Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп гэрэл зураг авхуулах зорилгоор тайван жагсаалыг зэвсгийн хүчээр тараасанд буруутгагдаж байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад дэгдсэн үймээн самууныг буруутгасан агуулгатай зураг авхуулахын тулд Цагаан ордны гадна жагссан иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэх шийдвэр гаргасан хэмээн шүүмжлүүлж байна.

Цагаан ордны гаднах Лафает цэцэрлэгт тайван жагсаал хийж байсан иргэдийг цагдаа, тусгай хүчнийхэн нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэж тараасан юм. Үүний дараа Цагаан ордноос гарч ирсэн Трамп замын эсрэг талд орших Гэгээн Жонийн сүмийн гадна алхаж очоод зураг авхуулжээ.

Тус сүмийн барилга Ням гарагийн шөнө цагдаа, жагсагчдын хооронд гарсан мөргөлдөөний үеэр гэмтсэн юм. Сүмийн гадна Дональд Трамп гартаа Библийн судар барьж зогсоод эмх замбараагүй байдлыг буруутгасан агуулгатай зураг авхуулсан байна.

 

Ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Жо Байден түүнийг зураг авхуулахын тулд Америкийн иргэдийн эсрэг Америкийн зэвсэгт хүчнийг ашигласанд буруутгажээ.

“Тэр зураг авхуулахын тулд тайван жагсагчдыг нулимс асгаруулагч хийгээр цацаж, резинэн сумаар буудлаа. Улс орныхоо төлөө, үр хүүхдийнхээ төлөө бид түүнийг сонгуульд ялах ёстой” гэж Байден твиттер хуудсандаа бичсэн байна.

Вашингтон хотын дарга Муриэл Баузер мөн ерөнхийлөгчийнхөө үйлдлийг шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ. “Би оройн 7:00 цагаас хойш хөл хорио тогтоох шийдвэр гаргаад байв. Гэтэл хөл хорио эхлэхээс ердөө 25 минутын өмнө Цагаан ордны гадна тайван жагсагчдын эсрэг зэвсэг хэрэглэсэн нь дэг журам тогтоох ажлыг улам хүндрүүллээ” гэж тэр мэдэгдсэн байна.

Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо “Өнөөдөр манай ерөнхийлөгч Америкийн зэвсэгт хүчнийг Америкчуудын эсрэг ашиглалаа. Тэр сүмийн өмнө зураг авхуулах зорилгоор тайван жагсагчдыг зэвсгийн хүчээр тараалаа. Энэ бүхэн ерөнхийлөгчийн хувьд телевизийн реалити шоу төдий зүйл бололтой” гэж мэдэгджээ.

Вашингтоны сүм хийдийн тэргүүн Мэриан Бадд ерөнхийлөгч сүмд зочлохдоо зөвшөөрөл аваагүйг мэдэгдээд Библийн судрыг ийм зорилгоор ашигласныг буруутгасан байна. “Ерөнхийлөгчийн хийсэн үйлдэлтэй бид ямар ч хамаагүй. Өнөөдөр болсон үйл явдлыг хараад би нүдэндээ итгэхгүй байна. Хэлэх ч үг алга” гэж тэр CNN сувагт ярьжээ.

 

 Эх сурвалж: AFP