Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

У.Будбаатар: Монгол хүн бүр бэлчээр нутгаа хайрлаж, хамгаалж, гамнаж явах хэрэгтэй

ikon.mn
2020 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын 21 аймаг, 330 сум сууринд бэлчээрийн мониторинг хийхэд оролцож, газрын мэргэжилтнүүдийг сургахад чухал үүрэгтэй оролцдог Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын гэрээт ажилтан У.Будбаатартай ярилцсанаа хүргэж байна.

-Та хэзээнээс эхлэн бэлчээрийн талаар судалж, ажилладаг болсон бэ?

Хөдөө аж ахуйн их сургуулиа төгсөөд л бэлчээрийн  асуудлаар ажиллаж эхэлсэн гэж болно. Миний үндсэн мэргэжил аграномич. Хөдөө аж ахуйн их сургуулийн аграномын ангийг 2004 онд төгсөөд Сэлэнгэ аймагт Ногоон алт төслийн хүрээнд олон наст ургамал тариалах чиглэлээр  судалгааны ажлыг хийж эхэлсэн. Үргэлжлүүлээд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай тус төслийн хүрээнд хамтран ажиллаж байна. Тухайн үед Газрын харилцаа геодези зураг зүйн газар гэдэг нэртэй байлаа. Тэр үеэс л “Ногоон алт” төслийн хүрээнд бэлчээрийн чиглэлээр судалж, экологийн чадавхи, хөрс,  ургамал, газрын гадаргуу тодорхойлох, зураглах, ангилах зэрэгт анхаарал хандуулан ажиллаж байна.

-Судалгааны ажлыг хэрхэн хийдэг юм бэ? 

-Бэлчээрийн  асуудал гэдэг өргөн цар хүрээтэй зүйл. 2015 оноос Газрын харилцаа геодези газар зүйн газраас бүх аймаг сумдад бэлчээрийн мониторингийн ажлыг 8 сарын эхний 10 хоногт хийнэ гэсэн шийдвэр гарсан. Энэ хүрээнд хийгдсэн хамгийн эхний ажил маань мэргэжилтнүүдээ сургах байлаа. Тиймээс цаг алдахгүй үнэн зөв, бодитой мэдээлэл хэрхэн яаж цуглуулах вэ гэдэгт сургаж, дадлагажуулах нь хамгийн том ажил байсан. Энэ ажлыг хийхэд “Ногоон алт” төслөөс сургалт арга зүй, багаж тоног төхөөрөмж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр бүх талаар тусалсанд үнэхээр их талархаж байна.

Улсын хэмжээнд 10 хоногт багтаан 4700 цэг дээр судалгаа хийж, сум бүрээр мэдээллийг цуглуулахад маш их мэдээлэлтэй болсон тул 2016 оноос нэгдсэн мэдээллийн сан, программ хангамжтай болгоё гээд ажиллаж эхэлсэн. Программ хангамжийн ажил хийгдэх явцад сургалтууд, хээрийн судалгаа шинжилгээнүүд маань хийгдэж л яваа. Өмнө нь бэлчээрийн мониторингийн чиглэлээр цуглуулсан мэдээллүүд маань нэг л хүний компьютерт хадгалагддаг байсан. Харин нэгдсэн дата мэдээллийн баазтай болсноор тэр бүх мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй хүргэх боломжтой болох нь илүү чухал юм.

-Яагаад?

-Монгол Улсын маань 156.4 сая  га газар нутгийн 110.3 сая га нь бэлчээрийн газар байдаг. Тиймээс 21 аймаг 330 суманд нэг ижил цаг хугацаанд бэлчээрийн мониторинг хийж, жил бүр судалгаа хийсэн газраа өөрчлөлгүй хэмжилт хийснээр 2015 онд ямар байсан газар 2016 онд, 2017 онд, 2018 онд ямар болсон гэдэг нь мэдэгдэнэ. Учир нь 2015 оны 7 сард нэг хэмжилт хийчихээд 2016 оныхоо 9-10 сард хийвэл цаг хугацааны хувьд өөр болно. Хамгийн гол нь хэмжилт судалгаа хийснээр бэлчээр нутгийнханаа хаана, аль газарт илүү анхаарал хандуулах хэрэгтэй вэ гэдэг нь тодорхой болно шүү дээ.

