Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймагт баригдах "Чингис хаан" цогцолборын зураг төсөл судлаачдаас шүүмжлэл дагуулав

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 9 сарын 18
iKon.MN

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Хэнтий аймагт баригдаж буй таван бүтээн байгуулалт олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн жилд 400 сая жуулчин татах нөөц боломжийг бий болгох тэдгээр бүтээн байгуулалтаас Андлалын өргөө, Их Монгол цогцолбор зэрэг нь хөрөнгө оруулалтын хэмжээ, зураг төсөлтэй нь харьцуулахад хэтэрхий чанаргүй, агуулга үзэмж муутай гэгчлэн шүүмжлүүлсээр байгаа билээ. 

Тэгвэл Хэнтий аймгийн

  1. Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо цогцолбор
  2. Биндэр суманд Их хуралдай цогцолбор
  3. Норовлин суманд Шихихутаг цогцолбор
  4. Батноров суманд Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө цогцолбор
  5. Бэрх тосгонд Далд уурхайн музей

гэсэн таван бүтээн байгуулалтыг өнөөдөр танилцуулж, хариуцсан ажлын хэсгүүд болон БОАЖ-ын яам хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулав. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс 2019 онд 577 мянган жуулчин авсан нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Тэгвэл 2024 он гэхэд нэг сая жуулчин авдаг болох зорилтыг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаад буй. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн байгалийн, Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын бүс болгох зорилт тавьж, энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 38 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох ба улс, орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулна гэдгийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл танилцууллаа. 

Улсын төсвийн 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босох эдгээр бүтээн байгуулалтыг дуусгаснаар тухайн бүс нутагт аялал жуулалын салбараас жил тутам 50 сая ам.доллар орж ирэх боломж бүрдэнэ хэмээн салбарын яам тооцоолжээ.

Энэ талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Монгол Улсад ирж буй нийт жуулчны 11 хувийг түүхэн аялал жуулчлалын бүрэлдэхүүн эзэлдэг. 2024 оноос түүхэн аялал жуулчлалын бүрэлдэхүүн 110 мянгад хүрснээр бүс нутагт 50 сая ам.долларын орлого оруулах боломж бүрдэнэ. Хэдийгээр улсын төсвөөс 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байгаа ч үүний цаана дээрх өгөөж бий болохоос гадна 450 шууд ажлын байр бий болж, 3,500 хүн дам байдлаар амьжиргаагаа дээшлүүлэх юм” гэлээ. 

Гэвч дээр дурдсанчлан бүтээн байгуулалтын ажлуудын нэршил, дизайн, агуулга дээр санал нэгдэхгүй асуудлууд байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндөв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Тухайлбал, төслүүдийн нэр дээр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл саналаа хэлэхдээ “Андлалын өргөө” гэдэг нэршлийг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаагаа дуулгав. Тэрбээр “Их Монгол Улс-Монголын эзэнт гүрэн гэдэг нэрийн хувьд зургаахан үгэнд Монгол гэсэн үг хоёр орох нь өөрөө сонсголонгүй. Дэлхийн түүхэнд гурван эзэнт гүрэн байсан гэж түүхчид онцолдог. Тиймээс “Эзэнт гүрэн” гэдэг онцгой нэрээрээ явах нь дээр болов уу. Хоёрдугаарт, Андлал гэж үг түүхэн сурвалжид байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ монголчуудад андлал гэж ярьдаггүй, андын барилдлага гэж хэрэглэдэг. Тиймээс Андын өргөө, Андын барилдлага зэргээр наалдацтай байдлаар өөрчилбөл гэсэн санал байна. Үүнийг эрдэмтэд, судлаачид хэлэлцэх биз ээ. 

Гуравдугаарт, Чингис хааны цогцолборын дизайн анх харсан хүнд таатай бус сэтгэгдэл төрүүлэхүйц байгааг иргэний хувьд төрсөн мэдрэмжээсээ хэлэх гэсэн юм. Бүтэн бие биш, зөвхөн цээж хэсэг байх нь хэр оновчтой вэ. Мөн олон тамгаар тамгалсан нь агуулгын хувьд зөв үү” зэрэг санал гаргасан юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Түүний сүүлчийн саналтай ижил байр суурьтай байгаагаа газар зүйч профессор О.Сүхбаатар гуай хэллээ. Тэрбээр 1968 оноос хойш “Нууц Товчоо” судлалд оролцож ирсэн бөгөөд эдгээр бүтээн байгуулалттай холбоотойгоор анх удаа байр сууриа илэрхийлж байгаагаа тодотгосон юм. 

 

“Олон нийтийн сүлжээгээр иргэдийн илэрхийлж буй эсэргүүцэл оргүй биш бөгөөд анхаарах шаардлагатай. Тухайлбал, Чингис хааны дүрс бүхий ордны зураг дээр хааны цээжийг хүлчихсэн мэт харагдаж байна. Зөвхөн цээж хэсгийг дүрсэлчихсэн. Гэтэл дотор нь бие засах газар байна. Хааныхаа толгой дээр бие засах уу гэж байгаа олон нийтийн шүүмжлэлийг бодолцохгүй бол шүүмжлэлийн бай болох вий. Хэрэв энэ дизайнаараа баригдана гэвэл Чингис хааны музейг үзэхгүй байхыг уриална гэсэн иргэд ч байна. Мөн хааны аливаа дурсгалд чоно оруулахаа больё. Монголчууд чоныг шүтэж яваагүй. Андлалын өргөөний тухайд Боорчитой анд бололцоогүй гэдэг шүүмжлэлийг иргэд илэрхийлсэн. Энэ бүхнийг харгалзаж, түүхийг гуйвуулсан зүйлсээс зайлсхийх хэрэгтэй” гэв. 

Тэрбээр бас нэгэн жишээ татсан юм. УИХ Чингис хааныхаа төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1-н гээд элэг нэгтнүүдээ зуны улиралд Монголд ирэх жуулчлалын урсгалыг өөрсдөө хаасан. Угтаа бол зуны тэргүүн сарын шинийн 16-н гээд “Нууц Товчоо”-нд тодорхой бий. “Нууц Товчоо” судлал бусад улстай харьцуулахад манайд маш хангалтгүй байгааг тэрбээр мөн шүүмжлээд “Хэрэв Чингис хааны төрсөн өдрөө зун хийсэн бол монгол туургатан олноороо ирэх байсан. Өвөл бид ой зохион байгуулж чадахгүй. Чадлаа ч хүн ирэхгүй” зэрэг шүүмжлэлийг хэлсэн юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар профессор н.Цолмон “Чингис хааны цогцолборын зураг төсөл АХБ-аар батлагдаж, өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд баталсны дараа тавдугаар сард биднээс санал авсан. Бид мөн дизайны тал дээр шүүмжлэлтэй хандсан боловч Цонжинболдог дахь дэлхийн хамгийн том морьт хөшөөний зураг төслийг гаргасан архитектур Х.Эрдэмбилэг бидэнд танилцуулах хурлын өдөр таалал төгссөн тул энэ чигээр нь явсан. Дээд түвшиндээ л шийдвэр гаргахгүй бол өөрчлөх боломжгүй болсон” гэдгийг тайлбарлалаа.