Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүдийн орлогын тэгш бус байдал нь ядууралд нөлөөлж байна

ikon.mn
2020 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жендэрийн тэгш байдлыг хангах нь ядуурлыг бууруулах, арилгах урьдчилсан нөхцөл гэж үздэг.

Үүний жишээнд Скандинавын орнуудыг дурдаж болно. Эдгээр орнуудад эдийн засгийн боломж, үр шим нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд тэгш, эдийн засгийн өсөлт нь өндөр, амьдралын чанар дээгүүр байдаг байна.

Хөгжиж буй орнуудад жендэрийн тэгш байдлыг хангаснаар ядуу хүмүүсийн хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, улмаар гэр бүлийг бүхэлд нь тэтгэх, өмнө нь тулгардаг байсан ялгаварлан гадуурхлыг давж туулах, зөрчил тулаантай орнуудад урт хугацааны энх амгаланг тогтооход тустай байдаг байна.

Жендэрийн тэгш бус байдлыг бууруулж, охид, эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээл, саадыг арилгах нь- эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хөвгүүд, охид - бүх хүнийг тэгшээр үнэлэх, тэдний өмнө тэгш боломж нээх ач холбогдолтой.

“Бүх эмэгтэйчүүд, охидыг эрх мэдэлжүүлэн жендэрийн тэгш байдлыг тогтоох” буюу Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго тавыг хэрэгжүүлэх нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн бусад 16 зорилгын зорилтуудыг хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал үүрэгтэй. 

Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангаж, ядуурлыг бууруулахын тулд жендэрийн тэгш бус байдал яаж илэрч байгааг харах хэрэгтэй.

Үүнийг хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, хөдөлмөрийн хөлс, зээлийн хүртээмж зэрэг орлого олох боломж, өмчийг жендэрээр ялгасан статистикаар авч үзье. 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2020 оны хоёрдугаар сарын байдлаар манай улсад хөдөлмөрийн насны нийт эрэгтэйчүүдийн 61%, эмэгтэйчүүдийн 50.9, нь хөдөлмөр эрхэлж байна.

Түүнчлэн нийт бүртгэлтэй ажил хайгчдын 47%-ийг эрэгтэйчүүд, 53%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор гурван эрэгтэйн нэг, хоёр эмэгтэйн нэг нь ажилгүй, эсхүл тогтмол орлогогүй, нийгмийн баталгаа сул албан бус секторт ажиллаж байна.   

Жендэрийн ялгаа нь дундаж цалинд бас илэрнэ. 

2019 оны байдлаар эрэгтэйчүүдийн сарын дундаж цалин 1,367,400 төгрөг бол эмэгтэйчүүдийн сарын дундаж цалин 1,147,800 төргөг байна.

Сарын дундаж цалингийн зөрүү 219,600 төгрөг буюу эмэгтэйчүүд дунджаар эрэгтэйчүүдээс 16% бага цалин авч байгаа юм. Энэ зөрүү зарим салбарт бүр ч өндөр байхыг харж болно. Тухайлбал, төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компанид эмэгтэйчүүдийн сарын дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 22%-аар бага байна /Диаграмаас харна уу/. 

Эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд эрэгтэйчүүдээс илүү саад бэрхшээл тулгардаг. Үүний нэг жишээ нь, зээлийн хүртээмж эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн хувьд маш бага байна. 2019 онд Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай аймгийн ЖДҮ эрхлэгчдээс авсан судалгаагаар нийт 700 ЖДҮ-ийн зээл олгогдсоны 55%-ийг эрэгтэй бизнес эрхлэгч, 45%-ийг нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгожээ. 

Гэвч нийт 75 тэрбум төгрөгийн зээлээс эмэгтэй бизнес эрхлэгчдэд 33%, эрэгтэй бизнес эрхлэгчдэд 66% нь ногджээ. Мөн зээлийн өргөдөл гаргасан ихэнх эрэгтэйчүүдийн зээл зөвшөөрөгдсөн бол ихэнх бизнес эрхлэгч эмэгтэйчүүд зээлийн өргөдөлдөө татгалзсан хариу авсан байна. Түүнчлэн эрэгтэйчүүдийн зээл ихэнхдээ 40-өөс дээш сая төгрөг байсан бол эмэгтэйчүүдийн зээлийн дүн 20-оос доош сая төгрөг байжээ.

Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээлийн хүртээмж ийм бага байгаа нь зээлийн барьцаанд тавих өмчгүйтэй холбоотой. Эмэгтэйчүүдийн өмчийн эзэмшил ҮСХ-ноос 2018 онд хийсэн “Хөрөнгийн эзэмшил, аж ахуйн эрхлэлтийг жендэрийн төлөв байдлаар тодорхойлох нь” судалгаагаар эрэгтэйчүүд өөрсдийн үндсэн сууцаа эзэмшдэг байх тохиолдол эмэгтэйчүүдээс 1.8 дахин их ба жендэрийн зөрүү нь хотоос илүүтэйгээр хөдөө орон нутагт илэрхий ажиглагдсан.

