Сэрүүн группийн ТУЗ-ын дарга Э.Булгантамиртай Америк дахь үйл ажиллагааных нь талаар ярилцлаа.
- Сэрүүн групп Америкийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй байна. Америкт салбарлах тухай анх цаасан дээр буулгасан төлөвлөгөө бодит байдал хоёрын хооронд зөрүүтэй ялгаатай зүйлүүд гарав уу?
- Үйл ажиллагаа явуулж эхлээд 6 сар болж байна. Бодит байдал дээр ялгаатай зүйлүүд мэдээж их байлгүй яахав. Маркетинг, хүний нөөц, өрсөлдөөний зарчим, харилцагчийн зан төлөв гээд ялгаатай зүйлүүд маш олон бий. Гэхдээ энэ бүхэнд түргэн дасан зохицох нь чухал.
- Яагаад заавал Америкийн зах зээлийг сонгосон бэ?
- Олон жилийн өмнөөс л эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаараа олон улсын зах зээлд өрсөлдөх юмсан гэсэн далд бодол тээж явсан. 2019 оны Атлантад болсон агааржуулалтын экспогийн үеэр манай арав гаруй жил хамтран ажиллаж буй Японы Дайкин брэнд Америкт хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж Техас мужид долоон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ барьсан тухайгаа хэлээд хамтрах санал тавьсан нь бодлоо бодит болгох боломж болсон.
“Америкийн угсралтын компаниуд Дайкины системийг төдийлөн сайн мэдэхгүй. Тиймээс Монголд 10 гаруй жил томоохон төслүүд дээр Дайкин суурилуулсан туршлагаараа танай компанийг манай дилерүүдийн нэг болох боломжтой гэж үзэж байна” гэж саналаа албан ёсоор илэрхийлсэн. АНУ-ын хамгийн том зах зээл гэдэг утгаар нь Калифорни мужийн зах зээлийг судалж үзээд Лос Анжелес хотод 2019 онд Сэрүүн групп албан ёсоор өөрийн охин компани болох Air Comfort Experts-ээ нээсэн.
- Америкт салбар компаниа нээх цаг үеийн урьдач шаардлагууд бүрэн бүрдэж чадсан уу? Өөрөөр хэлбэл Монгол дахь салбарынхаа үйл ажиллагааг доголдуулахгүйгээр өргөжих нөөц байсан уу? Зарим Монгол компаниудыг харахаар хоёр туулай хөөгөөд хоосон хоцрох нь элбэг байдаг. Эрсдэлээ хэр тооцоолсон бэ?
- Сэрүүн тогтвортой үйл ажиллагаа явуулаад 30 жил болох гэж байна. Гол ажилтнууд маань компанидаа олон жил ажиллаж байгаа. ISO стандарт нэвтрүүлж үйл ажиллагаа маань жигдэрсэн.
Эрсдэлгүй бизнес гэж байхгүй, эрсдэл байхгүй бол шагнал байхгүй гэж үг байдаг даа. Гол нь хийж байгаа ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүн нь сайн чанартай, харилцагчидтайгаа зөв харьцаж, шударга гэрээ хийж, үйл ажиллагаагаа үр ашигтай удирдан явуулахаас гадна тэвчээртэй, тууштай байхад манай салбарын бизнес амжилттай ажиллах учиртай.
- Америкт Монгол компаниуд мэр сэр үйл ажиллагаагаа салбарлаж байгааг сонсож байсан. Гэхдээ танайх шиг инженерингийн компани нээгдэж байсныг сонсоогүй юм байна?
- Аав маань намайг оюутан байхад “Чи агааржуулалтын инженеринг гэх мэргэжлийг сайн эзэмшчихвэл дэлхийн хаана ч түүнийгээ хийгээд явж болно гэж хэлдэг байсан. Тэр үг миний чихэнд бараг өдөр болгон сонсогддог. Өөрсдийн компаниа 4 үеэрээ 30, 50, 70 жил удирдан ажиллуулж буй америк хүмүүстэй өрсөлдөөний талбарт зэрэгцэн ажиллах үед аавын маань хэлсэн үг маш их урам зориг өгдөг.
- Сэрүүний Америкт нэвтэрсэн зам тийм ч дардан шулуун байгаагүй байх. Америкт үйл ажиллагаагаа нэвтрүүлсэн түүх, туршлагаа дэлгэрэнгүй хуваалцахгүй юу?
- Америкт харин ч бизнес хийхэд маш таатай, аливаа зүйл шийдвэрлэхэд хугацаа нь тун боломжийн. Янз бүрийн хаалт, шахалт дарамт байхгүй. Гол нь мэргэжлийн лицензтэй байх, нөгөө талаар компанийнхаа хууль эрх зүй, санхүүтэй холбоотой ажлуудад өндөр ч гэсэн мөнгийг нь төлөөд явах хэрэгтэй. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг өрсөлдөөний ижил тэгш зарчим үйлчилж буй газар өрсөлдөх давуу талаа зөв тодорхойлоод өөрсдийнхөө зүгээс биелүүлэх үүргээ ёс журмаар нь биелүүлээд явахад том тогооноос хоол хүртэж байгаа гэдэг утгаараа урт хугацааны өгөөж өндөр.
Америкийн барилгын салбарт аюулгүй ажиллагааны хууль дүрмийг маш сайн баримталж бусдын болон өөрсдийн эрүүл мэнд өмч хөрөнгөд эрсдэл учруулахгүй урьдчилсан арга хэмжээнүүдийг өндөр түвшинд авсан байх шаардлагатай.Ялангуяа Калифорни муж Америкийн хамгийн хатуу хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журамтай газар. Одоохондоо бидэнд босго үзүүлэлтүүд чанга байж болох ч хэвшээд ирэхээр дэлхийн хаана ч өрсөлдөхүйц мэргэжилтнүүдтэй болох давуу тал үүсч байгаа.
- Америкт үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсч буй бизнес эрхлэгчдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
- Ямар бизнес гэдгээсээ хамаараад гарааны хангалттай хөрөнгө, салбарын олон улсын түвшний мэдлэг, ажлын туршлагатай бол сайн, өсөлтөд яарахгүй байх, өөрөө бизнесээ удирдан явуулах хангалттай цагтай байх, мөн бага зэргийн зориг хэрэгтэй санагдсан. Сэтгэл хөдлөлөөр биш судалгаа суурьтай асуудалд хандаж, одоо боллоо гэсэн цагтаа хөдлөх нь зүйтэй санагддаг. Түүнээс биш болчихмоор санагдаад л, бяраа үзмээр санагдсан үедээ олон улсад тэр дундаа Америкад бизнес хийнэ гэдэг тал дээр цацсан будаа мэт л сарниад алга болно.
- Air Comfort Experts компани Америкийн зах зээлд ямар төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд санал болгож байгаа вэ? Хэтийн зорилго, хүрэхийг хүсч буй бодит үр дүнгийнхээ талаар хуваалцахгүй юу?
- Лос Анжелесийн барилга байшингуудын ихэнх нь 50, 100 жил, сүүлийн үеийнх нь л дор хаяж 20-30 жилийн өмнө баригдсан байдаг. Агааржуулалт эйр кондишны систем ихэвчлэн 20-30 жилийн өмнө буюу эндэхийн хэллэгээр оригинал систем тавиглдсан. Хуучирч муудсан системийг шинээр солих ажил энд ид өрнөж байна. Тэр утгаараа манай салбарт маш том зах зээл, маш том боломж нээгдэж байна гэсэн үг.
Бидний хувьд одоогийн байдлаар нийт ажлынхаа 80 хувьд нь хувийн орон сууцнуудад шинэ систем төлөвлөж угсрах, 20 хувь нь оффис, ресторан, худалдааны төв гэх мэт олон нийтийн барилгын агааржуулалтын системийн угсралтын ажил хийгээд явж байна.
Ирээдүйд шинэ барилгын ажлууд авч ажиллахаар зорьж байгаа. Мөн Air Comfort Experts нэрээр франчайз байгуулж бусад хот мужуудад франчайзинг хийх төлөвлөгөөтэй байна. Манайх одоогоор Монголд бага зэргийн франчайз хэлбэртэй үйл ажиллагаа явуулж байгаа.
- Харилцагчийн зан үйл гэж чухал зүйл байдаг. Ижил төрлийн үйлчилгээ авч буй америк, монгол харилцагчийн ялгаатай талыг та хэрхэн харж байна вэ?
- Лос Анжелес газар нутаг том, төвлөрлийг сааруулж тархаан байршуулах төлөвлөлтөөр явдаг, дийлэнх нь хаусд амьдардаг, хаусууд нь дунджаар 150-200м2 хэмжээтэй, 1-2 давхар, агааржуулалт нь төвлөрсөн системтэй байдаг. Дунджаар нэг хаусын систем 10,000$ байдаг. Америк харилцагчдын онцлог гэвэл 3-5 үнийн санал аваад, үнийн санал болгоныг моделиор нь ялгаад сайн тал муу талыг нь задалж бичээд хэд хоног судалгаа хийгээд шийдвэрээ гаргадаг. Мөн урьд нь ажил гүйцэтгүүлсэн 2-3 хүний дугаарыг зарим тохиолдолд авдаг. Өөрөөр хэлбэл маш няхуур нямбай сонголтын дор шийдвэр гаргадаг. Тийм учраас харилцагчийн итгэл алдахгүй байх, урт хугацааны сайн түүхтэй компани байхад онцгой анхаарах хэрэгтэй.
- Танай салбарын монгол инженерүүд ер нь яг ямар замаар бэлтгэгддэг вэ? Жишээ нь таны хувьд хаана энэ төрлийн боловсрол эзэмшиж, хэрхэн бэлтгэгдсэн бэ?
- Монголд ажиллаж байгаа манай инженер техникчдийн ихэнх нь Сэрүүнд олон жил ажилласан хүмүүс байдаг. Шинээр ажилд орж байгаа ажилчдын дийлэнх нь сургууль төгсөөд орж ирдэг. Тэгээд ажил дээр гараад суралцдаг. Би хүн бүр заавал сургуульд сурах шаардлагагүй гэж боддог.
Барилгын салбарт ажиллахаар мэргэжлээ сонгочихсон бол ажиллах чиглэлээ тодорхой болгоод мэргэжлийн сургалтын төвүүдэд богино хугацаанд сурч боловсроод ажил дээр гарах хэрэгтэй. Энэ салбарт чанартай боловсон хүчин дутагдалтай байгаа.
Миний бодлоор инженер гэдэг мэргэжил хүссэн хүн болгон эзэмшээд, амжилттай ажиллаж болдог мэргэжил биш. Инженерээр төгссөн боловч техникчээр ажиллах болзол хангасан тохиолдол олон байдаг. Япон руу ажилчин илгээдэг Засгийн Газар хоорондын хөтөлбөр байдаг санагдаж байна. Америкийн агааржуулалтын салбарт инженер техникийн ажилчдын хомсдол үүсчихсэн байгаа. Миний амбиц бол 100 монгол инженерийг Америкт мэргэжлээр нь ажиллуулах. Ийм боломж бүрэн дүүрэн байна. Гол нь 2 улс хоорондын хөдөлмөр зуучлалын гэрээ, холбогдох түвшний төрийн байгууллагуудын дэмжлэг л чухал байна.
- Монголоос 100 инженер Америкт ажиллуулах таны төлөвлөгөөг төрийн зүгээс ямар байдлаар дэмжвэл илүү хурдан амжилтад хүрэх вэ?
- Бид Дотоод Орчны Агаарын Чанарын Холбоогоороо дамжуулж төсөл санаачилснаар хоёр талын Засгийн Газар бодит тоо баримт дээр үндэслэж хэлэлцээ хийж шийдвэр гаргавал бодит дэмжлэг болно гэж бодож байна. 2025 онд Америкт 200,000 халаалт, агааржуулалт, агаар сэлгэлтийн техникчдын хомсдол үүснэ гэсэн Барилга Үйлчилгээ Судалгаа Мэдээллийн холбооны 2020 оны судалгаа байдаг. Тэгэхээр бид 100 инженер Америк руу гаргах бэлтгэлээ одооноос хангах хэрэгтэй. Би монгол инженерүүдийн мэдлэг ур чадварт эргэлздэггүй.
- Монголын Дотоод Орчны Агаарын Чанарын Холбоог та удирддаг. Ямар зорилгоор байгуулсан бэ?
- Бид 2018 онд Дотоод Орчны Агаарын Чанарын Холбоо гэж байгуулсан. Энэ нь1995 онд Атлантад байгуулагдсан дэлхийд нэр хүндтэй холбоо юм. Холбоог байгуулснаар Монголчуудад дотоод орчны агаарын чанарын тухай ойлголт мэдлэгийг өргөн цар хүрээтэйгээр өгөхийг хүссэн юм. Өнөөдөр Монголчуудын гадна орчин утаа, хөрсний гээд асар их бохирдолтой. Утааны асуудлыг жил бүр л ярьж байна.
- Гадаад орчны агаарын бохирдлоос үүдэн дотоод орчны агаарын чанарын тухай хүчтэй ярьж эхлэв үү? Аль эсвэл угаасаа чухал асуудал уу дотоод орчны агаар?
- Өнөөдөр хүмүүс ажлын найм, гэртээ найм бусад үед нь ресторан, машин, спорт заал гээд амьдралынхаа ихэнх цагийг дотор өнгөрүүлдэг. Үүнээс нэг, хоёр цагт нь л гадаа өнгөрдөг байх. Судалгаанаас харахад 0-3 насныхан цаг хугацааныхаа 99 хувийг дотор өнгөрөөдөг. Тэгвэл орчин цагт бид тоног төхөөрөмжийн хүчээр гадаа гарахгүйгээр хүчилтөрөгчийн хэрэгцээгээ хангаад, цэвэр тунгалаг агаараар амьсгалаад урт насалж, эрүүл амьдрах бүрэн боломжтой. Үүнийг хүн бүр ойлгох нь чухал байна.
- Хөдөөгийн цэвэр агаарыг агаар гэж үздэг, кондишноос үлээж буй агаарыг цэвэр агаар, эрүүл мэндэд ээлтэй гэж үзэхгүй байх нийтлэг хандлага Монголчуудад байдаг. Энэ тухай мэргэжлийн хүний хувьд дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?
- Орчин үед хүн төрөлхтний ажиллаж амьдарч байгаа орчин нь тав тухтай бас эрүүл байх нь чухал болсон. Дотоод орчны агаарын чанарт хэд хэдэн чухал хүчин зүйл нөлөөлдөг. Орчны температур, чийгшлийн хэмжээ, агаар дахь нарийн тоосонцорын хэмжээ гэх мэт. Хөдөөгийн цэвэр агаар хот руу өөрөө орж ирэхгүй нь тодорхой. Үүнийг хотжилт өндөр явагдсан бүсэд агааржуулалтын системээр шийдэж болно. Шийдсээр ч байгаа.
- Сэрүүний Монгол дахь салбарын үйл ажиллагаагаа хэрхэн удирдаж байна вэ?
- Бид хэд хэдэн салбарт компаниудтай, бүгдээрээ тус тусын удирдлагын багтай. ISO стандартыг нэвтрүүлэн олон улсын стандартаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс үйл ажиллагаа жигд, хяналттай явж байгаа.
- Өнгөрсөн жилийн Монголын хамгийн өндөр өсөлттэй компаниар танай компани шалгарч байсан. Өндөр өсөлтөө хадгалахын тулд юун дээр илүү анхаарч байна вэ?
- Компанийн өсөлт зах зээлээс шууд хамааралтай. Бидний хяналтдаа байлгаж чадахгүй хүчин зүйлс гэж мэдээж байгаа. Өсөлт өндөрт ч бай бага ч бай бид юун түрүүнд харилцагчдынхаа сэтгэл ханамжид анхаарах нь урт хугацаанд өгөөжөө өгөх үнэ цэнтэй зүйл. Өсөлтөө хадгалах тулгуур хүчин зүйл бол харилцагч.
- Сэрүүн группийн 30 жилийн ой ирэх жил тохионо. Бодож төлөвлөсөн зүйлүүд олон байгаа байх?
- Олон жил бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан бүх оролцогч талууддаа дурсамж үлдээхүйц сайхан тэмдэглэнэ гэж бодож байгаа.
- Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
- Баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!