Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монтенегро коронавирусээс салсан Европын анхны улс болсноо зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Балканы хойгийн Монтенегро улс коронавирусээс салсан Европын анхны улс болсныг ерөнхий сайд нь Даваа гарагт зарлажээ.

Тус улсад 69 хоногийн өмнө халдварын анхны тохиолдол илэрч байсан бөгөөд сүүлийн 20 хоногийн турш ганц ч тохиолдол нэмж илрээгүй юм байна.

Цар тахал дэгдсэн цагаас хойш Монтенегрод нийтдээ 324 халдварын тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барж байжээ.

“Үхлийн вирустэй хийсэн тэмцэлд бид ялж, Монтенегро нь Европ тивийн анхны коронавирусгүй улс боллоо” гэж ерөнхий сайд Душко Маркович өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд зүүсэн амны хаалтаа авсан юм.

620,000 орчим хүн амтай Монтенегро улсын газар нутаг Адриатын тэнгисийн эрэг дагуу байрладаг бөгөөд аялал жуулчлалын салбараас эдийн засаг нь гүнзгий хамааралтай юм.

Тус улс 100,000 хүн тутамд 25-аас ихгүй халдварын тохиолдолтой улс орнуудад хилээ нээж, жуулчдыг хүлээж авахаар болсныг Душко Маркович өчигдөр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters