Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Японы компани коронавирус устгадаг хэт ягаан туяаны гэрэл бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Япон улсын гэрэлтгүүлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Ushio компани саяхан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэлгүйгээр коронавирусийг устгадаг хэт ягаан туяаны гэрэл бүтээснээ зарлажээ.

“Care 222” нэртэй UV (ultra violet) гэрлийг тус компани АНУ-ын Колумбийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран бүтээсэн байна.

Автобус, галт тэрэг, цахилгаан шат, оффис зэрэг хүн олноор зорчдог газруудад уг гэрлийг асааснаар коронавирусийг устгаж, ариутгах үүрэг гүйцэтгэх ажээ.

 UV гэрлийг эрүүл мэнд, хүнсний салбарт ариутгалын зорилгоор өргөн ашигладаг ч арьсны хорт хавдар, нүдний өвчин үүсгэх эрсдэлтэй тул хүн байгаа газарт хэрэглэх тохиромжгүй байдаг.

Харин Ushio компанийн гэрэл нь уламжлалт 254 нанометрийн биш, 222 нанометрийн долгионы урттай UV ялгаруулдаг тул хүний эрүүл мэндэд хоргүй юм байна.

Ийм долгионы урттай гэрэл хүний арьсанд нэвтэрдэггүй, нүдэнд сөрөг нөлөө үзүүлдэггүйг тус компани баталжээ.

Таазанд суурилуулсан ийм гэрэл агаар дахь вирус, бактеруудын 99 хувийг идэвхгүй болгож, 2.5 метр зайд байгаа 3 м.кв талбайтай гадаргуу дээрх вирусийг 6-7 минутын дотор устгах чадалтай гэнэ.

1.2 кг жинтэй “Care 222” гэрэл нь хэмжээний хувьд хатуу хавтастай номны дайтай бөгөөд 300,000 иений ($2,860) үнэтэй зах зээлд гарч байгаа ажээ.

Одоохондоо зөвхөн эрүүл мэндийн байгууллагуудаас захиалга авч байгаа ч үйлдвэрлэл нь жигдрэх үед дурын хэрэглэгчээс захиалга авахаа Ushio мэдэгдсэн байна.

Тус компани одоо Toshiba Lighting and Techology компанитай хамтран жирийн хүмүүсийн хэрэглээнд зориулсан UV гэрэл бүтээхээр ажиллаж байгаа гэнэ.

Энэ бүтээгдэхүүнээ ирэх оны нэгдүгээр сард зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Kyodo News