Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Ээж нь хүүхдээ үгэнд орохгүй байхаар нь орцонд гаргаж шийтгэсэн гэсэн. Хүүд гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэнэ"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Алтай" хотхонд хөл нүцгэн орцондоо зогсож байсан хүүгийн зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. 

Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодрууллаа.

- Орцондоо зогсож байсан хүүхдийн асуудлыг шалгах ажил ямар шатанд явж байгаа вэ?  

- Одоогийн байдлаар зөрчлийн хэрэг үүсгээд шалгаж байна. Хүүхдийн биед гэмтэл хохирол учирсан эсэхийг мэдэхээр шинжээч томилуулан ажиллуулж байна. Мөн хорооны Засаг дарга, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, эмнэлэг, нийгмийн ажилтан зэргээс бүрдсэн хамтарсан багийнхан хүчирхийллийн шинж байсан эсэхэд нь үнэлгээ хийж байгаа.

Үнэлгээний хариу гарахад долоо хонох байх. Хэрвээ гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгээд шалгана. Тогтоогдохгүй бол хамтарсан багийн үнэлгээг харж байгаад Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно.

- Хүүхдээ ямар шалтгааны улмаас гаргасан юм бол?

- Үгэнд орохгүй байхаар нь “шийтгэсэн” гэсэн. Ээж нь ийм үйлдэл гаргасан байна лээ.  

- Тухайн үед хүү ээжтэйгээ хоёулаа л байсан уу?

- Тийм.

- Эцэг эхчүүд хүүхдээ шийтгэх байдлаар хүүхдээ гэрээсээ гаргах ийм явдал цагдаагийн байгууллагад хэр их бүртгэгддэг бол?

-  Ахуйн хүрээнд гэр бүлийнх нь хамаарал бүхий хүмүүс хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа. Мэдээлэгдэхгүй, харагдахгүй өнгөрдөг эрсдлүүд ч бий.

Өвлийн хүйтэнд хүүхдээ хөөж гаргаад, хүүхдийнх нь хөл гар хайрагдсан хэргүүд бүртгэгдэж шалгагдаж байсан. Дээрх тохиолдлын хувьд гэхэд байршил нь өөр буюу гэр хороололд, өвлийн нэг, хоёрдугаар сард ийм үйлдэл гаргасан бол яах байсан юм.

Хөршгүй айл гэж байхгүй. Хүмүүс хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой зүйл мэдсэн л бол сайн мэдээлж байх хэрэгтэй байна. Бага насны хүүхэд өөрөө хаана хандахаа мэдэхгүй. Ээж, аав гэдэг өөрсдөө хүүхдээ хамгаалах үүрэгтэй хүмүүс шүү дээ.