2020/10/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,851.99₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-10°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-13°
06:00
S26
-4°
07:00
S29
-5°
08:00
S30
-6°
09:00
S30
-5°
10:00
S32
-4°
11:00
S32
-3°
12:00
S30
-2°
13:00
S30
-1°
14:00
S30
-1°
15:00
S30
-1°
16:00
S30
-1°
17:00
S30
-2°

Монос, Жигүүр гранд, Макс группийн Ерөнхийлөгч нарыг "Хөдөлмөрийн баатар цол"-оор шагналаа

President.mn
2020 оны 9 сарын 26
President.mn
 

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор:

“…Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах болон эрүүл мэнд, барилга, дэд бүтэц, худалдаа, хүнс, аж үйлдвэрийн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо нийгэм эдийн засгийн салбарт өндөр хувь нэмэр оруулж буй”

  • “Монос” группийн ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар,
  • “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Дашбалжирийн Баттөр,
  • “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар нарыг шагналаа.
 

Монгол Улсын гавьяат цолоор:

“…Үндэсний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, чөлөөт зах зээлийг дэмжих, Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хүнс, худалдаа, аж үйлдвэр, агаарын тээврийн салбарыг шинэ түвшинд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй”

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ашиглалтын инженер Дүүгийн Адъяа,
  • “Витафит милк” ХХК-ийн захирал Содномын Болорсайхан,
  • “Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Чойдонгийн Ганцэцэг,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг,
  • “ОБ Пластик” ХХК-ийн ерөнхий захирал Жамцын Отгонбаяр,
  • “Жүр үр” ХХК-ийн дэд захирал Баасангийн Мөнхзул нарыг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор;
  • “Моннидер” ХХК-ийн захирал Энхбаатарын Алтанбагана,
  • “Түшиг групп” ХХК-ийн захирал Ганзоригийн Баттүшиг,
  • МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Магваны Оюунчимэг,
  • “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Банзарын Жаргалсайхан нарыг Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор;
  • “Хурд групп” ХХК-ийн барилгын даамал Мятавын Хүрэлбаатарыг Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор;
  • “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн дарга Дашдондогийн Баярсайханыг Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор тус тус шагнасан юм.

Сүхбаатарын одонгоор:

“…Мал аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингэсэн эцсийн боловсруулалт хийж,  олон улсын стандарт шаардлагыг хангасан өндөр чанар, загвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын эскпортод чиглэсэн улс болох үндэсний ашиг сонирхлыг манлайлан ажиллаж, улсынхаа эдийн засаг, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан тус компанийн үе үеийн ажилтан албан хаагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж” “Говь” ХК-ийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Баялаг бүтээгчид ээ,

Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны гавшгайчид аа,

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ой, Монгол Улсад хувийн хэвшил үүсэн бий болсны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа нь баялаг бүтээгчид, бизнесийн салбарынхны хувьд давхар давхар баяр болж байна.

Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаагүйгээр хүн төрөлхтний оршин тогтнохуй, хөгжил дэвшлийг төсөөлөх боломжгүй билээ. Монгол Улс нийтийн жишгээр хувийн өмч, хувийн бизнесийг хуульчлан хамгаалах болсон нь 1990 оны  Ардчилсан хувьсгалын хамгийн том үр дүн, үнэт зүйл болж билээ. Чухамдаа хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгчдийн өдөр бүрийн шаргуу хөдөлмөр зүтгэлээр Монгол Улс эрс өөрчлөгдөн шинэчлэгдсэн юм. Ганцхан жишээ дурдахад, 1990 оноос өмнө малын тоог 25 саяд хүргэх зорилтыг удаа дараа тавиад биелээгүй байдаг. Гэтэл малыг хувьчилснаас хойш жил өнгөрөхөд 25 саяд хүрч, одоо 70-80 саяар тоологдох хэмжээнд хүрчээ.

Дүгнэж хэлэхэд, 2019 оны эцсийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81 хувийг мөн хувийн хэвшил бүрдүүлж, нийтдээ 9.7 их наяд төгрөгийг татвараар дамжуулан нийгэмдээ өгчээ.

Иргэдийн амьжиргааг дээшлүүлж, тогтвортой орлогыг бий болгох хамгийн зөв халамж бол ажлын байр юм. Өнөөдөр хувийн хэвшил нийт ажлын байрын 71 хувийг хадгалж байна.

Манай эдийн засгийн уламжлалт, үндсэн салбар болох хөдөө аж ахуйн түүхий эдийн боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл цэвэр хувийн хэвшил дээр тогтож, уул уурхайн бус экспорт – ноос, ноолуурын худалдаанд хувийн хэвшил тэргүүлж байна.

Монгол Улс баялаг бүтээгчдээ хүндэлж, тэднээр бахархаж, санал санаачилгыг нь дэмжиж, бүхий л бололцоог нь олгож байх учиртай. Олон ажлын байр бий болгож, хүмүүсийг цалинжуулж байгаа хүн бол манай нийгмийн баатар, бүгдийн хүндлэл, талархлыг хүлээх эрхэм байх ёстой. Ийм ч учраас ионголын төр өнөөдөр баялаг бүтээгчдээ шагнаж, гавьяаг нь тодотгож байна.

“Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Дашбалжирын Баттөр, “Монос” группийн ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар, “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. Үүсгэн байгуулсан, үйлс бүтээл нь дэлгэрсэн компаниараа овоглогдсон энэ гурван эрхмийн хийсэн бүтээсэн, босгосон зүтгэснийг нь монголчууд дэндүү сайн мэдэх учир тоочих шаардлагагүй гэж бодож байна. Барилга, үйлдвэрлэл, худалдааны салбарт энэ хүмүүс шинэ стандарт, шинэ чанарын жишгийг тогтоож, баялаг бүтээгчдийг үлгэрлэн дагуулж чадсан байна.

Давхар баярын энэ сайхан өдөр үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарын манлайлагчдад Монгол Улсын гавьяат цол тэмдгийг олгож байна.

Мөн монголын нэрийг дэлхийд таниулж байдаг онцгой брэндийг бүтээгч “Говь” ноолуурын үйлдвэрийн хамт олныг Сүхбаатарын одонгоор шагнаж байна. Ноолуурын зах зээлийн гол тоглогчийн нэг болтлоо танигдсан, монголын үйлдвэрлэгчид дотроос дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг эзэлж чадсан “Говь” брэнд бол манай үндэсний бахархал, монгол чанар, онцлогийн илэрхийлэл билээ.

Бизнес эрхлэгчид Та бүхэн маань шулуун дардан замаар явж ирээгүй, өр зээлэнд орж, эд хөрөнгөө хураалгаж, зээлийн өндөр хүүгийн дарамтад орж, ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хүнд байдал үүсэж, унаж босож одоогийн амжилтаа гаргасан байдаг. Энэ замыг бүхий л хувийн хэвшил туулсан. Олон мянган хүнийг ажлын байраар ханган амьдралын баталгааг нь бий болгож, бизнес хийнэ гэдэг хамгийн том хариуцлага байдаг. Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөл болгож, өнөөдөр Та бүхэнд Монголын төр талархал илэрхийлж байгаа юм.

Эрхэм баялаг бүтээгчид ээ,

Хувийн өмч, чөлөөт хөдөлмөр, зах зээл нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөний бат суурь бөгөөд үүнгүйгээр жам ёсны хөгжил дэвшил хэзээ ч ирэхгүй.

Тийм ч учраас өнөөдөр, хоёр ойн баяр давхцсан энэ өдөр Монгол Улсын баялаг бүтээгч манлайлагчид, бизнес эрхлэгчдийн амжилт бүтээл, гавьяа зүтгэлийг үнэлэн Төрийн дээд одон, медалиар шагнан алдаршуулж байгаа юм.

Улс орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө Та бүхний хийсэн бүтээсэн бүхэнд нийт иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа талархаж, гүн хүндэтгэл илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэлтэй нөхцөлийг даван туулахад төр засагтаа, ард түмэндээ Та бүхэн ажлын байрыг хадгалснаараа үнэлж барамгүй их тусыг хүргэж байгаа гэдгийг мөн онцлон тэмдэглэж байна.

Монголын эдийн засаг одоогийнхоосоо хэд дахин тэлэх нөөц, боломж бий. Бид үргэлж жижигхэн байхгүй, агшиж суухгүй. Бизнесүүд тэлэх, өргөжих нь маш чухал байна. Төрөөс алсын хараа, хэтийн бодлогоор залж чиглүүлж чадвал Монголын бизнесийн салбарт асар их ирээдүй бий бөгөөд үндэстнээ сайн сайхан амьдралд хүргэх чадал чансаа, чадавхтай. Хүн бүр хөдөлмөрлөж, баялаг бүтээж, улс үндэстнээ хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй улс болоход өөр өөрийн хувь нэмрээ оруулж, гар бие оролцохыг уриалж байна.

Монголчуудыг, Монгол Улсыг хүчирхэг эдийн засагтай, тогтуун хангалуун улс болгох галт тэрэгний зүтгүүр нь өөр хэн ч биш үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та нар юм шүү. Тиймээс эдийн засгаа 100 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө төр, хувийн хэвшил харилцан ашигтайгаар хамтран ажиллах хэрэгтэй.

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхим, баялаг бүтээгчдийн өмнө хүрсэн амжилт, ололтоо улам ахиулах, бүтээмж, орлогоо нэмэгдүүлэх замаар хөгжлийг түргэсгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах чухал зорилтыг 60 жилийн ойтойгоо зэрэгцэн дэвшүүлэх учиртай. Нийтийн сайн сайхны төлөөх бүтээлч эрэлхийлэл, баялаг бүтээх явцыг Та бүхэн цаашид ч манлайлан монгол хүн бүрд хангалуун амьдрал, гэрэлт ирээдүйг авчрах хөгжлийн зүтгүүр нь байх ёстойгоо үргэлж санаж яваарай. Та бүхэнд улам их амжилтыг хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголын баялаг бүтээгчдийн үйлс дэлгэрч, амжилт бүтээл нь арвин их ач тусаа өгөх болтугай” гэлээ.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

x