Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял оногдуулж, 20 тэрбум төгрөгийг хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэв

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Шүүхээс Б.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож, долоон жилийн хорих ял оноолоо.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд хэлэлцээд:

  • Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 7 жилийн хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,
  • Шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа.

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Д.Сэргэлэн нь Б.Эрдэнэбаттай гэр бүлийн хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд боловч гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, бүлэглэсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэг, шинжлэн судалсан нотлох баримт зэргээр нотлогдохгүй байна гэж үзэж цагаатгалаа.


Нээлттэй, хаалттай хорих ангийн тухай

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хорих байгууллага нь нээлттэй, хаалттай хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, цагдан хорих төв, байр, нэгдсэн болон төрөлжсөн мэргэшлийн хорих эмнэлэг /цаашид “хорих анги” гэх/, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс бүрдэнэ.

198 дугаар зүйл.Нээлттэй хорих анги

198.1.Нээлттэй хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна.

198.2.Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.

Энгийнээр хэлбэл нээлттэй хорих анги гэдэг нь хуучнаар жирийн дэглэмтэй хорих анги бол хаалттай гэдэг нь чанга, онцгой дэглэмтэй хорих анги гэж ойлгож болох нь.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар