“Сар сард нь төлбөрөө төлөөд математик, англи, хятад хэлийг гүнзгийрүүлэн сурах боломжийг “Дүүрэн-Эрдэм” сургууль олгоно”
Салбартаа манлайлагч олон жилийн туршлагатай монгол, гадаад багш нараар удирдуулсан, Математик, Англи, Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай шинээр үүсгэн байгуулагпаж буй “Дүүрэн-Эрдэм” бага сургууль 2020-2021 оны хичээлийн жилээ эхлүүлэхэд бэлэн болжээ.
Ийнхүү Монгол Улсын боловсролын салбарт шинэ хэв маяг, уур амьсгалыг бүрдүүлэн гарч ирж буй тус сургуулийн сургалтын арга барил болон элсэлтийн талаар “Дүүрэн-Эрдэм” бага сургуулийн захирал О.Бямбарагчаатай ярилцлаа.
- Сайн байна уу. “Дүүрэн-Эрдэм” бага сургуулийг байгуулах болсон шалтгааны талаар яриагаа эхлүүлцгээе. Нэрнээс нь эхлээд их сонирхол татаж байна?
- Баярлалаа. “Дүүрэн-Эрдэм” гэдэг нь миний бурхан болсон хүүгийн нэр байгаа юм. Хүүгээ өвчтэй байхад нэрээр нь 2012 онд хүүхэд хөгжлийн төв нээж, хичээлээс гадуурх бүх шатны сургалтыг өгч, хүүхдэд ээлтэй хөтөлбөрүүдийг явуулж ирсэн. Энэ нь сүүлдээ сургууль болон, олон хүүхдийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг нээсэн газар бий болгох итгэл үнэмшил рүү хөтөлсөн гэж хэлж болно. Нөгөө талаар би багш хүн. Өнөөдөр Монголын хүүхэд багачууд чанартай боловсролыг эзэмшиж, сурч, хүмүүжих ёстой. Гагцхүү тэр боловсролыг эзэмшүүлэхэд улс орон, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид бүх талаас хамтран ажиллаж, нэгдэх ёстой хэмээн боддог.
Товчхондоо ийнхүү “Дүүрэн-Эрдэм” хүүхэд хөгжлийн төв маань “Дүүрэн-Эрдэм” бага сургууль болон өргөжиж анхны жилийн элсэлтээ авч байгаадаа баяртай байна.
- Ерөнхий боловсролын сургууль дутагдалтай байдаг манай улсад шинэ сургууль нээгдэж буй явдалд баяртай байна. Танай сургуулийн сургалтын үйл ажиллагаа ямар зарчмаар явагдах бол?
- Бид “Мөрөөдөл энд амилна” хэмээх уриаг сургуулийнхаа эрхэм зорилгоо болгосон. Өмнө нь сургалтын төвийг ажиллуулж байх үед таван настай хүүхэд сургуулийн орчинд шинээр орж ирэхдээ сэтгэл зүй болон бие бялдрын хувьд бэлтгэл сайн биш, ойлголтгүй тааруу байдгийг анзаарсан.
Ийм байдалтай сургуулийн орчинд орж ирсэн хүүхэд удаан цагаар суух, гэрийн даалгавар хийх зэргээс болж стрессдэх шантрах, хичээл хийх сэдэл нь буурах зэрэг сөрөг талтай. Есдүгээр сарын 1-нд хүүхдүүд тэр дундаа нэгдүгээр ангийнхан болон эцэг эх нь бүгд их догдлолтой байдаг. Харамсалтай нь гэрийн даалгавар гэх том асуудлаас эхлээд төсөөлснөөс нь өөр зүйл гарч ирэхэд хэсэг хугацааны дараа баяр хөөр нь уйтгар гуниг, зовлон болчихсон байдаг шүү дээ. Тиймээс бид хүүхэд бүр сурагч болох ямар гоё юм бэ. Сургуульд ороод сурагч болсондоо баяртай, хичээл номдоо дуртай байгаасай гэж зорьж ажиллана.
Үндсэндээ манай сургууль "Монгол цөм" хөтөлбөрийн дагуу хичээллэж, монгол хэлээ маш сайн зааж байгаад, Англи хэл, Хятад хэл орж, гүнзгийрүүлэн үзнэ.
Хүүхдэд гадаад хэл заана гэдэг өнөө үед дүрэм шахаад сургах асуудал огтоос биш. Харин хэлний онцлогоос нь хамааран хүүхдийн сонирхлыг өдөөж сургавал илүү үр дүнтэй болсон. Тэр утгаараа дээрх хоёр хэлийг өөрсдийнх нь онцлогт тулгуурлан нэгдүгээр ангиас нь эхлэн зааж эхлэх давуу талтай.
- Анги танхимын тухайд?
- Бид сургуулийн анги танхимаа нэгдүгээр ангийн хүүхдэд ээлтэй байхаар бүх талаас нь хүүхдэд ээлтэй байхаар интерьер, зураг төсөл гарган тохижуулсан. Эхний ээлжид бага ангийнханд зориулсан анги танхим, хүүхэд хөгжлийн кабинеттай байхаар бэлдсэн. Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, стандартад нийцсэн, анги танхимыг бэлэн болгосон нь бас нэг давуу талтай гэж бодож байна.
- Хичээлээс гадуурх ямар сургалтад хүүхэд хамрагдах боломжтой вэ гэдэг нь манай эцэг эхчүүдэд сонирхолтой болов уу?
- Манай сургууль дэргэдээ өндөр өнжүүлэхтэй. Мөн бүжиг, гимнастик, зураг, шатар, балетын дугуйланг явуулах бөгөөд сургуулийн автобус үйлчилнэ.
Түүнчлэн улсын сургуулиуд маань энэ онцгой цаг үед гурван өдөр танхимаар, хоёр өдөр нь цахимаар хичээлээ үзэхээр болсныг бид мэднэ. Харин хувийн бага сургуулиудад танхимаар таван өдөр тус бүр найман цагаар хичээллэх боломж олгосон. Хажуугаар нь шаардлагатай хүүхдүүдээ өндөр өнжүүлэхэд авна. Мэдээж хэрэг эцэг эхчүүдтэй нь гэрээ хийсний дагуу. Тэр утгаараа сургуулийн зүгээс улсаас өгч буй зөвлөмжийн дагуу бэлтгэл ажлаа бүрэн хангаж ажиллаж байна.
- Нэгдүгээр ангийн сурагчдын элсэлт дуусчихсан уу. Нэмэлт элсэлт авах уу?
- Хүүхдүүд бүртгэлээ хийлгээд, хичээлдээ ороход бэлэн болсон. Гэхдээ бидний зүгээс энэ жил шинээр үйл ажиллагаагаа эхэлж буйтай холбогдуулан нэгдүгээр ангийн нэмэлт элсэлтийг наймдугаар сарын 30-наас эхлэн авч байгаа. /ЭНД дарж бүртгүүлэх боломжтой/
Нэмэлт элсэлтийн үеэр багш нарын заах арга барилтай танилцах хүсэлтэй эцэг эхчүүд бидэнтэй холбогдож, нэг өдрийн сургууль танилцуулах өдөрлөгт хамрагдах боломжтой.
- Сүүлийн үед сургуулийн орчинд шаардлагатай болсон нэг зүйл нь мэргэжлийн сэтгэл зүйч гэж боддог. Танай сургууль хүүхдийн сэтгэл зүйн асуудалд хэрхэн анхаарахаар төлөвлөсөн бэ?
- Яг үнэн. Өнөөгийн нийгэмд хүүхдийн сэтгэлзүйн байр байдлыг мэдэх, түүнтэй харьцах, мэргэжлийн зөвлөгөө өгөх гэдэг нь боловсролын салбарт тавигдаж буй том шаардлага болжээ. Манай сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч хүүхдүүдэд зөвлөгөө өгч ажиллана. Тухайлбал, зургаан настай хүүхдийн хичээлд бэлтгэгдсэн байдал гэх олон улсын сэтгэл зүйн тестийг хүүхэд бүрд хийнэ. Ингэснээр хүүхэд бүрийн онцлогийг мэдэж, өөрт нь тохирох арга барилаар тулж ажиллахаар төлөвлөсөн байгаа.
- Төгсгөлд нэмж тодруулахад танай сургууль сургалтын төлбөрийн ямар нөхцөлийг эцэг эхчүүдэд олгох вэ?
- Нэгдүгээрт, Боловсрол шинжлэх ухааны яамнаас коронавирустэй холбоотой гаргасан зөвлөмжийн хүрээнд, хоёрдугаарт сургууль шинээр байгуулагдсантай холбоотойгоор бид төлбөрийн уян хатан нөхцөлийг эцэг эхтэй нь хамтран гаргахаар болсон. Өөрөөр хэлбэл, эцэг эх асран хамгаалагчдын санал хүсэлтээр төлбөр төлөлт хийгдэнэ.
- Баярлалаа.
Сургуулийн танилцуулга видеог хүлээн авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






