Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхбаатар: Архивт 1918-2010 он хүртэлх хүн ам, хөрөнгө, малын тооллогын баримтууд бий

ikon.mn
2020 оны 3 сарын 20
iKon.MN
 

Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатартай ярилцлаа.

- Юуны өмнө бидний саналыг хүлээн авч, ярилцлага хийж байгаад баярлалаа. Таньтай хийх ярилцлагаа Монгол Улсын архивын сан хөмрөгийг хэрхэн бүрдүүлсэн тухай ярианаас эхлэе гэж бодож байна.

- ХХ зуунд манай орны соёл, оюун санааны амьдралд гарсан томоохон дэвшлийн нэг нь Монголын архивын байгууллага үүсч хөгжсөн явдал юм. 1921 оны 11 дүгээр сард Ерөнхий сайд Бодоо, Пунцагдорж, Маршал Чойбалсан, Ардын гэгээрүүлэх яамны сайд Жамьян, Хурц гүн Магсаржав нар Богд хаанд “Судар бичгийн хүрээлэн” байгуулах тухай айлтгал бичиж, Зарлиг буулгаснаар Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага байгуулагдсан. Судар бичгийн хүрээлэн байгуулагдсанаар тус улсын түүх, соёлын дурсгал, түүний дотор бичиг үсгийн өвийг сурвалжлан цуглуулах, хадгалан хамгаалах, эмхлэн цэгцлэх, судлан боловсруулах ажлын эхлэл тавигдсан.

1924 онд батлагдсан “Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоо” хэмээх тус байгууллагын дүрэмд, “Монголын хэл дээр ба бусад олон улсын хэл дээр бүхий монгол үндэсний олон аймаг ба монгол улсын төрийн түүхэнд хамаатай эх бичиг, судрын зүйлийг цуглуулмуй”, “бусад зүйлийн эх түүхэнд холбогдох хуучин дурсгалын гэрч тэмдэг юмсыг олон цуглуулах ба сахин хамгаалмуй” хэмээн Монголын түүхэнд холбогдох бичиг үсгийн дурсгалуудыг цуглуулах, сахин хамгаалах талаар тодорхойлж өгсөн байдаг. Ийнхүү Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын түүх, соёлын дурсгалууд, түүний дотор түүхэнд холбогдох бичиг үсгийн өвийг сурвалжлан олох, хадгалж хамгаалах, төрийн хамгаалалтад авах эрх зүйн үндсийг тавьж байсан.

1925 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан Судар бичгийн хүрээлэнгийн тэргүүлэгчдийн 13 дугаар хурлаас, “Ширнэндамдинг Хөх хотын газраа Монголын эх түүх, хэл бичигт холбогдох судар бичиг, данс хараа, зураг хөрөг зэргийг сурвалжлан мэдэх, олох, авахаар явуулсугай” хэмээн тогтоосон нь тус улсын түүхэнд холбогдох хилийн чинад дахь хуучин архивын баримтыг сурвалжлан олж авах талаар гаргасан төр засгийн анхны шийдвэр байсан. Урт замыг морь, тэмээн хөсөг, авто машинаар туулж олон мянган гар бичмэл, барын судар, элдэв баримт, данс хараа цуглуулан архивын сан хөмрөгийг баяжуулсан юм.

Үндэсний түүх, соёлын өвийг цуглуулж, хадгалах ажлын гараа ийнхүү эхэлсэн түүхтэй. Улмаар Монгол Улсын түүхэн үйл явцад үүссэн эх сурвалжийг хадгалан хамгаалах, эмхлэн цэгцлэх зорилгоор Судар бичгийн хүрээлэнгийн 1927 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн аравдугаар хурлын тогтоолоор архивчийн анхны албан ёсны орон тоо, бүтцийг баталснаар Архивын байгууллага үүссэн хэмээн үздэг юм.

- Хуучин цагт цуглуулсан олон сая хуудас баримтыг эмхлэн цэгцлэх их ажлыг хийсэн нь эрдэмтэн судлаачид, ард иргэдэд архивын баримтыг ашиглах боломжийг олгожээ. Энэ тухай яриагаар ярилцлагаа цааш үргэлжлүүлбэл?

