Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн зарлигаар С.Дашзэвэг, Ч.Цогтжаргал, Н.Ганболд нарт Бригадын генерал цол олгов

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.

Өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж буй Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой, “Монгол генералын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цолыг хүртээв.
Цэргийн дээд цол хүртээх тухай зарлигийн дагуу:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Сүрэнхорлоогийн Дашзэвэг,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чимэдгочоогийн Цогтжаргал,
  • Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Нямбуугийн Ганболд нарт Бригадын генерал цол тус тус хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга энэ үеэр хүндэтгэлийн ажиллагаанд оролцож буй нийт генералуудад хандан үг хэллээ.

Тэрбээр “Эх орныхоо тусгаар тогтнол, улс орныг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл хэрэг, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм генералууд Та бүхэнд “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлье.

Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог, эгэл түмэнтэйгээ амин холбоотой байдаг, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн “нууц” нь болсоор иржээ.

Монгол Улсын шинэ үеийн цэргийн дарга, генерал, офицерууд энэ уламжлалыг ямагт нэр төртэй сахин хадгалсаар байна.

ХХ зууны дунд үед буюу 1944 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх эрхэм хүндтэй энэхүү цэргийн дээд цолыг манай улсад бий болгожээ. Улмаар “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамлаж анх 11 хүнд олгосон түүхтэй юм.

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө ухамсарт амьдрал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм генералуудаар бахархах, хүндэтгэн дээдлэх, дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү баярын өдрийг жил бүр тэмдэглэх нь иргэд,  хүүхэд, залуучуудад эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой билээ.

Ийм ч учраас “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Сүрэнхорлоогийн Дашзэвэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чимэдгочоогийн Цогтжаргал, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Нямбуугийн Ганболд нарт өнөөдөр Бригадын генерал цол хүртээж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Баяр хүргэе!

Энэхүү эрхэм хүндтэй цолыг цэргийн хэргийн мэдлэг боловсрол, ажил албаны дадлага туршлага, албан тушаалынхаа зэрэг дэв зэрэг тусгай өндөр шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар олгодог нь нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл юм.

Улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, хууль сахиулах тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, тэнд алба хаагчдын  ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааны нэг гол чиглэл байсаар ирсэн, цаашид ч энэ бодлого тууштай үргэлжлэх болно.

“Мянган цэргийг олоху дор хялбар, Нэгэн жанжинг олоху дор бэрх” хэмээн их Чингис хаан нэгэнтээ өгүүлсэн байдаг.

Монгол Улсын генерал хэмээх цэргийн дээд цолтнуудаас БНМАУ-ын төрийн тэргүүн,  БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, УИХ (АИХ)-ын гишүүд, төрийн сайд, сансрын нисгэгч, эрдэмтэн мэргэд, анхны энхийг сахиулагчид, цэргийн дипломат ажилтнууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, үе үеийн алдар, суутнууд төрөн гарсан нь Монголын генералууд зөвхөн батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт төдийгүй улс орны хөгжлийн бүхий л үе шатанд манлайлан оролцож байсныг илтгэн харуулж байна.

Генерал хүн бол төрийн сүлдээ тэргүүндээ залсан нийт бие бүрэлдэхүүний эр зориг, эрдэм чадвар, хүний мөс, ёс зүйн үлгэрлэн дуурайх жишээ, дагаж омогших туг учраас бүх талаар өв тэгш боловсорсон манлайлагч байх учиртай юм.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын өнөөгийн өөрчлөлт, шинэчлэлт, дэлхий дахины энхийн үйл хэрэг, энх цагийн их бүтээн байгуулалт, улс орны хөгжил дэвшилд албан үүргээ гүйцэтгэж буй болон бэлтгэл, чөлөөнд байгаа эрхэм генералууд Та бүхний оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг үлэмж их билээ.

Ялангуяа улс орны хөгжлийг хурдасгах төмөр замын их бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож, үүгээр дамжуулан алба хаагчид мэргэжлийн чиг хандлагаа олох, нийгмийн асуудлаа шийдэх зэрэг бодит үр дүн гарч байгаа нь батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй төрийн бодлогын нэгэн чухал ололт, мөн дэвшил юм.

Энэ ч утгаараа Та бүхэн холч мэргэн ухаан, сэтгэлгээний цар хүрээ, удирдан зохион байгуулах чадвараараа өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, төр түмнийхээ итгэл найдварыг хүлээсээр байгаад Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд талархалтай хандаж, цаашид ч бүх талаар дэмжин ажиллах болно.

Эх орноо, иргэн түмнээ батлан хамгаалагчдын манлай нь болсон эр цэргийн хийморь, эрхэм генералууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Монгол генералын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулаад байсан бөгөөд өнөөдөр ёслон өнгөрүүлж байна.