Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

"ХЭҮК-ын гишүүнд хууль зүй, хүний эрхийн тал дээр өндөр мэргэшсэн байх шалгуур тавьж, нээлттэй сонгон шалгаруулж буй нь том дэвшил"

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Шинэчлэн батлагдсан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн дагуу тус комиссын таван гишүүнийг шинээр томилох шаардлага бий болсон. ХЭҮК-ын гишүүний орон тоонд нэр дэвшиж буй таван хүнийг томилох асуудлыг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалтыг энэ зорилгоор Ажлын хэсэг тусгайлан байгуулж хариуцуулсан, нэр дэвших хүсэлт гаргагчдыг хүнийх нь хувьд гүнзгий судалсан, томилгооны сонсгол зохион байгуулсан зэрэг өмнө нь байгаагүй шинэлэг арга хэлбэрээр явагдсан. Энэ талаар болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүний орон тоонд яагаад нэр дэвшүүлээгүй талаар Ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайханаас тодрууллаа. 

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард зарлагдаж байсан ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад тэнцсэн таван нэр дэвшигчийг өчигдөр байнгын хороонд танилцууллаа. Хагас жил орчим үргэлжилсэн сонгон шалгаруулалтаар ямар хүмүүсийг ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшүүлсэн бэ? 

-Монгол Улсад хүний эрхийг хангах баталгааг бүрдүүлэхийн тулд Үндсэн хуулийн шүүх (Цэц) болон ердийн шүүхийг хараат бус, мэргэжлийн түвшинд байгуулахаас гадна хүний эрхийн хэрэгжилтийг хариуцаж дагнан ажилладаг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ыг байгуулах саналыг 1991-1992 онд Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх үед Ардын Их Хурал дээр ярилцсан байдаг. Үүнээс хойш найман жилийн дараа буюу 2000 онд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг баталж, 2001 онд уг комиссыг анх байгуулсан. 

ХЭҮК нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих ажлыг хараат бусаар хийдэг үндэсний байгууллага юм. Үүний тулд хүний эрхийн аливаа асуудлаар санал, зөвлөмж, шаардлага, гаргаж холбогдох этгээдэд хүргүүлэх, хууль тогтоомж болон захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл хүний эрхэд нийцсэн эсэх санал гаргах, НҮБ-д мэдээлэл хүргүүлэх, хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх, энэ чиглэлийн судалгаа хийлгэх, дүгнэлт гаргуулах, хүний эрхийг хамгаалах, төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангаж, хамгаалж, хүндэтгэж буй эсэхэд хяналт тавих, энэ тухай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг боловсруулж УИХ-д хүргүүлэх чиг үүргийг энэ комисс хэрэгжүүлдэг. 

Анх байгуулагдсан цагаасаа хойш ХЭҮК нь хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах тал дээр олон дэвшилттэй ажил хийж ирсэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 онд баталсан “Хүний эрхийн үндэсний байгууллагын нөхцөл байдлын талаарх зарчим” гэж бий. Үүнийг Парисын зарчим гэж товчоор нэрлэдэг бөгөөд энэ зарчимд хүний эрхийн үндэсний байгууллагын хангах ёстой наад захын стандартыг тогтоож өгсөн. Манай улсын ХЭҮК 2003, 2008, 2014 онд Парисын зарчмын дагуу магадлан итгэмжлэлд орж гурван удаа “А” үнэлгээ авсан, улмаар НҮБ-ийн байгууллагууд болон хороодын хуралдаанд үг хэлэх зэрэг давуу эрх эдэлдэг болсон нь чамгүй амжилт. Гэхдээ, энэ магадлан итгэмжлэлийг хийдэг Хүний эрхийн үндэсний байгууллагын олон улсын хорооноос Монгол Улсад ХЭҮК-ийн томилгоог сайжруул, нээлттэй ил тод болго, улс төрийн зүй бус нөлөөллийг сааруул, ингэхдээ иргэний нийгмийн оролцоог сайн ханга гэдэг зөвлөмжийг ирүүлсэн. Мөн 2011 онд НҮБ-ийн Хүний эрхийн хороо, 2010 онд НҮБ-ийн Эрүү шүүлтийн эсрэг хорооноос ХЭҮК-ын гишүүдийнхээ томилгоог нээлттэй, иргэний нийгмийн оролцоотой болго гэдэг зөвлөмж Монгол Улсад өгсөн. Яагаад ийм зөвлөмж ирээд байсан бэ гэвэл ХЭҮК-ийн тухай 2000 оны хуулиар ХЭҮК-ын гишүүдийн томилгоо хаалттай, явцуу хүрээнд хийгдэх нөхцөл үүссэн. Улсын дээд шүүхээс нэг, Ерөнхийлөгчөөс нэг, Хууль зүйн байнгын хорооноос нэг хүнийг тус бүр нэр дэвшүүлээд УИХ томилчихдог байсан. Эдгээр гурван субъект ХЭҮК-ийн орон тооны талаар нээлттэй зар байхгүйгээр, сонгон шалгаруулалт хийхгүйгээр гэнэт нэг, нэг хүний нэр гаргаж УИХ-д оруулж, улмаар хэдхэн хоногийн дотор бараг тэр чигээр нь томилдог байсан. 