- 300 гаруй жилийн тэртээгээс эхлэн хуримтлагдаж ирсэн Монгол Улсын түүх, соёлын үнэт сан хөмрөг болох олон сая хуудас архивын задгай баримт бичгийг архив зүйн дагуу ангилан цэгцэлж, данс бүртгэл үйлдэж, ашиглалтад оруулсан нь манай үе үеийн архивчдын олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн байсан юм. Эдгээр хүмүүс бол зөвхөн салбартаа төдийгүй, монголын төр, ард түмэн, хойч үеийнхний өмнө түүхэн гавьяатай хүмүүс гэж хэлмээр байна.

Үндэсний архивын тулгын чулууг тавилцсан, түүнийг хөгжүүлэх үйл хэрэгт бие, сэтгэлээ зориулсан манай ахмад архивч Л.Дэндэв, Ө.Чимид, М.Сундуйсүрэн, Ц.Сономдагва, Д.Ээндэн, И.Амгалан, Л.Бадамханд, А.Лувсанчүлтэм, Л.Баатар, Э.Мөнхтогоо, Ө.Сэрээтэр, Г.Цэрэндорж, Г.Пүрэв, Д.Цэдэвсүрэн, Ц.Дүүдий, О.Энхмөнх, О.Батсайхан Д.Өлзийбаатар, Г.Норовсамбуу нарын ахмад үеийнхнээрээ бид зүй ёсоор бахархдаг.

- Миний хувьд Үндэсний төв архивыг Монгол Улсын төрийн төв архив гэж ойлгодог. Үндэсний төв архивын үйл ажиллагаа болон тэр дагуу ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна?

- Архивын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дүгээрт “Үндэсний төв архив нь баримт бичгийн төрөл, салбараас үл шалтгаалан Монгол Улсын түүх, соёлд холбогдох баримт бичгийг төвлөрүүлэн хадгалж, ашиглах эрх бүхий төрийн төв архив мөн” хэмээн тодорхойлсон байдаг. Үндэсний төв архив нь түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой архивын баримтыг цуглуулах, тэдгээрт сонголт, нягтлан шалгалт хийх, сан хөмрөгөө нөхөн бүрдүүлэх, архивын баримтын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, сэлбэн засах, сэргээн шинэтгэх, архивын баримтын тоо бүртгэл хөтлөх, архивын баpимтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх; архивын баримтыг ашиглуулах зэрэг үндсэн үйл ажиллагааг явуулдаг.

Үндэсний төв архив жилд дунджаар 200,000 гаруй баримтыг иргэд, байгууллагуудын хүсэлтээр эрдэм шинжилгээний, судалгаанд ашиглуулж, хөмрөг үүсгэгч байгууллагуудаас 25,000 гаруй хадгаламжийн нэгж баримтыг нөхөн бүрдүүлэлтээр хүлээн авч, 21 000 орчим иргэд, аж ахуйн нэгжид архивын лавлагааг олгож, 25,000 хуудас баримтыг сэргээн засварлаж байна.

- Ер нь Үндэсний төв архивын сан хөмрөгт хэчнээн баримт хадгалагдаж буй талаар та тодорхой мэдээллийг манай уншигч олонд хүргэнэ үү? 

- Үндэсний төв архивын сан хөмрөг нь Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрдэх бөгөөд 1674 оноос хойшхи түүхэн 4 үеийг хамарсан 1,600 орчим хөмрөгт 1.3 сая гаруй хадгаламжийн нэгж хадгалагдаж байна. Нийт баримтын 76 хувийг цаасан суурьтай, 14 хувийг кино, гэрэл зураг, дуу дүрсний, 10 хувийг 1932 оноос хойшхи барилгын зураг төслийн баримт эзэлж байдаг.

1921 оны хувьсгалаас өмнөх үеийн баримт бичгүүдийн ихэнх нь муутуу цаасан дээр, цөөн тоотой нь даавуун дээр бичигдсэн түүхэн чухал баримтууд хадгалагдаж байна.

Өнгөрсөн онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор А.Очир гуай хувийн хөмрөгийг Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээн авч, XV-XVI зууны үеийн Үйсэн дээрх бичиг шилжиж ирсэн нь Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтын түүхэн он цагийг 100 жилээр урагшлуулсан үйл явдал болсон юм.

