Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монголын 4-р сарын цахим бизнес уулзалтаар Ковид-19 цар тахлыг БНХАУ-д бизнесууд хэрхэн даван туулж буй сайн туршлагаас хуваалцлаа

ikon.mn
2020 оны 4 сарын 17
iKon.MN

УЛААНБААТАР, Монгол улс – 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-ын зохион байгуулсан цахим Бизнес уулзалтад БНХАУ дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Хятад)-ын Ерөнхийлөгч Алан Бииб зочин илтгэгчээр оролцож, Ковид-19 цар тахлын учруулж буй эдийн засгийн хохирол болон энэхүү цар тахлыг БНХАУ-д буй бизнесүүд хэрхэн даван туулж буй сайн туршлагуудын талаар танилцуулга хийлээ.

 

Энэхүү цахим уулзалтад АмЧамын гишүүн байгууллагуудын төлөөлөл, дотоод болон гадаадын бизнес эрхлэгчид оролцлоо. АмЧам Монголын ТУЗ-ийн гишүүн Ник Кузин тус уулзалтыг чиглүүлж, нээж хэлсэн үгэндээ, “АмЧам Монгол нь Ковид-19 цар тахлыг даван туулахад АмЧам Хятад нь бизнесүүдэд учруулж буй эдийн засгийн хохирлыг бууруулахад шаардлагатай арга хэмжээг авч, тэргүүн эгнээнд манлайлан ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын засгийн газар нь энэхүү цар тахлын эдийн засгийн үр нөлөөг бууруулах зорилгоор 5 их наяд төгрөгийн өртөг бүхий эдийн засгийг тэтгэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тийм боловч манай танхимын гишүүдийн хувьд БНХАУ дахь бизнесүүд цар тахлыг хэрхэн давж буй сайн туршлага, сургамжаас суралцах нь цагаа олсон, чухал ач холбогдолтой юм” гэжээ.

 

Уулзалтын үеэр ноён Алан Бииб БНХАУ дахь цар тахлын нөхцөл байдал, бизнесүүдэд тулгарч буй бэрхшээлүүд болон АмЧам Хятадын зүгээс гишүүддээ цар тахлыг давахад нь хэрхэн дэмжлэг үзүүлж буй талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, бусад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. Ноён Бээб хэлэхдээ, “АмЧам Хятад нь Ковид-19 цар тахлын анхны голомт болсон Вухан хотын салбараа ашиглан, цар тахлын талаар хамгийн бодит мэдээллийг хүлээн авч, технологи, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийг идэвхитэй ашиглан гишүүддээ өдөр тутам хүргэх, цар тахлын учруулж буй хор хохирлын талаар судалгааг сар бүр хийх замаар гишүүддээ болон БНХАУ-ын засгийн газарт цар тахал, эдийн засгийн хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлж, тэргүүн эгнээнд ажиллаж байна” гэв. Ноён Бииб БНХАУ-ын зүгээс АНУ шиг олон их наяд ам.долларыг бэлнээр тараахын оронд хэрэглэгчдийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 750 сая юанийг жижиглэн худалдаа эрхлэгчдэд цахим урамшууллын тасалбар байдлаар олгосон нь их бүтээлч арга хэмжээ болсон тухай мэдээлэв. Ноён Бииб үргэлжлүүлэн БНХАУ дахь томоохон корпорацууд нь жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор нөхцөл сайтай бизнесийн зээл олгож, хувийн банк шиг ажиллаж байна гээд Монголын компаниуд энэхүү хүнд нөхцөлд ЖДҮ эрхлэгчдэд үүнтэй төстэй байдлаар тусламж үзүүлж болох юм гэсэн саналыг хэлэв. Танилцуулгын төгсгөлд ноён Бииб АмЧам Хятадын зүгээс Ковид – 19 цар тахлыг хэрхэн даван туулах талаар гаргасан 20 зөвлөмжийг зарим жишээн дээр тулгуурлан танилцуулсан бөгөөд дэлхий даяар олон бизнесүүд цахим салбарт шинэ бизнесийн боломжуудыг идэвхитэй эрэлхийлж, тодорхойлж, ашиглаж байгааг онцолсон болно.

Танилцуулгын дараа зочин илтгэгч цахим уулзалтанд оролцож буй бизнесийн төлөөллүүдийн сонирхсон асуултуудад хариулсан бөгөөд уулзалтын төгсгөлд АмЧам Монголын ТУЗ-ийн гишүүн Ник Кузин зочин илтгэгчид Ковид-19 цар тахлыг хэрхэн даван туулж буй сайн туршлагуудын талаар сонирхолтой танилцуулга хийсэнд талархлаа илэрхийлэв. АмЧам Монголын гишүүн 50 орчим бизнесийн төлөөллүүд энэхүү цахим уулзалтад оролцсон бөгөөд маш үр дүнтэй цагаа олсон, уулзалт болж өнгөрлөө.       

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.