УИХ нь Засгийн газрын боловсруулж өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэж Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчлэн найруулгыг 2020 оны нэгдүгээр сарын 23-нд баталсан. Уг хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороо ХЭҮК-ын болон Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд баталсан. Энэ шинэ эрх зүйн орчинд ХЭҮК-ын гишүүнд хаалттай нэр дэвшүүлж мэргэжлийн биш хүнийг гэнэт томилдог байдлыг хаах, томилгоогоор дамжуулж зүй бусаар нөлөөлөх эрсдэлийг бууруулахад чиглэсэн зохицуулалт туссан нь олон улсын сайн туршлагад нийцэж, дээр дурдсан НҮБ-ийн зөвлөмжүүдэд шүүмжилсэн нэлээд олон асуудал шийдэгдсэн. 

ХЭҮК-ийн тухай 2020 оны шинэ хууль нь ХЭҮК, түүний бүрэлдэхүүн, чиг үүрэг, бүрэн эрх, зохион байгуулалтыг зохицуулснаас гадна эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний хараат бус механизмыг бий болгож буй. 2005 он НҮБ-ийн тусгай илтгэгч Монголд ирж судалгаа хийгээд “эрүү шүүлт хавтгайрсан” гэсэн дүгнэлт гаргасан. Энэ цагаас хойш эрүү шүүлтийн эсрэг олон ажил хийгдсэн ч дорвитой ахиц гараагүй. Иймээс, Монгол Улс 2015 онд Эрүү шүүлтийн эсрэг конвенцын нэмэлт протоколд нэгдэж орсон бөгөөд үүнээс хойш нэг жилийн дотор эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгох үүрэг хүлээсэн. Иймээс, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий нэг гишүүн, түүнд туслах нэгж ажиллахаар ХЭҮК-ийн тухай 2020 оны хууль заасан. Хүнийг эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий, доромж харьцах асуудал хамгийн их гардаг газар бол цагдан хорих байр, хорих анги зэрэг хүний эрх чөлөөг хассан газрууд юм. Ийм газруудад хоригдож буй хүмүүстэй ингэж зохисгүй харьцахаас хамгаалах зорилгоор хэрхэн харьцаж буй байдлыг тогтмол шалгах, нөхцөл байдлыг сайжруулах зөвлөмж өгөх, урьдчилан сэргийлэх зэрэг бүрэн эрхтэй гишүүн юм.

Үүний тулд хоригдож буй хүмүүс болон тэдний нөхцөлийн талаар мэдээлэл цуглуулах, хорих газар, барилга, байгууламжид чөлөөтэй сонгон очиж саадгүй нэвтрэх, хоригдож буй хүмүүстэй нь уулзаж биечлэн ярилцах зэрэг баталгаагаар хангагдана. 

