Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Байден сонгуульд ялбал Америкчууд Хятад хэл заалгана

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам нэр дэвшигчдийн өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байна.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгэн радио сувагт ярилцлага өгөхдөө өрсөлдөгч Жо Байденыг Хятадын талд зөөлөн ханддаг гэж шүүмжилжээ.

“Хэрвээ би сонгуульд ялагдвал Хятад улсын гарт АНУ орно. Та нар Хятадаар ярьж сурах хэрэгтэй болно” гэж Трамп ярьсан байна.

Трампын сонгуулийн тактик нь Хятадын эсрэг үзлийг дэвэргэх гэдэг нь тодорхой болоод байгаа. Тэрбээр коронавирусийн тахлыг дэлхий даяар тараасанд Хятад улс буруутай гэж байнга ярьдаг.

Нэгэн үед Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй сайн харилцаа тогтоож, худалдааны гэрээ хэлэлцээр байгуулж байсан Трамп цар тахлаас хойш Бээжингийн дайсан болж хувирсан юм.

Түүний засаг захиргаа Америк-Хятадын харилцааг муутгах олон алхам хийгээд байгаагийн сүүлийнх нь энэ долоо хоногт АНУ-ын түүхэнд хамгийн өндөр албан тушаалтан Тайваньд айлчилж буй үйл явдал болжээ.

Өчигдөр радиогийн хөтлөгч түүнээс Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны номонд дурдагдсан баримтын талаар асуусан байна.

Болтон номондоо өнгөрсөн онд Японы Осакад болсон “Их 20”-ын чуулганы үеэр Трамп Шинжаан Уйгарт бөөнөөр хорих лагерь байгуулсан явдлыг дэмжиж байгаагаа Ши Жиньпинд илэрхийлсэн тухай бичсэн юм.

“Ши орчуулагчаар дамжуулан Шинжаанд яагаад хорих лагерь байгуулах болсноо тайлбарласан юм. Хариуд нь Трамп үүнийг хамгийн зөв арга хэмжээ гэж бодож байгаагаа илэрхийлснийг манай орчуулагч дамжуулж байв” гэж Болтон дурссан байна.

Энэ талаар асуултад Трамп хариулахдаа “Хэн ийм юм ярих вэ? Болтон зохиож байна. Тэр бүгдийг санаанаасаа зохиодог. Жон Болтон бол солиотой хүн” гэжээ.

“Би Ши даргатай маш сайн харилцаатай байсан. Сайнаас ч илүү гэж хэлж болно. Тэр бол мундаг удирдагч. Гэвч Хятад вирусийг тарааснаас нь хойш бидний харилцаа муудсан” гэж Трамп ярьсан байна.

Коронавирусийн цар тахал дахин сонгогдоход нь саад учруулж байгааг хүлээн зөвшөөрсөн Трамп “Хятад тахал дэгдэхээс өмнө намайг Жорж Вашингтон ч ялахад хэцүү байлаа” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: CNN