-Ямар ч ажлыг хийхэд дардан байдаггүй шүү дээ. Ялангуяа 21 аймаг 330 сумын 4700 цэгээс хэмжилт хийнэ гэдэг тийм ч амар ажил биш санагдана?

-Мэдээж зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй асуудал гаралгүй яахав. Зөвхөн нэг сум л гэхэд хичнээн км газар нутагтай байх билээ. Дунджаар 300-400 км газар нутгийг тойрч явж байж тухайн сумын бэлчээрийн газрыг төлөөлөх газраа сонгодог. Энэ бүхэнд зардал мөнгө хэрэгтэй. 100 хувь Швейцарийн хөгжлийн агентлагаас аваад байж болохгүй. Тиймээс сумын засаг даргын Тамгын газраас зардал мөнгөө гаргуулсан нь ч бий. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос /МБАНХ/ ч тодорхой хэмжээний зардлыг нь гаргадаг. Дараагийн асуудал нь сургалт. Мэргэжилтнүүд маань харилцан адилгүй мэдлэг чадвартай байдаг. Зарим нь их дээд сургуульд мэргэжлээрээ төгссөн хүн байна. Зарим нь компьютер, программ хангамжийн талаар сайн мэдэхгүй, ажиллах чадвараар дутмаг ч юм уу техникийн хувьд хүндрэлтэй асуудлууд гардаг. Гэхдээ сургалтын үр дүнд мэргэжилтнүүддээ ижил түвшний мэдлэг олгоод явж байна.

 

-Улсын хэмжээний ийм том цар хүрээтэй ажлыг хийх боловсон хүчин хэр хангалттай байдаг вэ?

-Аймгуудад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бэлчээрийн асуудал хариуцсан нэг мэргэжилтэн бий, сумын түвшинд газрын даамал гэдэг орон тооны хүн ажилладаг. Энэ хүмүүстэйгээ л хамтраад сургалт хийж, бүх сумдууддаа судалгаа мониторингийн ажлаа хийж байна.  Газрын даамлуудад аймаг сумын газар төлөвлөлт олголт зэрэг өөр олон ажил байдаг ч тэр бүхнийхээ хажуугаар зуны намрын зааг үед бэлчээрийн судалгааны ажлаа хийдэг. Бэлчээр маань өөрөө нийт газар нутгийн 70-аас дээш хувийг эзэлдэг. Ялангуяа тал хээрийн бүсийн аймаг бүхэлдээ бэлчээрийн газартай. Бусад ангиллын газар бараг байхгүй. Харин төвийн бүсэд газар тариалангийн талбай ихтэй. 

-Энэ судалгааг хийсний үр дүн хэрхэн гарч байгаа вэ?

-Хэд хэдэн чиглэлээр энэ судалгааны үр дүнг ашиглаж байгаа. Нэгд, бэлчээрийн менежментээ хийнэ. Тодруулбал, газрын даамал маань мэдээлэл цуглуулж боловсруулаад, сумын бэлчээрийн төлөв байдлыг үнэлнэ. Манай сумын тийм нутгаар, баг, бэлчээр ашиглалтын хэсгийн тэр хэсгээр бэлчээр доройтсон байна, өвөлжөөний бэлчээр энэ жил даац хэтэрсэн байна. Зун намрын бэлчээр дээр ийм байна гэх зэрэг мэдээллийг гаргаад ирнэ. Энэ мэдээллийг жилийн эцэст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэнэ. Тухайлбал, манай сумын мониторингийн цэгүүдэд хийсэн судалгаанаас харахад эдгээр  газруудад бэлчээр нилээн доройтолтой гарсан учраас эхний ээлжинд чөлөөлж ургацыг  нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэр орчмын бэлчээрийн менежмэнтээ ингэж сайжруулья, чөлөөлж өнжөөж амраая гэх зэргээр хэлэлцэж тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгадаг. Сумын  хэмжээний төлөвлөгөөг гаргахдаа бэлчээрийн газрыг улирлаар нь, сар өдрөөр нь тодорхой болгон газар чөлөөлөлт хийдэг онцлогтой.

