Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Ачаа, тээврийн жолоочоос бараанд халдвар дамжих эрсдэл байхгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Одоогоор ачаа, тээврийн жолооч буюу ОХУ-ын хоёр иргэн халдвар авсан нь батлагдаад байна. Тээврийн жолооч нарын зөөвөрлөн ирж буй ачааг хэрхэн халдваргүйжүүлж байгаа бол?

Д.Нарангэрэл: -Тээврийн жолооч нараас гурван тохиолдол батлагдсан. Үүний хоёр нь гадаад, нэг нь монгол иргэн байна.

Бид жолооч нарын хилээр орж ирэхэд нь өөрсдийг нь шинжлэхээс гадна зөөвөрлөн оруулж ирж буй ачаанд халдваргүйтгэл хийж байгаа.

Халдваргүйтгэлийг хэрхэн хийх талаар Эрүүл мэндийн яамнаас хоёр удаагийн зөвлөмж гарсан.

-Жолооч нараас халдвар бараагаар дамжих боломжтой юу?

А.Амбасэлмаа: -Ачаа тээшинд жолооч нар огтхон ч хүрдэггүй бөгөөд энд ирсэн хойно нь л ачааг задалдаг юм билээ.

Тийм учраас жолооч нь халдвар авсан учир ачаа, тээш ямар нэг байдлаар бохирдоно гэсэн асуудал байхгүй.

Өөрөөр хэлбэл, жолоочоос бараанд халдвар дамжих эрсдэл байхгүй гэж ойлгож болно.

-Иргэдийн хувьд импортоор орж ирж буй бараа, бүтээгдэхүүнийг хэрхэн ариутгах ёстой вэ?

Д.Нарангэрэл: - Иргэд бараа бүтээгдэхүүнийг хэрхэн ариутгаж, халдваргүйтгэх тухай зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас гаргасан.

Үүнд:

  • Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах
  • Гадна талыг нь белизнатай бүлээн усаар арчиж, халдваргүйтгэх
  • Сав баглаа боодлыг шууд хаях
  • Бараа бүтээгдэхүүнийг ариутгаж дуусаад гараа сайн савандаж угаах зэрэг зөвлөмж багтсан.

"23, 28 дахь хоногт нь вирус илэрсэн тохиолдол ч бий"

-Гаднаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах хугацаанд заримаас нь халдвар илэрч байгаа. Үүнтэй холбоотойгоор тусгаарлалтын хугацааг сунгах шаардлага үүсэж байгаа юу?

А.Амбасэлмаа: - Өмнө нь тусгаарлалтын 18 дахь хоногт вирус илэрсэн нэг тохиолдол гарсан.

Одоогоор ДЭМБ-аас халдварын нууц үеийн хугацааг тогтоогоогүй. Зөвхөн дундаж нууц үеийн хугацааг л тооцоолсон бөгөөд тэр хугацааг 14-21 хоног гэж хэлж буй.

Зарим тохиолдолд бүр 23, 28 дахь хоногт нь вирус илэрсэн нь бий.

Мөн коронавирусийн халдвар авчихаад эхэн үедээ огт илрэхгүй, вирус нэлээд удаан хугацаагаар биед нь агуулагдах зүйл ажиглагдаж байгаа ч судалгаа байна. 

Бид ДЭМБ-ын хяналтын графикийн дагуу л шинжилгээгээ авч байгаа бөгөөд заримаас нь зургаан удаа шинжилгээ авч буй.

-Сонгуулийн үеэр халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж бий юу?

Д.Нарангэрэл: - Сонгуультай холбоотойгоор бид зөвлөмж гаргаж,зөвлөмжийг УОК-д хүргүүлсэн.

УОК-оос дээр нь дээр нь нэмж, Засгийн газраар батлуулсан бөгөөд Одоогоор Засгийн газрын тогтоол хэрэгжиж байгаа.

Ер нь сонгуультай холбоотой үйл ажиллагааг СЕХ зохицуулна.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/746287079458890/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.