- Та түүхэн чухал баримтууд архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа гэлээ. Монголчууд олон бичиг үсгийг хэрэглэж ирсэн ард түмэн учраас архивын баримтууд хэдэн хэл дээр бичигдсэн байдаг бэ? архивын сан хөмрөгт түүхэн цаг үеийн хувьд хэдий үеэс эхлэсэн баримтууд хадгалагдаж байна? хосгүй үнэт ховор баримтуудад ямар ямар баримт байна вэ?

- Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтууд нь цаас, даавуу, тусгай төрлийн зэрэг олон тээгч дээр хадгалагдаж байна. Монгол, тод, соёмбо, дөрвөлжин зэрэг монголчуудын хэрэглэж байсан бичгүүд, Англи, Араб, Орос, Хятад, Манж, Түвэд, Польш, Франц зэрэг дэлхийн олон орны хэлээр бичигдсэн баримтууд хадгалагдаж байна.

Тухайлбал, 1674 онд Их жанжин төрийн бэйлээс баруун хилийг төвшитгөх их ванд “хол дахиныг амгалан болгож, хулгайг арилгах” талаар илгээсэн бичиг, 1700 онд Манжийн хаанаас олгосон Халхын өндөр гэгээн Занабазарын шүншиглэж, аравнайлсан Халхын Очирбат Түшээт ханы тамга, 1824 оны Халхын 13 тамгатай хутагтын нэг Халхын Засагт хан аймгийн Жалханз хутагтын тамга, алтаар /боронз/ бичсэн Алтангэрэл, есөн эрдэнээр төлөөлүүлэн бичсэн Тарвачинбу гэх мэт судрууд, 5х5 метрийн хэмжээтэй Халхын Махасамади Сэцэн хан Шолойн гэрийн үеийн бичмэл, 1912 онд Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яамнаас тусгаар тогтносон хаант Монгол улс байгуулагдсаныг Англи, Франц, Бельги, Голланд зэрэг 9 улсад албан ёсоор зарласан бичиг, Ардын засгийн газар болон Богд хааны эрх хэмжээг тогтоож, хэмжээт цаазат засгийг байгуулсан тангаргийн гэрээ, Монголын хувьсгалчид Зөвлөлт Орос улсаас тусламж гуйж бичсэн бичгийн эх, 1924 оны БНМАУ-ын Үндсэн Хуулийн бичмэл эх зэрэг олон ховор нандин баримтууд байна.

- Та жишээ татаад хосгүй үнэт баримтын тухай танилцуулаач? Үнэхээр сонирхолтой санагдаж байна.

- Монголчуудын гэрийн үеийн бичмэлийг үйлдэх нэг хэлбэр болох модны цагираг мэт тойрог татаж хөтлөх аргаар 1905 онд үйлдсэн Халхын Сэцэн хан аймгийн хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг олон тайж нарын гэрийн үеийн бичмэл байдаг. Энэ бичмэлд Халхын эзэн Гэрсэнз жалайр хун тайжийн тавдугаар хөвгүүн Аминдуралын ач хүү, 1577 онд төрсөн Сэцэн хан Шолойгоос эх авч, 1577 оноос 1905 он хүртэл 328 жилийн дотор төрсөн Сэцэн хан Шолойн удмын 13 үеийн нийт 11,966 эрэгтэйчүүдийн нэрсийг бичиж тэмдэглэсэн байдаг.

Гэрийн үеийн бичмэлийг 5 метр 30 см голчтой маажиндсан дүгрэг цагаан даавуун дээр хар, улаан бэхээр бичиж үйлдэхдээ төв хэсэгт Сэцэн хан Шолойн нэрийг байрлуулж, түүнийг тойруулан тойрог татаж 11 хөвгүүдийнх нь нэрсийг бичиж, түүний дараа нэг үе эхлэх бүрт эрэгтэй хүүхдүүдийн нэрсийг бичсэн. Эцэг хөвгүүдийг зураас зураас буюу цуваа цэгээр холбож, нэг хүний хүүхдийг нэг дор жагсаан бичиж, хагас тойрог буюу шугамаар хооронд нь холбож, ах дүүсийн хүүхэд холилдон будлиулахаас сэргэмжилэн бичиж, хүний нэрийг хар бэхээр бичиж, бие барагсдын нэрийн дээр улаан бэхээр жижиг дугуй бинт тэмдэг тавьж, зэрэг залгасан, лам болсон, үргүй өнгөрсөн зэргийг тусгай тайлбар болгон бичсэн байдаг.