Хоёрдугаарт, судалгааны ажлаа хийнэ. Тодруулбал, газар зохион байгууллалтыг хийж, бэлчээрийг сайжруулах, хамгаалах чиглэлд хийсэн жил жилийн дүнг хооронд нь харьцуулаад судалгааны материалтай болдог. Жишээ нь, манай сум 2015 онд ийм байсан бол 2016 онд бэлчээрийн гарц нэмэгдэж, ийм болсон байна. Эсвэл сүүлийн 3-4 жил бэлчээрийн төлөв байдал ингэж доройтсон байна гэдэг мэдээллийн харьцуулалт бий болно. Энэ судалгааг газрын мэргэжилтэн болохоор суралцаж буй оюутнууд авч ашиглана. Нутагтаа очоод сумандаа дадлага хийхдээ уг судалгааг үндэслэж  боловсруулалт хийнэ. Зарим нь магистрын ажилдаа ч ашигладаг. 

Гуравдугаарт, “Ногоон алт малын эрүүл мэнд” төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтраад малын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийн эргэн мөшгих тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Тиймээс энэ бүхний үндэс нь байгалын бэлчээр юм шүү гэдгийг баталж, олон нийтэд таниулах, гадаадын улс оронд сурталчилах ажлын гол суурь болгож байна.

-Энэ талаар тодруулж өгөөч?

Бидний хийсэн судалгаа тоон мэдээллээс аль нэг аймаг сумын бэлчээрийн газарт хэдэн хувийн ургац бүрхсэн гэдгийг, ургамлын чанар ямар түвшинд байгааг өргөрөг уртрагаар нь харах боломжтой болсон. Засаг захиргааны нэгжээрээ тэр аймгийн тэр сумын тийм нэртэй бэлчээр ашиглагчдын хэсгийн улирлын бэлчээр нь ийм байна, энгийн хэрэглэгч шууд харж болно. Тухайлбал, 2018 оны 8 сарын 5-ны өдөр ийм байсан бэлчээр 2020 оны 8 сарын 5 ны өдөр ийм болсон байна. Энэ харьцуулалтаас гадна байгалын бэлчээр мөн үү биш үү гэдэг баталгаажуулалтын суурь мэдээлэл болох юм. www.egazar.gov.mn цахим хуудаснаас илүү тодорхой харж болно.

 
 

-Малын гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүн авах хүмүүст маш том итгэл үнэмшил төрүүлсэн баримт нотолгоог гаргаад өгч байгаа хэрэг болох юм байна  тийм үү?

-Тэгэлгүй яахав. Монгол Улс минь өргөн уудам нутагтай, хойноосоо урагшаа бүсчлэл нь өөрчлөгддөг. Өндөр уулын бүслүүр, ойт хээрийн бүслүүр, хээрийн бүс, цөл, цөлөрхөг хээрийн бүс гэсэн энэ бүх бүс, бүслүүр дээр 4700 цэг байгаа. Тэр бүх мэдээллийг нэгтгэсэн дата  мэдээллийн сан бий болчихлоо. Магадгүй хэрэглэгч Төв аймгийн Өндөрширээт сумаас ирсэн түүхий эд авлаа гэхэд тухайн суманд байх мониторингийн цэг дээр дарахад л болно. Бүх үзүүлэлт нь мониторинг хийсэн хугацаа, он оноороо гараад ирнэ.

 -Нөгөө талаар дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь бэлчээрийн хомсдол үүсэх шалтгааны нэг гэдгийг ойлгуулж таньж мэдэхэд чухал үүрэгтэй мэдээллийн баазтай болох юм байна?

-Тиймээ. Бидний бэлдсэн мэдээллийн нэгдсэн системээс харахад өнгө өнгөөр алгалсан цэгүүд харагдана. Улаан өнгө төвийн бүсэд их бий. Хүмүүс Улаанбаатар хотоос баруун тийшээ явахад л ногоон харагдаж байдаг ч шарилж маш ихээр үнэртдэг гэдгийг мэдэж байгаа. Энэ бол доройтсон газар гэдгийг баталгаажуулж, хэмжилт хийсэн цэгийг дарахад ямар ч эргэлзээгүй тухайн бүс нутгийн бэлчээрийн дүр зураг шууд харагдана. Үнэхээр бэлчээр нь малд идэмжтэй өвсгүй болсон нь батлаж байгаа юм. Энэ бүх мэдээллийг хэрэглэгч, олон нийтэлд харуулахад тун ойлгомжтой болсон.

