Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Миннеаполис хотын удирдлагууд цагдаагийн газраа татан буулгахаар санал нэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Тавдугаар сарын 25-ны өдөр Миннесота мужийн Миннеаполис хотод африк гаралтай, 46 настай Жорж Флоид цагдаагийн гарт амиа алдсан явдал АНУ даяар арьс өнгөний үзлийн эсрэг хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн билээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Америк даяар олон жагсаал цуглаан зохион байгуулагдсаны ихэнх нь тайван нөхцөлд болж өнгөрчээ.

Ням гарагт Миннеаполис хотын удирдах зөвлөлийн 13 гишүүний ес нь хотын цагдаагийн газрыг тарааж, нийгмийн дэг журмыг хангах үүргийг хариуцсан өөр шинэ бүтэц бий болгохоор санал нэгдсэнээ нийтэд зарласан байна.

“Хотын удирдах зөвлөлийн олонх Миннеаполисийн Цагдаагийн Газар шинэчлэгдэх боломжгүй гэж дүгнээд одоогийн дэг журам сахиулах системийг татан буулгахаар санал нэгдлээ” гэж зөвлөлийн гишүүн Алондра Кано твиттер хуудсандаа мэдэгджээ.

Ийм өөрчлөлт нь урт хугацаанд хэрэгжих, нарийн түвэгтэй ажил байх болно гэж зөвлөлийн гишүүд мэдэгдсэн ч төлөвлөгөөнийхөө талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

“Ямартай ч хот ойрын үед цагдаагийн газаргүй болохгүй нь тодорхой” гэж Миннеаполис хотын удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Лиза Бендер CNN сувагт ярьжээ.

Өчигдөр зөвхөн Миннеаполис хот цагдаагийн шинэчлэлийн талаар яриагүй юм.

Нью Йорк хотын захирагч Билл де Бласио тус хотын цагдаагийн байгууллага болон иргэдийн дунд итгэлцлийг нэмэгдүүлэх цуврал арга хэмжээнүүдийг авахаа мэдэгдээд байна.

Тэрбээр цагдаагийн байгууллагынхаа төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгийг өнгөт арьст залуу үеийнхний нийгмийн нөхцлийг сайжруулах үйлсэд шилжүүлж, зарцуулахаа амлажээ.

Де Бласио мөн нийгмийн хэв журмыг сахиулах ажлын зарим хэсгийг цагдаагийн чиг үүргээс салгах төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна.

Флоидын аллагаас үүдэлтэй Америк даяар арав гаруй хоног үргэлжилсэн тэмцэл, үймээн самуун намжих хандлагатай болжээ. Нью Йорк, Филадельфи, Чикаго зэрэг томоохон хотууд дэг журам тогтоох зорилгоор зарласан хөл хорионы дэглэмээ цуцалсан байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр нийслэл Вашингтон хотоос Үндэсний Гвардын цэргүүдийг гаргах тушаал өгч, хотын дэг журам бүрэн хяналтад орсныг твиттер хуудсаараа зарлажээ.

 

Эх сурвалж: Reuters