Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын анхны хамтын Хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний Хувьчлалын Сан" арилжааны ЦАН ЦОХИЛОО

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

"Үндэсний Хувьчлалын Сан" хамтын Хөрөнгө Оруулалтын Сан (ХОС) нь өнөөдөр анхдагч зах зээлийн арилжаагаа нээж, ЦАН ЦОХИСОН түүхэн үйл явдал тохиолоо.

Ингэснээр хөрөнгө оруулагчид харилцагч үнэт цаасны компаниараа дамжуулан ХОС-аас гаргаж буй нэгж эрхийн захиалгаа өгөх боломжтой боллоо. Тодруулбал: 

  • Олон нийтэд санал болгож байгаа нэгж эрх: 47,500,000 ширхэг
  • Нэгж эрхийн үнэ: 100 төгрөг
  • Нийт татан төвлөрүүлэх хөрөнгө: 4,750,000,000 төгрөг 
  • Арилжаа зохион байгуулах байгууллага: Монголын хөрөнгийн Бирж ТӨХК
  • Захиалга авах хугацаа: 2020.10.05-2020.10.15 

"Ард Менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан тус сан нь Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан болсноороо онцлог билээ. ХОС нь хөрөнгө оруулалтын цоо шинэ бүтээгдэхүүн болох нэгж эрхийг иргэдэд санал болгож байгаа бөгөөд хувьцаа, бонд зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд сангаар дамжуулан хөрөнгө оруулж, хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх боломжийг олгох аж.

 

Хөрөнгө оруулагчид ХОС-ийн нэгж эрхийг эзэмшсэнээр дараах давуу талуудыг олж авах юм. Үүнд, 

  1. Өгөөж. Сан нь өндөр өгөөж бүхий хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх ба хөрөнгө оруулагчдадаа жилд дунджаар 17.6%-ийн өгөөжтэй ажиллахаар төлөвлөөд байна.
  2. Ил тод. Сангийн хөрөнгө оруулалтууд болон нэгж эрхийн үнэлгээний мэдээллийг өдөр бүр www.ardmanagement.mn сайтаар харж, хөрөнгө оруулалтаа хянах боломжтой.
  3. Хөрвөх чадвар. Та сангийн нэгж эрхийг хөрөнгийн бирж дээр худалдан авч мөн зарж болно. Ханш нь Сангийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл болон зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамааран тогтоно.
  4. Төрөлжүүлсэн багц. Та сангийн нэгж эрхээр дамжуулан гадаад, дотоодын биржид бүртгэлтэй компанийн хувьцаа, бондыг шууд бусаар эзэмшинэ.
  5. Цаг бол алт. Тус сан нь нарийн судалгаан дээр үндэслэн, оновчтой хөрөнгө оруулалтын аргыг ашиглан хөрөнгийг тань удирдах тул таны цагийг хэмнэнэ.

"ЗАВ, ЧӨЛӨӨГҮЙ АЖИЛЛАДАГ ИРГЭД МӨНГӨӨ ХАМГИЙН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БАЙЛГАХ БОЛОМЖ ГАРЧ ИРЛЭЭ"

 

Цан цохих арга хэмжээний үеэр “Үндэсний Хувьчлалын Сан” хамтын ХОС-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг "Өнөөдөр бидний хувьд баяртай, бахархалтай өдөр тохиож байна. "Үндэсний хувьчлалын сан"-ийн нэгж эрх хэмээх цоо шинэ бүтээгдэхүүн  Монголын Хөрөнгийн Бирж дээр мэндэлж байна. Иргэд өмнө нь зөвхөн компанийн хувьцаа, бондыг авах боломжтой байсан бол энэ удаа шинэ хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлж шинэ бүтээгдэхүүн гаргаж ирж буй нь энэ юм.

"Үндэсний Хувьчлалын Сан"-ийн гол онцлог нь хөрөнгө оруулагчид нэг компанийн биш 20,30 компанийн хувьцааг багцлаад 100 төгрөгийн нэгж бүхий үнээр худалдан авч, өгөөжөө тогтвортой барин, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын удирдлага дор багцаа удирдуулах боломж юм. 

Нөгөө талд банкны хугацаагүй хадгаламжтай адил хөрөнгө оруулагчид шаардлага гарсан үедээ өгөөжөө тооцоод буцаагаад Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан худалдах боломжтой. Зав, чөлөөгүй ажилладаг иргэд мөнгөө хамгийн өндөр өгөөжтэй байлгах боломж гарч ирлээ. Иргэдэд мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулах боломжийг бид бүрдүүлнэ" хэмээв.

"ИРГЭД МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД МӨНГӨӨ ДААТГАЖ, ЗҮЙ ЗОХИСТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛСОНД БАЯРТАЙ БАЙНА"

 

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан "Бид хөрөнгийн зах зээлийг цогцоор нь хөгжүүлэх ёстой. Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ ирэх жил 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ хугацаанд хувьцаа, бонд гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнтэйгээр өдий хүрлээ. Өнөөдрийн хувьд нэгж эрх гэсэн шинэ бүтээгдэхүүн бий болж байна. Иргэд мэргэжлийн хөрөнгө оруулагчдад мөнгөө даатгаж, зүй зохистой хөрөнгө оруулалт хийх боломжтой болсонд баяртай байна" гэв. 

"ИРГЭДЭД ДОТООД, ГАДААДЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ" 

Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалан "Хөрөнгийн Бирж дээр цоо шинэ бүтээгдэхүүн мэндэллээ. Өмнө нь иргэд зах зээлээс нэг компанийн хувьцаа, нэг компанийн бонд авдаг байсан. Мөн ихэнх иргэдийн хувьд энэ төрлийн шийдвэр гаргахад санхүүгийн мэдлэг боловсролоос авахуулаад туршлагагүй байдгаас болж, алдаа гаргах явдал их байсан. Харин энэ удаа сангийн нэгж эрх мэндэлснээр иргэдийн хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулагчид удирдаж өгдөг болж байгаа юм. Мөн иргэд олон компанийн хувьцаа, бонд худалдан авч, цаашлаад гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэж байна" хэмээн тодотголоо.