-Аймаг сумдын бэлчээрийн доройтол ямар ялгаатай болсныг харснаар 5, 10 жилийн дараах бэлчээр ямар болох вэ гэдгийг ойлгуулахад тустай юм болов уу. Магадгүй тухайн бэлчээрийг сэргээх, хамгаалах чиглэлд юу хийж болох вэ гэсэн гаргалгаа гарч ирэх нь тийм үү?

-Тэгэлгүй яахав. Өнөөдөр бидний хийсэн судалгаагаар бэлчээрийн менежмэнтийг хийж, бэлчээрийн даацыг тооцох ажлыг газрын даамлууд, бэлчээрийн мэргэжилтнүүд орон нутагтаа хийгээд явж байна. Сайн байгаа бэлчээрийг энэ хэмжээнд нь барих, илүү муутгахгүй байх нь чухал. Тиймээс тухайн  бэлчээрийн даацад нь тохируулах, хэтрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

-Сүүлийн 5-6 жилийн судалгаагаар бэлчээр сайжирч байгаа үр дүн гарч байна уу?

-Мониторинг судалгааны гол давуу тал нь Улаанбаатар хотоос би ганцаараа очоод хийгээд байхгүй, тухайн сум орон нутгийн мэргэжилтэн нь өөрөө очиж судалгаагаа хийнэ. Тэндээ ажиллаж амьдарч байгаа хүн нь судлаад тайлан болгоод орон нутгийнхаа хэмжээнд тайлагнаад явдаг тул мэдээллийг яг цаг тухайд нь баримттайгаар өгдөг болсон. Тэгснээрээ сумын удирдлагууд илүү сайн ойлгож, хамтарсан хурлаараа хэлэлцэж, бэлчээрийн хувьд ийм болсон байна. Манай газрын мэргэжилтэн бэлчээрийн судалгаа хийжээ гэдгийг малчиддаа болон багийн иргэдийн хурлаараа танилцуулж, тухайн жилийнхээ бэлчээрийн менежмэнтийн  төлөвлөгөөг гаргаад хэрэгжүүлээд явдаг  болсон олон сайн жишээнүүд бий. Мэргэжилтнүүд маань малчин хүний ухамсар сэтгэхүйд суухуйц бодит жишээг гаргаж чаддаг болсон. Учир нь тухайн сумын бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлдог болсон байна, малын тоог бэлчээрийн даацад нь тохируулъя, бэлчээрийн сэлгээ хийж тодорхой бэлчээрийг өнжөөж амраая гэдэг тооцоог тоон мэдээлэл болон бодит зургаар судалгааг хийж өгч байна. Тиймээс сайн үр дүнг тоочвол их олон сум, багийн нэр хэлэх болно.

-Таны хувьд бэлчээрийн тусгайлсан хуультай байх ёстой юу. Эсвэл бусад хуулиудад зүйл заалтаар тусгагдан зохицуулагдаад явах ёстой юу. Газрын асуудалд анхаарал хандуулан бодит нөхцөл байдлыг илүү сайн мэдэж байгаа хүний хувьд санал бодлоо хуваалцаач?

-Бэлчээр хамгаалах гэсэн үндсэн үзэл баримтлалтай тусгай хуультай байх хэрэгтэй л дээ. Одоогийн хуулиудад зүйл заалтууд байгаа. Тухайлбал, Газрын тухай хуулийн 23.2.21-т Газрын төлөв байдал чанарыг тодорхойлох үнэлгээ өгөх, чанарын өөрчлөлтийг улсын хэмжээнд хянан дүгнэх үүрэг бүхий мониторингийн сүлжээ ажиллуулах гэсэн заалт байгаа. 

Тэгэхээр энэ байгууллага зайлшгүй мониторинг хийгээд олон нийтэд таниулах ёстой болж байна. Мөн Газрын тухай хуулийн 52-т тухайн аймаг суманд бэлчээрийг малчдын хэсэг бүлэг гэрээгээр ашиглана гээд заасан байна. Энэ гэрээгээр ашиглах заалтыг сумдад, багт ашиглаж байгаа. “Ногоон алт” төсөл, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газартай хамтран “Бэлчээр ашиглагчдын гэрээ”-г 2015 оноос хойш 100 гаруй сумын малчидтай байгуулсан байна. Тэдгээрийг малчдын хэсэг бүлгээр нь задалвал 1500 гаруй гэрээ байгуулагдсан. Тэгэхээр энэ бол хуулиар зохицуулж өгөх ёстой чухал асуудал гэж бодож байгаа. 

