Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цалингаа голсон Их Британийн ерөнхий сайд огцрохоор төлөвлөж байгааг хэвлэлүүд мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Британийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тус улсын ерөнхий сайд Борис Жонсон цалингаа чамлаж, ирэх оны хавраас албан тушаалаасаа буух бодолтой байгаа гэнэ.

Жонсон одоо жилд 150,000 орчим паундын ($194,200) цалин авдаг ч амьдралд нь хүрэлцдэггүйг ойрын хүмүүстээ ярьсан байна. Тэрбээр Европын Холбооны гишүүнчлэлээс улс орноо гаргах (Brexit) ажлыг дуусгаж, коронавирусийн цар тахал намжихтай зэрэгцэн зургаан сар орчмын дараа ажлаа өгөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Жонсон ерөнхий сайд болохоосоо өмнө илүү өндөр орлоготой байжээ. Түүний өмнөх ерөнхий сайд асан Тереза Мэй огцорсноосоо хойших хугацаанд янз бүрийн байгууллагуудад урилгаар илтгэл тавьж, нийтдээ нэг сая орчим паундын орлого олсон нь үүнд бас нөлөөлж байгаа гэнэ.

Борис Жонсон үүнээс ядаж хоёр дахин өндөр орлого олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.

Тэр ерөнхий сайдын албан тушаалд томилогдохоосоо өмнөхөн нэг сарын дотор хоёр газар илтгэл тавиад 160,000 паунд олж байсан гэнэ. Жонсон бас үндсэн мэргэжлээрээ ажиллаж байхдаа буюу Daily Telegraph сонинд нийтлэл бичдэг байхдаа сард 23,000 паундын цалин авдаг байжээ. 

Энэ нь жилд 275,000 орчим паунд олдог гэсэн үг юм.

2019 онд Жонсоныг ерөнхий сайдын албан тушаалд томилогдох гэж байхад түүний сүүлийн нэг жилийн орлогыг 829,000 паунд гэж Sunday Times сонин тооцоолж байв.

Үүнд парламентын гишүүний цалингаас гадна илтгэлүүд, бичсэн номын орлого зэргийг нь тооцоолжээ.

Өмнөх гэрлэлтүүдээсээ олон хүүхэдтэй Жонсон саяхан аав болж, Уилфред хүү нь зургаан сар хүрч байгаа. Түүний санхүү мөнгөний хэрэгцээ нэмэгдсэн тул албан тушаалаасаа татгалзах талаар бодож эхэлсэн гэж хэвлэлүүд таамаглажээ.

 

Эх сурвалж: Daily Mirror