Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнг аравдугаар сард хүлээлгэж өгнө
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт, Цагдаа толгой орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэн нь нийслэл хотод хийгдэж буй таван том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг. Энэхүү хүрээлэн нь 4 га талбайг эзэлж байгаа юм. Бүтээн байгуулалтын ажлыг “Неон гэгээ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгах үеэр “Иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор хийж байгаа тохижилтын ажлыг ашиглалтад оруулсны дараагаар заавал эзэнтэй болгох, арчлалт, цэвэрлэгээ, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах ёстой. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй” гэдгийг хэлж байлаа.
Усны хаялгуудыг гаргаж өгөх шаардлагатай байгааг захиалагч болон гүйцэтгэгч компаниудад анхаарууллаа
Мөн цэцэрлэгт хүрээлэнд ус урсах магадлал байгаа учир усны хаялгуудыг гаргаж өгөх шаардлагатай байгааг захиалагч болон гүйцэтгэгч компаниудад анхаарууллаа.
Бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад оруулсны дараагаар арчлалт, хамгаалалтыг хэрхэн хангах асуудлаар санал бэлтгэн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэмд үүрэг болгов.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
