрвөн замын уулзварыг давхар замтай байхаар тус тус төлөвлөсөн. 2012 онд ашиглалтад орсон Нарны гүүр, 2019 онд ашиглалтад орсон Олимпийн гүүрийг уг төлөвлөлтөд барьж байгуулахаар анх тусгаж байжээ. Одоогийн Бөхийн өргөөний суурийн дээр дөрвөлжин хэлбэртэй соёлын ордон байгуулна гэж бас төлөвлөж байжээ. Энэ мэт бидний саяхан байгуулсан гүүр, замуудыг тэртээ 1986 онд байгуулна гэж төлөвлөж, хотын шинэ дэд төвийг Их тойруугаас хойш одоогийн 32-ын тойрог орчим, түүнээс хойш шинээр байгуулахаар төлөвлөж байсан зэрэг нь сонирхолтой юм.
"ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД" төслийн хүрээнд бэлтгэсэн подкастыг хүлээн авч сонсоно уу. Подкастын энэ удаагийн дугаарт Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр оролцож, сонирхолтой яриа өрнүүллээ. Та энэхүү подкастыг сонссоноор Улаанбаатар хотын музейн тухай илүү ихийг мэдэх боломжтойг дуулгахад таатай байна.
Таныг хүндэтгэсэн, "Гэрээсээ музейд" төслийн хамт олон
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!