Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхбаатар: Хөвсгөл нуур руу амралтын газар бохироо цутгаж байна гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг фэйсбүүк дэх Shuudertsetseg хуудсаас авав

Хөвсгөл нуурт нэр бүхий амралтын газар бохироо цутгаж байна гэх тайлбартайгаар дээрх зураг олон нийтийн сүлжээнд өчигдөр цацагдлаа. 

Зурагт харагдаж буй газар нь Хөвсгөл аймгийн Хатгал сум дах усан зогсоолоос 68 км зайд орших Хөвсгөл нуурын зүүн эрэг дэх "Балчирганат" гэх газар аж.

Энэхүү мэдээллийн дагуу тус аймаг дахь Цагдаагийн газар, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг холбогдох зургаан байгууллагаас бүрдсэн ажлын хэсэгт тухайн орчимд ажиллаж байгаа юм.

Шалгалтын явцын талаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Экологийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Мөнхбаатараас тодрууллаа. 

Тэрбээр "Дээрх асуудлыг шалгахаар ажлын хэсэг өнөөдөр өглөө гарч, завиар 68 км зайг туулан очсон. Одоо тухайн газарт ажиллаж байна. Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орсны улмаас уулын үер жалга дагуу бууж, нуурт цутгаж байгаа тухай мэдээллийг эхний байдлаар ирүүлсэн" гэлээ. 

Түүнчлэн цагдаагийн ахмад Л.Мөнхбаатар "Нэр бүхий амралтын газар бохироо цутгаж байна гэдэг нь ташаа мэдээлэл. Хоолой шиг харагдаж байгаа зүйл нь ясажсан мод бөгөөд тал нь нуур руу орсон байгаа нь төөрөгдөл үүсгэжээ. Эдгээр нөхцөл байдлыг албаныхан гэрэл зураг, бичлэгээр баримтжуулж байгаа" хэмээв.