Мөн хөдөө орон нутагт эрэгтэйчүүд үндсэн сууцаа эзэмшдэг байх тохилдол эмэгтэйчүүдээс ойролцоогоор гурав дахин их байна

ХАА-н газар эзэмшихтэй холбоотой жендэрийн зөрүү харьцангуй их буюу эрэгтэйчүүд эзэмшигч байх нь эмэгтэйчүүдээс дор хаяж дөрөв дахин их байна. Ийнхүү эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цалин, зээлийн хүртээмж, өмч эзэмшил зэрэгт буй зөрүү нь жендэрийн тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн бие даасан байдал, улмаар ядуурлыг гүнзгийрүүлэх үр дагавартай байна.

Жендэрийн зөрүүг бууруулан, эмэгтэйчүүдийн эдийн засгийн бие даасан байдлыг хангахад эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үүрэг буюу хүүхэд төрүүлж, асрах ачааллыг хөнгөлөх үр дүнтэй бодлого, хөтөлбөр шаардлагатай. Үүнд хүүхдийн эх, эцгийн аль нь ч хүүхэд асрах урт хугацааны цалинтай чөлөө авах, тэдний ажлын байрыг хадгалах, хүртээмжтэй, боломжийн үнэ, чанартай хүүхэд асрах байгууламжаар хангах хэрэгтэй.

Манай улсад эдгээртэй төстэй бодлого хэрэгжүүлж байгаа боловч хангалттай үр дүнд хүрэх хэмжээний биш юм. Учир нь одоогоор зөвхөн эх нь урт хугацааны чөлөө авч болох ба 2017 оноос эхлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхчүүдэд сар бүр 50,000 төгрөгийн тэтгэмж олгож байгаа.

Энэ тэтгэмжийн 50 мянган төгрөг, хүүхэд бүрд өгдөг сарын 20 мянган төгрөгөөр тухайн гэр бүлд хүүхэд гаргаад орлогогүй болсон ээж, хүүхэдтэй болсны нэмэлт зардлыг нөхөх боломжгүй.

“Цалинтай ээж” хөтөлбөр гэж нэрлэгдсэн уг тэтгэмжид нийт 176,474 эмэгтэй хамрагдаж байгаа нь хөдөлмөрийн насны нийт эмэгтэйчүүдийн 16%-ийг эзэлж байна.

Хэдийгээр Монголын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдтэй харьцуулахад боловсрол олоход зарцуулсан жилээр илүү боловч тэр хэмжээгээр илүү орлоготой байж чадахгүй байна.

Тухайлбал, дээд боловсрол эзэмшсэн хүмүүст эмэгтэйчүүдийн тоо сүүлийн 20 жилд байнга илүү байсан бөгөөд 2019 онд 

  • Дээд сургууль төгсөгчдийн 62%
  • Магистрын зэрэг хамгаалсан хүний 65%
  • Докторын зэрэг хамгаалсан хүний 57% нь тус тус эмэгтэйчүүд байв. 

Үнэндээ хөдөлмөр эрхлэлт, олдог цалин, бизнесээ хөгжүүлэх зээлийн боломж эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдээс дандаа бага байгаа бөгөөд үүн дээр нэмээд хүүхэд төрүүлж, асрах ачааллыг дангаар үүрэх зэрэг шалтгаанаас болж эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн хоорондох эдийн засгийн тэгш бус байдал буюу эдийн засаг дахь жендэрийн зөрүү арилахгүй байна. 

Эмэгтэйчүүд орлогынхоо 90%-ийг гэр бүлдээ зарцуулдаг. Харин эрэгтэйчүүд гэр бүлийнх нь хэрэгцээ хангагдахгүй байхад ч орлогынхоо зөвхөн 30-40%-ийг гэр бүлдээ зарцуулах хандлагатай гэсэн олон улсын судалгааны дүнг харгалзвал эмэгтэйчүүдийн орлого олох боломжийг нэмэгдүүлэх, баталгаажуулах нь жендэрийн тэгш байдлыг хангах, ядуурлыг бууруулахад нэн чухал ач холбогдолтой болох нь ойлгомжтой.     

Иймээс жендэрийн зөрүүг арилгах бодлого, зохицуулалт хийж чадахгүй бол ядуурал буурахгүй бөгөөд дан ганц эдийн засгийн өсөлт ядуурлыг арилгахгүй харин ч тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлдэг гэдгийг хүлээн зөвшөөрч эдийн засгийг өсгөх бодлогыг жендэрийн тэгш байдлыг хангах, ажлын байрыг бий болгох, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, ядуурлыг арилгах бодлоготой зэрэгцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай.

“Хүндлэлд хүйс хамааралгүй аян”-ы хүрээнд Хүний эрх хөгжил төвөөс боловсруулав