Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дахин 37 хүнээс халдвар илэрснээр Монголд батлагдсан COVID-19-ийн тохиолдол 135 боллоо

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ОХУ-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ. 

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 78 хүний 17 нь хүндэвтэр, 39 хүн дунд зэрэг, 22 хүн хөнгөн байна.

Мөн эдгээр иргэний дунд хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн байна" гэлээ.

Ийнхүү Монгол Улсад батлагдсан шинэ коронавирусийн халдварын тохиолдол 135 боллоо.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/277424823420002/

COVID-19 халдварын Монголд батлагдсан тохиолдлууд:

  • 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
  • 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлэв.
  • 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
  • 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. 
  • 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. 
  • 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
  • 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. 
  • 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.25: Нэг хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
  • 2020.04.26: Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.  Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.02: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.04: Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
  • 2020.05.05: Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 боллоо.
  • 2020.05.08: Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 42 дахь тохиолдол боллоо.
  • 2020.05.14: Франкфуртийн онгоцоор ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан байсан нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн сонсогчдын үдээс хойших шинжилгээгээр нэмж 37 хүнээс халдвар илэрснээр 98 тохиолдол болж нэмэгдлээ. 
  • 2020.05.16: ОХУ-аас ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдол 135 боллоо.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.