- Хүмүүс архиваас намтар, ураг удмынхаа түүхийг мэдэхийг хүсдэг болжээ. Хэдэн үеэ олж мэдэх боломж байна вэ?

- Сүүлийн үед хүмүүс ураг удмаа мэдэхийг их хүсдэг болсон. Энэ нь маш зөв, сайшаалтай зүйл. Өөрийн удам судраа, намтар түүхээ мэдэхийн тулд ямар ч хүн ерөнхий түүхийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Архивын ерөнхий газарт 1918-аас 2010 он хүртэлх хүн ам, хөрөнгө, малын тооллогын баримтууд бий. Сүүлийн үед архивын баримт бичгүүд цахимжиж байна. Хэн ч байсан аав, ээж, өвөө, эмээгийнхээ төрсөн нутаг усыг мэдэж байгаа бол Архивын ерөнхий газарт хандаад, ураг удмынхаа хэд хэдэн үеийн баримтыг авах боломжтой. Яг хэдэн үеийн түүх байгаа эсэхийг судалгааны үндсэн дээр гарна.

- Би аав, өвөөгөө л мэднэ. Тэрнээс дээших үеэ мэдье гэвэл хэдэн үеийн мэдээлэл гарч ирэх боломжтой бэ?

- Монгол Улсын хэмжээнд бүх аймаг, хошууны 1929 оны тооллого нэлээд дэлгэрэнгүй байдаг юм. Зарим нутаг хошууны 1918 оны тооллого тухайн үеийн нөхцөл байдлын улмаас архивт хадгалагдаагүй, цөөн тооны хошууны баримтууд байгаа. Өвөг дээдсийнхээ төрсөн аймаг, сумыг мэдэж байгаа бол тодорхой мэдээлэл гарна. Ноёд, тайж нарын удам судрын талаарх мэдээлэл олдох боломж харьцангуй ихтэй байдаг.

Архивыг зөвхөн цаас хадгалдаг газар гэж ойлгож болохгүй. Иргэд ч архивын ач холбогдлыг мэддэг болоод байгаа. Архивт түүх, угсаатан, соёл зэрэг олон  чиглэлийн эрдэмтдийн судалгааны ажлын эх сурвалж хадгалагдаж байна.

Архивын баримт гэдэг бол Монголчуудын түүх соёлын ой санамж юм. Энэ ой санамжийг бид хадгалан хамгаалж байна. Архивын баримтыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, хэвлэн нийтлэх, үзэсгэлэн зохион байгуулах зэргээр олон нийтийн хүртээл болгож байна. Архивын байгууллагад ажиллаж буй ажилтан, албан хаагчид бид нийгмийн оюун санааны амьдрал, соён гэгээрэлд хувь нэмэр оруулсаар байгаа.

- Архив бол монголчуудын түүх, соёлын холбогдолтой ховор нандин баримтыг хадгалж байдаг газар. Тийм учраас зориулалтын байрны шаардлага нэн тэргүүний асуудал гэж бодож байна. Архивын зориулалттай шинэ байр саяхан ашиглалтанд орж, танай байгууллага нүүж орлоо. Ер нь архивын байгууллага өмнө нь хаана байв. Дараагийн асуултаа энэ талаар ярья?

Архивын байгууллага анх Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд байгаад 1942 онд Мэгжиджанрайсэгийн сүмийг Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр Улсын архивт шилжүүлсэн бөгөөд 1959 он хүртэл байрлаж байсан.

Улмаар 1951 онд Маршал Х.Чойбалсан архивын газрын үйл ажиллагаатай танилцаад, архивын зориулалтын байр бариулах асуудлыг хөндсөн байдаг. Энэ асуудал яригдсаар 1959 онд архивын зориулалтын анхны байр  болох Улсын түүхийн төв архивын байр баригдаж ашиглалтад орж, Мэгжиджанрайсэгийн сүмээс 1960 онд нүүж дууссан.

Харин сүүлд Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилгыг 2016 онд ашиглалтад оруулж, жил орчим бэлтгэл ажлыг хангаж, хагас жилийн хугацаанд нүүж, шинэ байрандаа орсон. Зориулалтын байртай болсон нь архивын өв санг өнө удаан, найдвартай хадгалах зорилтыг хангахад чухал алхам болсон.

