Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын хамгийн өндөр барилга “Бамбар Цамхаг”-ийг Токио хотод босгоно

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Япон улсын хамгийн өндөр барилга болох 390 метр өндөр “Torch Tower”-ийг Токио хотод босгох төлөвлөгөөгөө Mitsubishi Estate компани өчигдөр танилцуулжээ.

2027 онд ашиглалтад орох барилга 500 тэрбум иений ($4.7 тэрбум) зардлаар босох гэнэ.

Газар доор дөрвөн давхартай цамхаг газраас дээш 63 давхартай байх ба оффис, худалдаа үйлчилгээний байгууламжууд, 2,000 хүний багтаамжтай танхимаас бүрдэх ажээ.

Хамгийн дээд давхаруудад нь тансаг зочид буудал, Фүжи уулыг харах тавцан байхаар төлөвлөсөн байна. “Torch Tower” (Бамбар Цамхаг) нэр нь Япон улсыг бамбар мэт гэрэлтүүлэхийн бэлгэдэл ажээ.

Энэхүү цамхаг нь Токио хотын Марүночи бизнес дүүргийн ойролцоох 31,400 метр квадрат талбайд байгуулагдах Tokyo Torch дүүргийн нэг хэсэг болох гэнэ.

Одоогоор Осака хотын 300 метр өндөр Абено Харукас цамхаг Япон улсын хамгийн өндөр барилгад тооцогддог.

Mori Building компани 330 метр өндөр цамхагийг Токиогийн төвд одоо босгож байгаа ба 2023 онд ашиглалтад орох юм. Уг барилга Японы хамгийн өндөр барилгын титмийг хэдхэн жилийн хугацаанд зүүхээр болж байна.

Дэлхийн хамгийн өндөр барилга нь Арабын Нэгдэн Эмират Улсад оршдог 828 метр өндөр Бурж Халифа цамхаг юм.

 

Эх сурвалж: Kyodo News