Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд автомашинаар өөрийн үйлдвэрлэсэн, борлуулж буй бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай, хямд өртгөөр таслалтгүйгээр түгээх нь нэн тэргүүнд анхаарах асуудал билээ. Иймд Засвар үйлчилгээ гэх мэт урсгал зардал байнга гарч байдаг хэдий ч таны бизнесийн зогсолтгүй байдлыг хангадаг ачааны автомашинаа хэрхэн сонгох , Мөн ямар үзүүлэлтийг чухалчлаж үзэх шаардлагатай байдаг вэ?
Тэгвэл бид танд дэлхийн томоохон компаниудын худалдан авалт хийхдээ зайлшгүй анхаардаг 3-н зүйлийг танилцуулая.
1. Автомашин буюу шасси /CHASSIS/ зөв сонгох.
Бидний хэлж заншсанаар шасси /Chassis/ гэдэг нь тухайн ачааны автомашины үндсэн их бие буюу арал юм. Энэхүү арал дээр холбогдох ачааны зориулалттай нэмэлт төхөөрөмжүүд /body application/ -ийг байршуулснаар ачааны автомашин нэгэн цогц болж ажил үүрэг гүйцэтгэх юм. Мөн тухайн автомашины моторын хүчин чадал багтаамж, ачааны рамны урт, тэнхлэгийн тоо, зэргээс хамааран хэрэглэгч өөрийн хүссэн загвараа захиалах боломжтой ба ямар төрлийн бизнест ашиглахаас хамаарч автомашины зориулалт өөрчлөгдөнө. Үүнийг хэрэглэгчид маш сайн ухаарч зөв сонголт хийх нь бизнессийн үр ашгийг нэмэгдүүлдэнэ.
Жишээ нь: Та шингэн хүнс түгээдэг компанитай бол ямар төрлийн ачааны автомашиныг сонгох ёстой вэ?
Нэгдүгээрт: тухайн автомашины ачаалал авах даацыг тооцоолох хэрэгтэй болно. Учир нь шингэн хүнс буюу ус, ундаа, сүү зэрэг нь овор багатай боловч массын хувьд нэлээдгүй хүнд жинтэй байдаг. Иймд энэхүү зориулалтаар ашиглах автомашин нь хэмжээгээр жижиг боловч моторын хүчин чадал өндөртэй, нэмэлт хүчитгэсэн ган нумтай, тусгай зориулалтын тээврийн чингэлэгээр тоноглогдсон байх шаардлагатай.
Харин эсрэгээрээ нүүлгэлт, тавилгын үйлдвэр зэрэг бизнест ашиглах автомашин нь ачааны чингэлэг томтой байх ба шингэн хүнсний машин шиг өндөр хүчин чадалтай хөдөлгүүр нум зэрэг шаардлагагүй юм. Шалтгаан нь тавилга овор ихтэй ч жин харицангүй бага байна.
2. Тээврийн зориулалт бүхий тусгай төхөөрөмжүүдийг зөв сонгох
Ачааны автомашины тээврийн зориулалт бүхий тусгай төхөөрөмжүүд гэдэгт хөргүүртэй болон энгийн чингэлэг, өөрөө буулгагч болон энгийн тэвш, хүнсний болон бусад шингэн тээвэрлэх торх /Ёмкост/, өргөгч төхөөрөмж зэргийг өөрийн бизнесийн онцлог болон тээвэрлэлт хийх бүтээгдэхүүний онцлогт тохируулан сонгоно.
Ачааны автомашины тээврийн зориулалт бүхий тусгай төхөөрөмжүүдийг сонгоход энгийн ойлгомжтой мэт боловч үүний цаана олон хүчин зүйлсийг тооцоолох шаардлагатай байдаг.
Жишээ нь: Та шингэн хүнс тээвэрлэх бол олон баганан тасалгаатай, шал нь төв рүү 2 хэмээр налсан, зах руугаа өгсүүр хайрцаг захиалах нь зүйтэй. Учир нь шингэний тээвэрлэлтийн үед замын эргэлт хэсэгт хүндийн төв шууд гадагш тэмүүлэх ба уг барааны жинг хэд дахин нэмэгдүүлсэн инерци үйлчлэх учир тээврийн чингэлэг задрах, хэвээ алдах, цаашлаад машины тэнцвэр алдах хүртэл асуудал үүсэж болзошгүй. Мөн зориулалтын бус ачааны автомашинд тээвэрлэсэн тохиолдолд бүтээгдэхүүний сав баглаа боодол хэлбэрээ алдах, шалчийх , задрах зэрэг эрсдэлтэй учирна.
3. Мэргэжлийн байгууллагад хандах.
Ихэнхи бизнесийн байгууллагууд автомашин сонгохдоо мэргэжлийн бус хувь хүн, компанид хандах, судалгаа хайгуул бага хийдэг. Эдгээрт багахан хэмжээний цаг зарцуулахаас төвөгшөөж шууд худалдан авалт хийснээр ирээдүйд олж болох ашгаа бууруулж, сөрөг үр дагавартай их хэмжээний нэмэлт зардлууд гаргах эрсдэлийг бий болгодог.
Иймд, та нэгэнт өөрийн бизнесийн үр ашгаа нэмэгдүүлж, цаашид урт хугацаанд хэрэглэгдэх автомашиныг худалдан авч байгаа учир мэргэжлийн байгууллага, мэргэжилтэнд заавал хандаарай. Учир нь тэд энэ чиглэлээр мэргэшсэн, арвин туршлагатай учир хаана ямар эрсдэл учирч болохыг хэнээс ч илүү сайн мэддэг.
Үүнтэй холбоотой жишээ дурьдвал:
Нэгэн компани хуучин солонгос автомашинаар өөрийн бүтээгдэхүүнийг түгээдэг ба супермаркетуудад бүтээгдхүүнээ нийлүүлдэг. Нэг биш нилээд олон төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх ба бүтээгдэхүүнүүд жингийн хувьд харилцан адилгүй хүндтэй Подон ашигладаг ч сэрээт өргөгч ашиглах боломжгүй. Заримдаа хөлдөөсөн хүнс ч тээвэрлэх шаардага гардаг. Ийм компанид ямар төрлийн машин ашиглах нь зүйтэй вэ?
1. Хот дотор түгээлт хийхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй автомашин байвал тохиромжтой.
2. Сэрээт өргөгч ашиглах боломжгүй тул машинд бүтээгдэхүүн ачих Лифт суурилуулж өгвөл тохиромжтой.
3. Мөн өөр өөр төрлийн бүтээгдэхүүн ашиглах тул таславч хана ашиглах шаардлагатай, гэвч бүтээгдэхүүн хэр хэмжээгээр тээвэрлэх нь тодорхойгүй учир таславч хана хөдөлдөг байвал зохистой.
4. Хэрэв мах, хөлдөөсөн бүтээгдэхүүн ашиглана гэвэл хөргүүр систем хэрэгтэй.
Бид эдгээр олон функцуудыг ганц машинд шийдэж өгснөөр энэхүү компани эдгээр 4 төрлийн машин ашиглах шаардлагагүй болсноор ихээхэн хэмжээний хөрөнгө хэмнэж дээрээс ухаалаг хөрөнгө оруулалт хийх нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!