Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Хамгийн эхэнд АНУ-ын Сангийн яам Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах саналтай байна гэдгээ илэрхийлсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалт гарах эсэх удахгүй шийдэгдэх гэж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаст нийтэлсэн байсан. Энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.  

-Та Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах саналд бусад улс орнууд нэгдсэн талаар мэдээлсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын Саарал жагсаалтаас гарах эсэхийг шийдвэрлэдэг ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг хуралдсан. Энэ нь манай Байнгын хороотой адил байгууллага юм. 

Манай улсад ирж ажилласан үнэлгээний хэсэг тайлангаа танилцуулаад, ирж ажилласан үнэлгээний хэсгүүд Монгол Улсын Саарал жагсаалтаас гаргах саналаа илэрхийлсэн. 

Эхлээд АНУ-ын Сангийн яам Монгол Улсын Саарал жагсаалтаас гаргах саналтай байна гэдгээ хэлсэн. Үүний дараа Английн Сангийн яам мөн ийм санал илэрхийлсэн. Дараа нь БНХАУ-ын төв банк Монгол Улсын Саарал жагсаалтаас гаргах саналтай байгаагаа хэлсэн. Түүний дараа Евро Азийн мөнгө угаах, терроризмийн эсрэг зөвлөл манай улсын Саарал жагсаалтаас гаргах саналтай байгаагаа хэлсэн. 

Ингээд эдгээр саналыг эсэргүүцэх улс орох байгаа эсэхэд санал хураалт явуулсан. Нэг ч улс эсэргүүцээгүй. Онлайн хуралд 100 гаруй орон оролцсоноос бүгд 100 хувийн саналаар Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах санал дэмжигдсэн. 

Ингэснээр аравдугаар сарын 21-23-нд хуралдах нэгдсэн хуралдаанаар шийдэгдэнэ. 

-ФАТФ-ын нэгдсэн хуралдаан ямар бүрэлдэхүүнтэй хуралдах вэ. Дээр дурдсан санал өөрчлөгдөх үү?

-Бид ФАТФ-ын хуралдаанд оролцохгүй. Гишүүн орнууд нь оролцоод хяналтын бүлэг дээр яригдсан асуудлуудыг баталгаажуулна. 

-ФАТФ-ын үнэлгээний баг ямар ямар дүгнэлт хийсэн бэ?

-Манайхыг тавигдсан бүх шаардлагыг хангасан гэж үзсэн. Цаашид тавигдах шаардлагыг хангах хууль эрх зүйн орчинтой болсон, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх асуудлууд ахицтай явж байна гэж үзсэн. 

-ФАТФ-ын албан ёсны шийдвэр энэ сарын 21-23-ны хооронд баталгаажих юм байна. Тэгвэл Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах шийдвэр баталгаажсан даруйд гадныг гүйлгээг хянах явдал зогсоно гэсэн үг үү?

-Одоо Монголоос ААН-үүд, иргэд гадаад руу гүйлгээ хийхэд банкууд хаанаас орж ирснийг хянаад Монголоос байвал зайлшгүй хянах ажиллагаа хийж, нэмэлт зардал гаргаж байсан. Тэгэхээр одоо ФАТФ-ын шийдвэр баталгаажмагц Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргаад, мэдээллээ ФАТФ өөрийн вэб сайтдаа тавих юм. 

Ингэж дэлхий нийтэд Монгол Улс Саарал жагсаалтаас гарсныг мэдэгдсэнээр гадаад дотоод гүйлгээг хянаж шалгах явдал харьцангуй буурна.