Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: 8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийджээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ЗГХМОНХХ-ээс авав.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Хурлаас хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8,000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоог 103-аар нэмэгдүүлж, төсвийг шийдвэрлэсэн тухай ЗГХМОНХХ-ээс мэдээллээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Одоогоор улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй 53 албан хаагч /нийслэлд 30, орон нутагт 23/ ажиллаж байна. Энэ нь нэг хүнд ерөнхий боловсролын 12-13 сургууль, 3-4 их, дээд сургууль, коллеж, 0-18 хүртэлх насны 19 мянга гаруй хүүхэд оногдож байна гэсэн үг юм.

Нэмж 103 байцаагч ажиллуулахад шаардагдах 2.5 тэрбум төгрөгийг жил бүрийн төсөвт тусгаж байхаар боллоо.

Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээнээс үзвэл сүүлийн гурван жилд 3,378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5,043 хүүхэд гэмт халдлагад өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн 45.2 хувийг хулгайлах, 28.5 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 8.4 хувийг дээрэмдэх, тус бүр 7.5 хувийг залилах, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, 3.4 хувийг хүчиндэх, 2.1 хувийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг эзэлж байна.

Тэвэл хүүхдүүдийн 23.8 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 25.3 хувь нь хүчиндэх, 9.0 хувь нь хулгайлах, 8.2 хувь нь дээрэмдэх, 5.0 хувь нь залилах, 6.7 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас хохирчээ.

“Хүүхэд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр бүх хүчээ дайчилж ажиллах ёстой. Олон улсын жишгийн дагуу 8,000 хүүхэд тутамд  нэг байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ. Төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүхэн санаачилгатай ажиллах нь чухал” гэдгийг санууллаа.



Зөвхөн 2020 он гарсаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон бөгөөд тэднээс 82 хүүхэд нас барж, 290 нь гэмтжээ. Энэ хугацаанд улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болов.

Яг энэ байдлаараа буюу бид ямар ч арга хэмжээ авахгүй явбал 2025 гэхэд зөвхөн бэлгийн хүчирхийллийн хохирогч болох хүүхдийн тоо жилдээ 500 хүрэхээр байгаа судалгааг салбарынхан нь хийсэн байна.

Орон даяар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр 53 цагдаа (нийслэлд 30, орон нутагт 23) байгаагаас 10 нь жирэмсний амралттай. Үлдсэн 43 нь ажлын ихэнх цагийг насанд хүрэгчдийн дунд болсон гэр бүлийн хүчирхийллийн хэрэгтэйгээ тэмцээд таардаг тухай ikon.mn хөндөж байсан билээ.