ХЭҮК-ын тухай 2020 оны хуулиар ХЭҮК-ын гишүүдийн тоог тав болгосон, дээр нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн ажиллахаар зохицуулсан. Иймээс, эдгээр зургаан орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт хийж шалгарсан хүмүүсийг УИХ томилохоор зохицуулсан. Үүний дагуу нийт зургаан орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт хийсэн тухай тайланг 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд ХЗБХ-нд танилцуулаад байна. 

-ХЭҮК-ийн нэр дэвшигчид ямар шалгуур тавихаар тусгасан бэ?

-Өмнө нь ямар шаардлага тавьдаг байсантай харьцуулаад яривал шинэ нь юугаараа ялгаатай нь харагдана. 2000 оны хуулиар хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуур тавьдаг байсан. Улс төрийн өндөр мэргэшилтэй гэдэг нэрийн дор улстөрчдийг томилох байдал руу зарим талаар түлхэж байсан. Мөн, 2000 оны хуулиар “хүний эрхийн асуудлаар зохих мэдлэг, туршлагатай байх” гэдэг хэт ерөнхий шалгуур тавьж тодорхой болгоогүйгээр хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаагүй хүмүүсийг заримдаа томилож байсан. Ийм учраас 2020 оны шинэ хуулиар ХЭҮК-ын гишүүнд тавьдаг шаардлагыг өмнөхөөс өндөрсгөн, илүү тодруулж, хоёр төрлийн шаардлага тавихаар хуульчилсан.

Нэг талаар, “хууль зүйн өндөр мэргэшилтэй” байна гэж заасан. Үүнийг юу гэж ойлгох вэ гэдэг дээр хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэдлэг, чадвартай, хараат бус, өндөр ёс зүйтэй гэдгээ мэргэжлийн үйл ажиллагаагаараа нотлон харуулсан гэж журмаар маш сайн тодруулсан. Мөн, сүүлийн таван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй гэж заасан нь уг комиссын бие даасан байдлыг хангах, төвийг сахиж ажиллахад чухал алхам. Нөгөө талаар, ХЭҮК-ын гишүүн “хүний эрхийн чиглэлээр ажилласан туршлагатай” байна гэж хуульчилсан. Энэ нь хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр таваас доошгүй жил ажилласан, хүний эрхийн мэдлэг, чадвартай, хүний эрхийг хүндэтгэж дээдэлдэг болохоо үйл ажиллагаагаараа нотлон харуулсан байна гэсэн утгатай гэж мөн тодруулж журамласан. 

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр хууль зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай иргэнийг зургаан жилийн хугацаатай томилно гэж мөн хуульчилсан. Журмын дагуу энэ гишүүн нь ХЭҮК-ийн гишүүн шиг хууль зүйн болон хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн, өндөр ёс зүйтэй байх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр ажилласан байхаар тодорхой заасан. 

-ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх гишүүнд дээрх шаардлагуудыг тавьсан юм байна. Тэгвэл сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсан бэ?

-Эдгээр орон тоонд хууль зүйн болон хүний эрхийн тал дээр өндөр мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг гаргах объектив, тодорхой шалгуур тогтоож өгснөөр маш том дэвшлийг авчирсан тухай сая тайлбарлалаа. Тэгвэл эдгээр өндөр шаардлагыг хамгийн сайн хангасан хүмүүсийг судалгаа болон тал талын оролцооны үндсэн дээр шилж олж томилох эрх бүхий этгээдэд санал болгохыг сонгон шалгаруулалт гэж хэлээд байгаа юм. ХЭҮК-ын болон Эрүүдэн шүүхийн эсрэг асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журамд зааснаар сонгон шалгаруулалтыг долоон үе шатаас бүрдэж байгаа. Эдгээр үе шат дахь олон элементүүд Австрали, АНУ зэрэг улсад сонгон шалгаруулалт явуулдаг сайн туршлагад олон талаар нийцэж байгаа. Ийм чухал өөрчлөлт учраас эдгээр үе шатыг тус бүрт нь товч тайлбарлая.

