Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсаас хамгийн олон хуучин машин импортлогч улс Монгол болохыг НҮБ-ын судалгаа харуулжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өчигдөр НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр (Unep) байгууллага хуучин автомашины экспортын талаар дэлхий дахинд хийсэн томоохон судалгааныхаа тайланг танилцуулжээ.

Сая сая хуучин автомашин АНУ, Европ, Японоос буурай хөгжилтэй улс орнуудад худалдаалагдаж байгаа нь тэдгээр орнуудын агаарыг бохирдуулах нэг том хүчин зүйл болж байгааг уг судалгааны дүгнэлт харуулсан байна.

2015-аас 2018 оны хооронд өндөр хөгжилтэй орнуудаас нийтдээ 14 сая орчим хуучин автомашин дундаас доош орлоготой орнуудад нийлүүлэгдсэний 80 хувь нь суудлын зориулалттай байжээ. Тэдгээрийн 40 хувь нь Африк тивд экспортлогдсон байна.

Хуучин автомашины экспортоор тэргүүлэгч нь Европын Холбоо бөгөөд нийтдээ 7.5 сая машиныг голдуу умард болон баруун Африкийн орнуудад гаргажээ.

Судалгаанд хамрагдсан дэлхийн 146 орны гуравны хоёр нь импортын хуучин автомашины “сул” болон “маш сул” зохицуулалттай гэж Unep дүгнэсэн байна.

Мөн эдгээрээс 100 улс нь автомашины агаарын чанарын стандартгүй байгааг тогтоожээ.

Судалгаанд Монгол улсыг автомашины “насжилтад хязгаар тавьдаггүй”, “агаарын бохирдлын стандартгүй”, импортын автомашиныг зохицуулах “маш сул бодлоготой” гэж тодорхойлсон байна.

Мөн Монгол улс нь 2017, 2018 онуудад Япон улсаас хамгийн олон гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашин импортолсон улс болжээ.

 

Монгол улсын замын хөдөлгөөнд оролцож буй Toyota Prius загварын автомашинуудын 99 хувь нь Япон улсаас импортолсон хуучин техник байгаа бол Японоос импортолсон нийт автомашинуудын талаас илүү хэсэг нь Toyota Prius байгааг мэдээлсэн байна.

Гибрид хөдөлгүүртэй хуучин автомашины импорт 2012-2016 онд гурав дахин өссөнийг Unep-ийн тайланд дурджээ. Ийм өндөр өсөлт гарсны гол шалтгаан нь Монгол улсын засгийн газар хуучин автомашинаас ямар нэг нэмэлт татвар авдаггүйтэй холбоотой гэж тайлбарлажээ.

Судалгааны тайлантай танилцах бол энд дарна уу.