Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин ялалтын баярын парадыг зургаадугаар сарын 24-нд шилжүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хойшлогдсон ялалтын баярын парадыг зургаадугаар сарын 24-нд зохион байгуулах болсныг зарлажээ.

Тэрбээр мөн коронавирусийн халдварын тархалт улс оронд нь тогтворжих хандлагатай байгааг мэдэгдсэн байна. Халдварын батлагдсан тоогоор ОХУ нь дэлхийд АНУ, Бразилын дараа гуравт бичигдэж байгаа.

Сүүлийн өдрүүдэд тархалт буурч буйг албан ёсны тоо баримт харуулж байна. Гэхдээ өчигдөр тус улсад нэг өдрийн дотор хамгийн олон хүн буюу 174 хүн Covid-19 өвчнөөр нас баржээ.

Өчигдөр болсон видео хурлын үеэр Путин батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын парадын бэлтгэлийг хангах үүрэг өгсөн байна. Жил бүрийн тавдугаар сарын 9-нд Москвагийн Улаан талбайд болдог баярын парадад 10,000 орчим цэрэг, шинэ зэвсэг техник оролцож, гадаадын хүндэт зочид, ахмад дайчид үзэж сонирхдог юм.

Путин бас нэг сая орчим орос хүн дайнд алдсан гэр бүлийнхнийхээ хөргийг барьж жагсдаг дурсгалын арга хэмжээг долдугаар сарын сүүлээр зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Нацист Германыг ялсны түүхт 75 жилийн ойн парадад Оросын эрх баригчид Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин зэрэг удирдагчдыг урихаар төлөвлөсөн байна.

Одоогоор Казахстан, Молдов улсуудын төрийн тэргүүнүүд хойшлогдсон парадад оролцохоо илэрхийлжээ.

 

Эх сурвалж: The Guardian