Нэгдүгээрт, сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлсэн. Монголд ХЭҮК ажилласан 20-иод жилийн түүхэнд анх удаа ийм нээлттэй зар тавигдаж, хуульд заасан шаардлага хангасан хэн бүхэн нэрээ дэвшүүлэх боломжийг олгосон. ХЭҮК-ын тав, Эрүүдэн шүүхийн эсрэг асуудал эрхэлсэн нэг гээд нийт зургаан орон тоон дээр 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд сонгон шалгаруулалт зарласан. Энэ зарыг parliament.mn сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн. 

Хоёрдугаарт, Ажлын хэсгийг байгуулсан. Сонгон шалгаруулалтыг эрхлэн явуулах Ажлын хэсгийг тал талын есөн өөр субъектээс бүрдүүлэх журмын ХЗБХ баталсан. Тодруулбал, УИХ дахь олонх, цөөнхийн бүлгээс, Хууль зүйн байнгын хорооноос, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс, Төрийн албаны зөвлөлөөс, ШЕЗ-өөс, Монгол Улсын Хүний эрхийн форумаас, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс, Өмгөөлөгчдийн холбооноос тус бүр нэг хүнийг санал болгоод эдгээр хүмүүсийг багтаасан Ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос өнгөрсөн хавар байгуулсан. Юуны өмнө, есөн өөр субъектээс санал болгож байгаа учраас улс төрийн зэрэг ямар нэгэн сонирхол зүй бусаар давамгайлах боломжийг хааж өгсөн.

2020 оны шинэ хуулиар ХЭҮК-ын гишүүнд тавьдаг шаардлагыг өмнөхөөс өндөрсгөн, илүү тодруулж, хоёр төрлийн шаардлага тавихаар хуульчилсан.

Парламент дахь олонх төдийгүй цөөнхийн төлөөллийг Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тэнцвэртэй багтааж хяналт тэнцэл, оролцоог хангадаг. Энэтхэг, Тайланд зэрэг улсад ийм сайн туршлага бий. Мөн, мэргэжлийн холбоо болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл орсон нь ажлын хэсэг дэх улс төрийн нөлөөллийг саармагжуулах, яг хүний эрхийн болон хууль зүйн өндөр мэргэшилтэй байх тэр шалгуурыг хангасан хүнийг сонгон шалгаруулахад тустай. Энэ нь иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүл гэж НҮБ-ээс ирүүлсэн зөвлөмжийг дагуу хийгдсэн ахиц мөн. Цаашид,Малайз, Таиланд зэрэг улсын сайн туршлагад нийцүүлэн ХЭҮК-ийн гишүүн сонгон шалгаруулах ажлын хэсэгт мэргэжлийн холбоо болон иргэний нийгмийн төлөөллийг олонх болгох хэрэгтэй гэж боддог. Гэхдээ одоогийн оролцоог хангасан алхам бол маш том ахиц л даа. 

Гурав, дөрөвдүгээр шатанд зарлагдсан зургаан орон тоонд нэр дэвших тухай хүсэлтийг хүлээн авч, оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэж, нийтэд мэдээлсэн. Зарын дагуу нийт 24 хүн нэр дэвших хүсэлт, холбогдох баримт бичгийг ирүүлсэн. Эдгээрээс хууль зүйн дээд боловсрол, мэргэжлээрээ ажилласан жил зэрэг хэлбэрийн, илэрхий шаардлага хангаагүй таван хүн нь хасагдсан. Ингээд нийт бүртгэгдсэн 19 оролцогчийн нэрс, тэдгээрийн товч намтрыг parliament.mn вэбсайтад байрлуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулж иргэдийн санал авах ажиллагаа эхэлсэн. 