-“Бэлчээр ашиглагчдын гэрээ”-г бүртгэж байгаа талаар тодруулж өгөөч?

 -Газрын нэгдсэн системд бүртгэгдэж байгаа гэж олйгож болно. Тодруулбал, өнөөдөр аль нэг сумын газрын даамал бэлчээрийн мониторингоо хийгээд зургаа аваад мэдээллээ боловсруулаад мэдээллийн санд оруулчихсан байхад төв системд бүртгэгдэнэ хадгалагдана. Бэлчээрийн судалгааг тариалангийн талбай, өөр бусад зориулалттай газраас хамгийн багадаа 100 метрийн зайд бэлчээрийн судалгааг хийнэ гэж заасан байдаг. Түүнийгээ баримтална. Бэлчээрийн мониторинг мэдээллийн санд орсноор 2016 оноос хойш зөвхөн мэрэгжилтнүүд үзэж танилцдаг, мэдээлэл боловсруулахад ашигладаг байсан бол бол сонирхсон ямар ч хүн цахимаар үзэж болдог болсон.

Өөрийнхөө сум аймгин нэрийг сонгоод ямар бэлчээртэй байгааг нь үзэх боломжтой, нээлттэй систем болсон ч нэгдсэн мэдээллийн аль хэсэг нь мэргэжилтнүүдэд, аль нь иргэдэл харагдах вэ гэдгээр нь ангилсан. Тоо баримт харагдахгүй зөвхөн бэлчээрийн төлөв байдал, бэлчээрийн төлөв байдлын 5 түвшиний аль хэсэгт нь байгааг л харуулдаг.

 

-Ногоон байгууламж, мод ургамлын тоог нэмэгдүүлснээр уур амьсгалын өөрчлөлтийн хор нөлөөг бууруулна гэж үздэг. Манай улсын хувьд байгалын бүс бүслийн онцлогт тохируулан бэлчээр нутагтаа мод ургамал тарих боломжтой юу. Эсвэл өөрөөрөө сэргэсэн нь илүү үр дүнтэй юу. Таны хувьд аль нь ирээдүйд илүү үр өгөөжтэй оновчтой арга байх бол?

-Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Тиймээс бэлчээрт олон наст ургамлын үр нэмэрлэн тарьж сайжруулна гэдэг маш хэцүү. Маш их зардал мөнгө, цаг хугацаа, хүн хүчний оролцоо шаардлагатай. Тийм болохоор аль болох байгалынхаар нь сэргээх хэрэгтэй. 2018 оны Бэлчээрийн төлөв байдлын судалгаагаар  ихэнх нь байгалынхаараа нөхөн сэргэсэн гэсэн дүн гарсан. Тиймээс судалгааны тайланг зөв зүйтэй ашиглах шаардлагатай. Байгалын аясаар сэргэвэл илүү сайн. Бэлчээрийн газарт зөв зохион байгуулалт хийж, бэлчээр чөлөөлөгдөхөд  тухайн орон нутгийн хөрсөнд нарийн ургамлууд нь ургаад л ирнэ.

Бэлчээрийн менежмэнтээ л зөв хийх хэрэгтэй. Эрдэмтэн судлаачид маань “Хур тунадас бороог тэнгэрээс бус газраас гуйдаг гэж  хэлдэг.  Учир нь газар ургамал ногоо сайтай байснаар хур бороо их ордог.  Газрын хөрс муудаад халцгайраад ирэхээр хур тунадас орох магадлал  буурдаг, хур бороо орлоо гэхэд хөрсөндөө тогтоож чадахгүй үер усны аюул болоод байгаа нь ургамлын бүрхэц багассантай холбоотой. Үүл буудаж, хүчээр  бороо оруулах гэхээсээ илүүтэй тухайн газар нутгийн байх ёстой ургамал нь байна уу, нөхөн сэргэж урган төлжихөд ямар ажил хийх вэ гэдэгт анхаарч чадвал хур тунадас ороод л байна.  Хөгшчүүл ч “Жаахан ногоорсон газраа л бороо ороод байх юм” гэдэг нь тийм л зарчимтай.

