Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны III улиралд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн шүүн таслах ажлын дүн мэдээг өнөөдөр танилцуулав.
Энэ үеэр Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Албан тушаалтны гэмт хэрэг нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга авлига авсан атлаа хэргээ хоёр дахь удаагаа хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байна. Хялбаршуулсан журмыг ямар тохиолдолд ашигладаг юм бэ?
-Хялбаршуулах журам нь мөрдөн байцаах шатандаа явж байх үедээ тухайн хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа иргэн, хуулийн этгээд нь өөрөө хэргээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулах журмаар шийдвэрлэдэг.
Тэр үедээ хэргээ хүлээн зөвшөөрөөгүй гээд шүүхийн шатанд очиж байгаа бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ямар ч боломж байхгүй бөгөөд шүүхийн журмаараа шийдэгдэнэ.
-Хөөн хэлэлцэн хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгаад байсан. Яг энэ төрлөөр шүүхээр шийдэгдсэн хэрэг байгаа юу?
- Одоогийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгасан чиглэлээр шүүх дээр шийдэгдсэн хэрэг байхгүй.
Харни прокурорт шалгагдаж байгаа хэд хэдэн хэрэг бий.
-"Жаст"-ын Ш.Батхүүгийн хэргийн явц хэрхэн үргэлжилж байгаа вэ?
-Долоо дахь хоног дээрээ явж байна. Өнөөдөр бидний авсан мэдээллээр эд мөрийн баримтыг шалгах явцдаа байгаа юм байна. Тиймээс энэ долоо хоногтоо багтаж шийдвэр нь гарах болов уу гэж харж байна.
-Нигери улсын хоёр иргэн их хэмжээний хар тамхи худалдан борлуулсан хэргээр ял шийтгэл авсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээр үүнийг хэрэгсэхгүй болгосон. Үүний үндэслэлийг тайлбарлахгүй юу?
- Бид шүүгчийн шийдвэрийг тайлбарлах боломжгүй. Энэ талаар нэг ташаа мэдээлэл явсан.
Тодруулбал, Нигери улсын иргэдэд холбогдох хэрэг нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээг нь цуцлаад тухайн иргэд нь өөрсдөө сул чөлөөтэй явж байгаад дахиж хар тамхи зөөвөрлөж зарсан гэдэг нь худал.
Өөрөөр хэлбэл, шүүхээс тухайн иргэдийн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!