Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Наадмын нээлт, хүндэтгэлийн концертоор дэлхий дахинд үзүүлэх контент бэлтгэнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга, нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан наадмын бэлтгэл ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Энэ жилийн наадмыг илүү олон хүн үзнэ"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Үндэсний харваа, шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан зэрэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах 13 дугаар зуун цогцолборт зохион байгуулагдана. Харин хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно.

УОК-оос хүн олноор цуглуулж болохгүй гэсэн чиглэл өгсөн учраас иргэдийг цуглуулахгүйгээр теле хэлбэрээр баяр наадмаа нийтэд хүргэх хэлбэрийг сонгосон.

Долдугаар 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдах тэмцээн уралдаанд оролцох хүмүүст УОК, ЭМЯ зэрэг зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлнэ. Харин наадмын өдрүүдэд цар тахалтай холбоотойгоор нийтэд үйлчлэх ямар нэг үйлчилгээ тухайн талбай дээр зохион байгуулагдахгүйг албан ёсоор мэдэгдэж байна.

Олон нийтийн сүлжээгээр энэ жилийн наадмыг “үзэгчгүй” гэцгээж байгаа. Харин ч энэ жилийн наадмыг илүү олон хүн зайнаас үзнэ гэж бодож байна. Дэлхийд ганц байдаг Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэх боломжийг хангахаар ажиллаж байгаа.

Цар тахал бидэнд нэг талдаа хүндрэл болж байгаа ч үүнийг Монгол наадмаараа дамжуулж давуу тал болгохыг зорьж байна” гэв.

"Жил бүр наадмын нээлтийг 13 мянга орчим хүн биеэр очиж үздэг"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Би 1980 оноос хойш Үндэсний их баяр наадмын нээлтийн ажилд жил алхсалгүй оролцсон. Бидний зохион байгуулсан зүйлс бүх хүний сэтгэлд нь хүрдэггүй. Гэхдээ дийлэнх нь наадмын нээлт, хаалт гайгүй боллоо гэсэн яриатай хоцордог.

Жил бүр наадмын нээлтийг Монгол Улсын хүн амын нэг хувьд ч хүрэхгүй хүн буюу 13 мянга орчим хүн биеэр очиж үздэг.

Түүнчлэн Хүндэтгэлийн концерт СТӨ-нд 1,200 хүн сууж үздэг. Үүнээс ихэнх нь УИХ-ын гишүүд, гадаад дипломат төлөөлөгчдийн газрынхан байдаг. Харин бодит байдал дээр 600 иргэн л үздэг. Энэ нь хүн амын 0.1 хувьд ч хүрэхгүй тоо юм. Тийм учраас наадмын нээлт үзэж чадахгүй гэдэг нь цөөхөн хүний яриа бөгөөд тэдгээр хүмүүст л хамаатай асуудал.

Жил бүр телевизүүд наадмыг шууд дамжуулахад маш их анхаардаг ч техникийн маш их алдаа гарч, сүүлд нь хэцүүхэн бичлэг үлддэг. Энэ жилийн хувьд эртнээс бэлдэж байгаа учир ямар нэг техникийн алдаа гарахгүй. Тиймээс энэ жил наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг Монгол Улсын хүн амын 99.99 хувь нь өнгөрсөн жилүүдийнхээс 3 дахин илүү чанартай түвшинд хүлээж авна.

Хамгийн гол нь наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг хальс дээр буулгаж, Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай дэлхий дахинд үзүүлэх контент гаргаж авах юм” гэв.

Видео:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/889245881569725