Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Засгийн газрын нөөц сангаас нэг сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг гаргана

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Засгийн газар бусаар хуралдаж, Энэтхэгээс захиалгат нислэгээр 219 лам хүүхдийг эх орондоо авч ирэх болоод "Найрамдал зуслан 2"-ыг байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ердийн цэцэрлэг, ЕБС-ийн багшид нэмэгдэл хөлс олгох зэрэг шийдвэрийг гаргаж, “Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг баталсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Түүнээс гадна ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт ашигт малтмал хайх эрхийг “Эрдэнэс алт ресурс” ХХК-д олгов

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт ашигт малтмал хайх эрхийг “Эрдэнэс алт ресурс” ХХК-д олгож, Хүрэнцавын хүдрийн бүлэг талбайн солбилцлыг батлав. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ашигт малтмал хайх эрхийг “Эрдэнэс силвер ресурс” ХХК-д олгож Овоот хярын хүдрийн бүлэг талбайн солбилцлыг батлав.

“Эрхэм чанар” протезийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 1.5 тэрбум төгрөгөөр дэмжлэг үзүүлнэ

“Эрхэм чанар” протезийн үйлдвэрлэлийг дэмжих талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай төлөвлөгөөтэй танилцаж, цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийн өр, зээлийн төлбөрийг татаас хэлбэрээр 2021 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг ХНХ-ын сайдад даалгаж, Засгийн газрын тэмдэглэл гаргав.

Тус үйлдвэр жилд 1,500 хиймэл гар хөл, нүд, гажиг засах гутал 500 гаруй, 120 мянган ширхэг таяг, хөтөвч үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Эмнэлэг, сувилал ажиллуулдаг бөгөөд 18 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд 25 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй аж. Энэхүү үйлдвэрийн үйл ажиллагаа доголдвол хиймэл эрхтэн, тусгай хэрэгсэл шаардлагатай нийт иргэдийн 50–ээс дээш хувийн эрх ашиг хохирох аж.

Иймд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

Цэргийн төв эмнэлгийн 1.2 тэрбум төгрөгийн алдагдлыг Засгийн газрын нөөц сангаас олгоно

УОК-ын шийдвэрийн дагуу тусгай дэглэмд шилжиж үндсэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосноос болж БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг 1.2 тэрбум гаруй төгрөгийн алдагдалд оржээ. Иймд тус хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, санхүүгийн алдагдлыг нөхөж олгохыг Сангийн сайдад зөвшөөрөв.

АНУ-д нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

АНУ-д коронавируст халдварын цар тахлын улмаас нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон хүмүүнлэгийн тусламж хүргэхэд зориулж, нэг сая ам. доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзан технологийн дэвшил, инновацийг ашиглан гарааны бизнес эрхэлж буй иргэдээ дэмжихээ илэрхийлж, ГХ-ны сайдад зарим үүрэг даалгаврыг өгсөн.

Энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас зарим гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтанд мэдээллийн технологи, инновацийн асуудал хариуцуулахаар төсөл боловсруулж, танилцуулсныг дэмжин зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.