-Монгол Улсыг бүтэн тойрч бүх бэлчээрийн мониторигийн цэгийг олж тогтооход өөрөө гар бие оролцсон. Хичнээн хугацааг зарцуулсан бэ?

-2009 оноос Монгол орноороо тойрч бэлчээрийн судалгаа хийж эхэлсэн. Байгалын бүс бүслүүрт нь тааруулж, тухайн аймгийг гол төлөөлөх газруудыг сонгоно гэдэг амар биш. Миний тооцооллоор суурь судалгааг хийхэд 2 сар 10-аад мянган км зам туулсан.  Тухайлбал, 2010 онд Хөвсгөл аймгаас эхлээд Баян Өлгий аймгийн Цэнгэл, хамгийн урд тал нь Өмнөгговь аймгийн Гурван тэс сум, зүүн тийшээ Дорнод аймгийн Халх гол, Матад гээд л явсан. Монгол орон минь өргөн уудам, байгалын олон бүс бүслүүрт хуваагдаж байдаг. Тэр болгонд хөрсний шинж чанар, экологийн нөхцөл байдал ямар байна, нөөц нь хэр байна вэ гэдэг судалгааг хийж явсан.

Мэдээж ингэж явах, энэ салбарт анхаарал хандуулах залгамж халаа их чухал. Би өөрөө анх залгамж халаа болон монгол эрдэмтэд, олон улсын бэлчээрийн эрдэмтэмтэй хамтарч ажиллаж байсан. 2013 оноос хойш ХААИС –ыг төгссөн залуучуудыг дагуулан хөрсний судалгаа, бэлчээрийн экологийн чадавхийг судлах арга зүйд  суралцуулан дадлагжуулах, залгамж халаагаа бэлдэх ажлыг хийж явна.

-Бэлчээрийг таньж  мэдсэнээр хойч үедээ үлдээх нь хамгийн чухал үр дүн гэж  бодож байна. Таны хувьд гол ач холбогдол юу вэ?

-Монгол Улс бол Төв Азийн өндөрлөгт оршдог. Эмзэг эко системтэй гэж ярьдаг ч дэлхийд байхгүй хамгийн том өвслөг тал нутагтай. Хур тундас багатай, өвлийн улирал нь урт, салхи шуурги ихтэйгээс ургамлын ургалт бага байдаг. Бэлчээрийн төлөв байдал манай улсын хэмжээнд ямар байгааг олон нийтэд таниулсанаар бэлчээр нутгаа хайрлан хамгаалах ёстой гэдгийг ойлгуулах нь их чухал. Яагаад гэвэл бэлчээрийн өвч ургамалын гарц муудах нь жил бүр давтагдаад байх юм бол хөдөө нутаг маань тэсэхгүй шүү дээ. Яг  үнэндээ барууны улс орнуудтай харьцуулах юм бол хөрсний үржил шим багатай, үржил шимтэй өнгөн давхрага нь  салхи болон усны  элэгдэлд өртөмтгий байдаг.

Ургамлын үндэс нь хөрсийг барьж тогтоож байдаг. Гэтэл ургамал дээрээсээ байхгүй болно гэдэг хөрсөндөө үндэсгүй болж, ургамал ургах боломж нь буурч байгаагийн шинж. Улмаар маш амархан элэгдэлд орж, нөхөн сэргэх чадвар нь суларна.  Хур тунадас бага орж, хөрсний үржил шим нь буурна. Аливаа нэг  улс орон уламжлалт аж ахуйгаа түшиглэж байж хөгждөг. Манай улсын уламжлал бол мал аж ахуй. Бид үеэс үед байгалын эрс тэс  уур амьсгалтай энэ эх нутагтаа нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлж, хүнс тэжээлээ болгон  амьдарч ирсэн. Тиймээс л монгол хүн бүр бэлчээр нутгаа хайрлаж, хамгаалж, гамнаж явах хэрэгтэй. Эс бөгөөс биднийг мөнхөд хэвлийдээ тээж ирсэн эх байгаль минь хэцүүхэн болох гээд байна. Бидний үр хүүхэд цаашид хэрхэн амьдрах вэ?

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

П.Нарандэлгэр