Тавдугаарт, сонгон шалгаруулалтад оролцогчдын талаар мэдээлэл цуглуулсан. Зүгээр л гэнэт нэр дэвшээд  шууд томилогддог хуучин практикийг халсан. Үүний оронд нэр дэвших хүсэлт өгсөн хүмүүс түрүүн ярьсан шаардлагыг хэр хангаж байна вэ гэдгийг тухайлан судалдаг болсон. Ингэхдээ 19 оролцогчийг тохиолдлын журмаар Ажлын хэсгийн 9 гишүүдэд хуваарилсан. Ажлын хэсгийн гишүүн тус бүр 2-3 оролцогчийг судалсан. Тухайн оролцогчийн өгсөн анкет, баримт бичгийг судлахаас гадна мэддэг, таньдаг, хамт ажиллаж байсан хүмүүстэй нь ярилцаж, мэдлэг, чадвар, ёс зүй, зан төлөвийнх нь талаар дүгнэсэн. Энэ ярилцлагын явцад сөрөг мэдээлэл гарч ирсэн бол энэ талаар нэр дэвших хүсэлт гаргасан оролцогчид танилцуулж, няцаалт хийх боломж олгосон. Энэ мэт судалгааны үндсэн дээр хууль зүйн болон хүний эрхийн тал дээр хэр зэрэг мэргэшсэн, хэр өндөр ёс зүйтэй, ямар ажлын туршлагатай вэ гэдэг ерөнхий дур зураг гарч, үүнд тулгуурлан сонгон шалгаруулалт хийх зарчим үйлчилж байгаа. 

Зургадугаарт, оролцогч тус бүр дээр томилгооны сонсгол зохион байгуулсан. Томилгооны сонсголыг оролцогч тус бүр дээр хийсэн нь мөн л анх удаагийнх. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг хувь хүн, байгууллага, судлаач, хуульч зэрэг хүмүүсийг оролцуулахаар зар урьдчилж түгээсэн бөгөөд нийт 86 иргэн оролцох хүсэлтээ ирүүлсэн. Зарын дагуу холбогдсон хүмүүсийг бүгдийг нь оролцуулахыг зорьсон. Тухайн үед ковид-19 цар тахлын хөл хориотой үе таарсан учраас сонсголыг цахимаар зохион байгуулсан. Сонсголын үеэр Ажлын хэсгийн гишүүд тухайн нэр дэвшигчид ёс зүй, зан чанар, хүний эрхийн мэдлэг, чадвар, хандлагатай холбоотой асуулт асууж хэрхэн хариулж байгааг харсан. Мөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан эерэг, сөрөг мэдээллийг танилцуулж, оролцогчийн зүгээс үүнд няцаалт өгөх боломж олгосон. Түүнчлэн, сонсголд оролцож буй хүний эрхийн ТББ-ууд, судлаачид, иргэдэд оролцогчоос шууд асуулт асуух, үг хэлэх боломж олгосон. Нэрээ дэвшүүлсэн 19 оролцогч тус бүрд 50 минутын хугацаа өгсөн бөгөөд сонсголыг парламентын Iptv болон фэйсбүүкээр шууд дамжуулж, дараа нь бүтэн бичлэгийг онлайн байрлуулсан. 19 оролцогчийн нэг нь сонсголд ирээгүй учраас журамд заасны дагуу хасагдсан. 

Долдугаарт, гишүүнд нэр дэвшүүлэх Ажлын хэсгийн хуралдаан хийгдсэн. Ажлын хэсгийн гишүүд өөрт хуваарилагдсан оролцогчийн томилгооны сонсголд анализ хийхийн зэрэгцээ нэмэлт судалгааг үргэлжлүүлэн хийсэн. Шаардлагатай тохиолдолд ахиад баримт судалж, хүмүүстэй уулзаж, оролцогч нараас асууж тодруулсан. Журамд заасны дагуу Ажлын хэсгийн илтгэгч гишүүн нь энэ судалгаа болон томилгооны сонсголын дүнд үндэслэн өөрт хуваарилагдсан 2-3 оролцогч тус бүр дээр дэлгэрэнгүй тайланг бичсэн. Тайлангуудаа бичээд бэлэн болгосны дараа ХЭҮК-ын болон Эрүүдэн шүүхийн эсрэг асуудал эрхэлсэн нийт зургаан гишүүнийг сонгох асуудлаар хуралдсан. Ажлын хэсгийн гишүүд өөр өөрсдийн судалсан оролцогчийн талаарх тайлангаа амаар болон бичгээр танилцуулж, бусад гишүүд асуулт асуун, саналаа хэлсэн. Ингээд нууц санал хураалт явуулж шийдсэн. 

-Ямар хүмүүсийг нэр дэвшүүлэх шийдвэр гарсан бэ?

-ХҮЭК-ийн гишүүнд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан оролцогч хэн бэ гэдэг дээр Ажлын хэсгийн гишүүд саналаа өгөхөд хамгийн олон санал буюу оноо авсан таван хүн шалгарч, тэдгээрийг УИХ-д нэр дэвшигчээр хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Эдгээр таван нэр дэвшигчийн хэн нь хэн бэ гэдгийг УИХ-ын вэбсайтад буй дэлгэрэнгүй анкет, Ажлын хэсгийн бэлтгэсэн товч тайлангаас харах боломжтой бөгөөд эдгээр эх сурвалжийг ашиглаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулж хэлэлцүүлэг өрнөж байна. Ажлын хэсгээс сонгон шалгаруулсан таван хүнийг ерөнхийд нь харвал хүний эрхийн чиглэлээр иргэний нийгмийн байгууллага, Хуульчдын холбоо, их сургууль, ХЭҮК-ын Ажлын алба, ХЗДХЯ, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрт ажиллаж байсан хүмүүс тул өөр өөр ажил, амьдралын туршлагыг багтаасан.

Таван нэр дэвшигч бүгд хүний эрхийн чиглэлийн ажил эрхэлж байсны зэрэгцээ тэдгээрийн гурав нь ХБНГУ, Австрали, Солонгост нэр хүндтэй их сургуулиудад хууль зүйн докторын зэрэг хамгаалсан. Хүйсийн хувьд гурав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй. ХЭҮК-ыг ийм тал талын алаг бүрэлдэхүүнтэй ажиллуулбал хүний эрхийн асуудлыг тал талаас нь бодитой харахад тусалдаг гэж үздэг. 

Гэхдээ Ажлын хэсгээс санал болгосон таван нэр дэвшигчийг УИХ-ын ХЗБХ болон нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж ХЭҮК-ийн гишүүнээр томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэх хуультай. Ардчилсан сонгуулиар бүрдсэн парламент томилох эсэх шийдвэрийг гаргаж буй нь ХЭҮК-ийн бүрэлдэхүүний легитим шинжийг хангаж өгч буй хэрэг. ХЭҮК-ийг Засгийн газар болон бусад байгууллагаас бие даан, хараат бусаар ажиллуулахын тулд ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ гишүүдийг нь томилдог. Гэхдээ, УИХ-ын оролцоог зохистой байлгаж улс төрийн явцуу сонирхлоор хандахаас сэргийлэх үүднээс зөвхөн сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан гэж ойлгож байгаа. 

Хэрэв УИХ эдгээр таван нэр дэвшигчийг томилбол тус бүртээ зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаар ажиллах бөгөөд зөвхөн нэг удаа улиран томилогдох боломжтой. ХЭҮК ийнхүү шинээр бүрвэл уг комиссын даргын асуудал яригдана. Комиссын даргыг гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилно гэж хуульчилсан. Өмнө нь буюу 2000 оны хуулиар УИХ ХЭҮК-ын даргыг гурван жилээр томилж, дахин гурван жилээр томилох эсэхийг шийддэг байсан нь уг байгууллагыг парламентын олонхоос хэт хамааралтай болгож байсан. ХЭҮК-ын даргыг гишүүд нь дотроосоо сонгодог болбол нээлттэй сонгон шалгаруулалтын одоогийн зохицуулалттайгаа хамт комиссын бие даасан байдал бүрэн хангагдана гэж судлаачийн хувьд үздэг. Гэхдээ, ХЭҮК-ын тухай 2020 оны шинэ хуулиар ХЭҮК-ийн даргыг гурван жилээр биш, харин зургаан жилээр нэг удаа томилохоор заасан нь түүний бие даасан байдлыг өмнөхөөс ямар ч байсан дээрдүүлнэ. 

