Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогоор Монгол Улсын хүн амын тоо 3,296,866 болж өмнөх оноос 58.3 мянга, 2010 оноос 0.5 сая хүнээр нэмэгдэж, жилийн дундаж өсөлт 1.8 хувь болжээ.
Нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь оршин сууж байгаа бол үүний дараа Хөвсгөл аймагт 4.2 хувь, Өвөрхангай аймагт 3.6 хувь, Сэлэнгэ аймагт 3.3 хувь нь оршин сууж байна.
Хот суурин газарт 2010 онд нийт хүн амын 67.9 хувь буюу 1,798.1 мянган хүн хотод амьдарч байсан ба үүнээс 64.2 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байсан бол 2020 онд нийт хүн амын 67.8 хувь буюу 2,168.2 мянган хүн хот суурин газар амьдарч үүнээс 67.6 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод амьдарч байна.
10 жилийн хугацаанд Улаанбаатар хотод амьдарч буй хүний тоо 295.4 мянгаар нэмэгджээ.
Сүүлийн 10 жилд аймаг, нийслэлийн хүн ам жилд дунджаар 0.9-3.9 хувиар өссөн нь төрөлтийн түвшин нэмэгдсэнтэй холбоотой.
2000-2010 онд Нийслэл болон 5 аймгийн хүн амын тоо өсөж, бусад аймагт буурсан бол 2010-2020 онд бүх аймагт хүн амын тоо өссөн байна.
График 1, Монгол Улсын хүн амын тоо, өсөлтийн хувь, 2010-2019 он
Сүүлийн 10 жилд төрөлт өндөр байснаас шалтгаалан нийт хүн амд хүүхдүүдийн эзлэх хувь 27.3- 31.5 болж нэмэгдсэн байна.
Энэ нь одоогийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хэрэгцээг нэмэгдүүлсэн бөгөөд цаашлаад ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгох байгууллага, ажлын байрны хэрэгцээг нэмэгдүүлэх нь тодорхой талаар Үндэсний Статистикийн Хорооны "Эдийн засгийн аюулгүй байдал" судалгаанд дурджээ.
Сүүлийн 10 жилд ажиглагдаж буй бүх аймаг дахь хүн амын өсөлтийн хувийн оргил нь 2014 он байсан байна. Тус онд хүн амын өсөлтийн хувь 2.24 байсан бол 2019 онд энэ хувь 1.80 болж буурсан байна. 2018 онд өсөлтийн хувь 1.91 байжээ.
Эх сурвалж: ҮСХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!