Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

ОДОО Л ЭХЭЛЖ БАЙНА

ikon.mn
2020 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг сая 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас дагаж мөрдөж эхэллээ. Манайхан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг мөрдөөд эхлэнгүүт л бүх юм түүний дагуу болчихно хэмээн андуурч болохгүй ээ.

Үндсэн хуулиар улс орны улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралын тулгуур зарчмууд, эрх зүйн үндсийг л тогтоодог болохоор үүнийг ургамлаар бол үр нь үндэслэхтэй л зүйрлэж болох юм. Тэгвэл тэр үндэснээс ургамлын иш, нахиа, навч, цэцэг нь дэлгэрэхэд бороо хур, усалгаа, тордолт шаардлагатай байдгийн адил Үндсэн хуулийг амьдралд нэг мөр хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд түүнтэй холбогдох хуулиудыг батлан мөрдүүлэх хэрэгтэй.

Үндсэн хуульчилсан хуулиуд болон Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр баталж гаргасан 02 дугаар тогтоолд дурдсан хуулиудыг Улсын Их Хурал батлан гаргасны дараа сая Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг мөрдөн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнгийн талаар ярьж болох юм.

Үүнээс үзвэл Үндсэн хуулийг хэрэгжүүлэх ажил одоо л эхэлж байна. Саяхан Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг цөөн хэдэн хуулийг Улсын Их Хурал баталж, шинээр сонгогдож, байгуулагдах Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа эхэлсэн өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоолоо. Ээлжит сонгуулийн дараа Улсын Их Хурал, Засгийн газрыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу байгуулж, үйл ажиллагаа нь мөнхүү нэмэлт, өөрчлөлтөд заасны дагуу саадгүй үргэлжлэх нөхцлийг бүрдүүлэв.

Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд 40 гаруй хууль нэр заан дурдагдсан буй. Ирэх сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх эрх зүйн шинэчлэлийн шинэ давалгаан хүлээж байна. Ийм хувь тавилантай 1992 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал учирч байсан бөгөөд тэр үед шинэ Үндсэн хуулийн дагуу эрх зүйн шинэчлэл хийх үүргээ хариуцлагатай биелүүлсэн гэдгийг манай ард түмэн сайн мэднэ. Харин шинээр байгуулагдах Улсын Их Хурал яах бол? Энэ бол манай ард түмний туйлын хүсэл бас хүлээлт.

Одоо 1992 оныг бодвол Үндсэн хуулийг судалдаг эрдэмтэд маш олон болжээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг оруулахын өмнө 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, сонирхож судалдаг хүмүүсийн ойлголтыг ихээхэн гүнзгийрүүлсэн гэдэг нь маргаангүй. Иймээс шинэ Улсын Их Хурал уг шинэчлэлийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааны дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, бас шүүмжлэх баг бүрдсэн гэдгийг хэлэх нь зөв байх.

Ингэхэд сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн нам, эвслүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийх эрх зүйн шинэчлэлийн талаар мөрийн хөтөлбөртөө хэр зэрэг нухацтай хандаж тусгасан байдаг юм болдоо. Бие даагчидтай бол энэ талаар бараг яриад ч нэмэргүй биз.

Эрх зүйн шинэчлэлийг шуурхай хийх зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг боловсруулах, өргөн мэдүүлсэн төслүүдийг Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн, эсхүл зөрчсөн талаар дүн шинжилгээ хийх хуулиар тогтоосон чиг үүрэг бүхий нэгжийнхээ дүгнэлтийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо анхааралтай авч хэлэлцэж байхын зэрэгцээ, зарим тохиолдолд энэ чиглэлээр тусгай ажлын хэсгүүдийг ч байгуулан ажиллуулж болох юм.

Мөн Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улс орон даяар сурталчилж, тайлбарлан таниулах үүргийг Засгийн газар хүлээсэн байдаг. Энэ Засгийн газар ч “ковид-19”-ийн онцгой нөхцөл байдалтай зууралдсаар мөнхүү үүргээ шуудхан хэлэхэд хангалтгүй биелүүлж байгаа. Дараагийн Засгийн газар энэ үүргийг биелүүлэх нөр их ажилтай нүүр тулан учрах болно. Уг нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 онд улс орон даяар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулсан туршлага Улсын Их Хурлын Тамгын газарт байгаа.

Түүнчлэн Засгийн газарт Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолын дагуу олонх хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бас оногдож байгаа. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд “Алсын хараа-2050”-ыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Шүүхийн захиргааны тухай болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн. Тэдгээр төслийг уншихад Улсын Их Хурлын 2 дугаар тогтоолыг дагаж мөрдсөн гэх наад захын шинж харагдахгүй байсныг нуугаад яахав. Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолд заасан үндэслэл, чиглэлийг хатуу баримтлах нь хууль санаачлагчид, хуулийн төсөл боловсруулагчдын гаргаж буй төслийн зүйл заалтуудын үзэл санааг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгүүдийн явцад чухам яаж ойлголцож, холбогдох заалтууд нь батлагдсантай нийцүүлэхэд тус болно.

Ямартай ч шинээр байгуулагдах Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэх эрх зүйн шинэчлэл гэдэг нөр их чимхлүүр ажил хүлээж байна. Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд ч ийм их ажил өмнө чинь зогсож байгаа гэдгийг сануулахад илүүдэх юун.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх эрх зүйн шинэчлэлийн шинэ давалгаан одоо л эхэлж байна.

Нийтлэлийг бичсэн: судлаач Ц.Товуусүрэн
2020.06.01