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвших хүсэлт гаргаж бүртгэгдсэн 15 хүн дотор хүний эрхийн болон хууль зүйн өндөр мэргэшил, ёс зүйтэй хүмүүс маш олон бий. Гэвч, зарлагдсан орон тоо нь тавхан байгаа учраас энэ хязгаарын хүрээнд хамгийн олон санал авсан нь л сонгогдсон. 

-Эрүүдэн шүүхийн эсрэг асуудал эрхэлсэн гишүүнийг яагаад сонгосонгүй вэ гэдэг асуултыг байнгын хорооны гишүүд асууж байсан. Энэ орон тоонд тэнцэх нэр дэвшигч байсангүй юу? 

-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүний орон тоон дөрвөн хүн нэр дэвшихээр бүртгүүлсэн. Нэг нь сонсголд оролцоогүй учраас журмын дагуу хасагдсан. Үлдсэн гурван хүний хувьд Ажлын хэсгийн гишүүд саналаа өгөхөд нэг оролцогч нь хоёр хүний санал авсан. Нөгөө хоёр оролцогч огт санал аваагүй. Тийм учраас Ажлын хэсгийн зүгээс энэ орон тоон дээр нэр дэвшигч санал болгох боломж бүрдээгүй. 

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд яаж нэр дэвшүүлэх талаар ХЭҮК-ийн тухай хуулийн 32.3-т “Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан. Уг хуульд зааснаар энэ орон тоон дээр хүний эрхийн болон хууль зүйн өндөр мэдлэг, чадвар, ёс зүйтэй хүн байх маш өндөр шаардлага тавьсан бөгөөд НҮБ-ийн Эрүү шүүлийн эсрэг ковенцийн шаардлага ч ийм. Уг орон тоонд нэрээ дэвшүүлсэн гурван оролцогч тус бүр энэ өндөр шаардлагыг хангасан эсэх дээр санал хураахад аль нь ч олонхын санал аваагүй учраас аль нь ч сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэсэн үг. Иймээс, энэ орон тооны тухайд ХЗБХ дахин сонгон шалгаруулалт зарлаад энд ярьсан шиг үе шатаар дахин ажиллагаа хийгдэх болов уу.

ХЭҮК Монгол Улс дахь хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй институц. Харин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний хувьд эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй. Комиссоос тусдаа чиг үүрэгтэй гэдгийг ярилцлагын эхэнд тайлбарласан. Бүртгэсэн 19 хүний 15 нь ХЭҮК-ын гишүүнд, дөрөв нь  Эрүүдэн шүүхийн эсрэг асуудал эрхэлсэн гишүүнд нэрээ дэвшүүлсэн. Энэ хүрээндээ л сонгон шалгаруулалтыг тус тусад нь авч үзсэн. 

Эцэст нь хэлэхэд УИХ-аас томилдог эсхүл УИХ-д танилцуулж, зөвшилцсөний үндсэн дээр томилдог албан тушаалууд дээр ХЭҮК-ийн томилгоонд хэрэглэсэн шиг зохицуулалтыг боломжит хэмжээнд суулгаж хэрэгжүүлээсэй. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүд, Улсын ерөнхий аудитор, Монгол Банкны ерөнхийлөгч зэрэг төрийн өндөр албан тушаалтны томилгоо тус бүрийн нэр дэвшүүлэх, томилох процессыг ингэж сайжруулах хэрэгтэй.

Тухайн албан тушаалд тавих шаардлагыг илүү тодорхой, объектив болгон хуульчлах, УИХ дээр эсхүл бусад санал болгох субьект нь мэргэжлийн болон иргэний нийгмийн жинтэй төлөөлөл бүхий Ажлын хэсэг тусгайлан байгуулж сонгон шалгаруулалтыг хариуцуулах, нэр дэвших хүсэлтийг нээлттэйгээр зарлаж хүлээн авах, хүсэлт гаргагчдыг хүнийх нь хувьд гүнзгий судлах, нэр дэвшигч бүр дээр томилгооны сонсгол заавал зохион байгуулах зэргээс Үндсэн хуулийнхаа зохицуулалт нийцүүлэн хуульчлах боломжтой.