2019 онд аймгуудын архивын хувьд чухал алхам болсон нэгэн үйл явдал болсон нь Баянхонгор аймгийн архивын тасаг орон нутгийн архивуудаас анх удаа архивын зориулалтын байрыг барьж, ашиглалтанд оруулсан. Цаашид бусад аймгуудын архивыг зориулалтын байртай болгох асуудлыг аймгийн удирдлагуудтай ярилцаж, санал хүсэлт гарган, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдүүлэхээр ажиллаж байна. Ер нь Архивын ерөнхий газрын хувьд төв төрөлжсөн, салбар архивуудыг ч гэсэн зориулалтын байраар хангах асуудлыг шат шатны байгууллагуудтай холбогдож, хөрөнгө мөнгө зэрэг олон асуудлуудыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа.

- Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архивын ерөнхий газарт зочилж, Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан. Монгол Улсад архивын байгууллага байгууллагдаад 90 гаруй жил болж байна. Өмнө нь төрийн дээд шагналаар шагнагдаж байгаагүй юу?

- 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, Монголын ард түмний ой санамж, үндэстэн оршин тогтох дархлаа болсон түүх, соёл, нийгэм эдийн засгийн бүх төрлийн түүхэн баримт, дурсгал, эх сурвалжуудыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ үлгэрлэн дамжуулах үйлсэд хувь нэмэр оруулсан үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндөрөөр үнэлж, төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор шагнасан.

Цаашид гадаад оронд хадгалагдаж буй Монгол Улсын түүх, соёлд холбогдох баримтыг эх болон хуулбар хувиар эх орондоо авчирч хадгалах асуудлыг онцгойлон анхааруулсан. Иймд Бид гадаад оронд хадгалагдаж буй Монгол Улсын түүх, соёлд холбогдох баримтын судалгааг хийж, нэгдсэн жагсаалт гаргаж, Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран ажиллаж байна.

- Саяхан Монгол Улсын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явагдлаа. Төрийн байгууллагуудын  архив, албан хэрэг хөтлөлт ямархуу түвшинд хэрхэн явагдаж байна?

- БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1970 оны 42 дугаар тогтоолоор улс, олон нийт, хоршооллын байгууллагын бичиг хэргийн хөтлөлт, архивын ажилд улсын үзлэг явуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд түүнээс хойш 1984, 1990, 1995, 2000,  2004, 2009, 2015 онуудад архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд архивын улсын үзлэг хийсэн. 2004 оноос эхлэн Төрийн албаны зөвлөлтэй хамтран архив, албан хэрэг хөтлөлтөөс гадна төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад үзлэг хийж ирсэн бөгөөд түүний үр дүнд архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалт улсын хэмжээнд жигд сайжирч, тодорхой үр дүнд хүрсэн.

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд гарч байгаа ажлын ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын  зохион байгуулалтын явц байдлыг тогтоож, улсын хэмжээнд нэгтгэн дүгнэдэг, цаашид авах арга хэмжээг тодорхойлдгоороо  улсын үзлэг нь ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг манай Архивын ерөнхий газрын мэргэжилтэн, албан хаагчид, Төрийн албаны зөвлөлийн хамт улс орон даяар зохион байгуулсан.

Үзлэгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт" гэсэн 4 үндсэн чиглэлээр явуулсан.

2019 оны 06-12 дугаар хүртэлх 6 сарын хугацаанд төр, захиргааны 176 байгууллага хамрагдаж, нэгдсэн дүн  91.18 хувь буюу маш сайн үзүүлэлттэй гарсан. Улсын үзлэгийн нэгдсэн дүнг Төв комиссын 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд Засгийн газарт танилцуулж, шийдвэр гаргуулахаар ажиллаж байна.

- Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг төрийн үйлчилгээг сайжруулах жил болгон зарласан. Танай байгууллагын зүгээс энэ хүрээнд ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?

- Архивын үйлчилгээг иргэд нэг дороос хүндрэл чирэгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлэх, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчныг бий болгох, үйлчилгээний ажилтны цайны цагт зохицуулалт хийж иргэдэд цайны цаг хүлээх шаардлагагүй болгосон.

Мөн цахим дэлгэцийг байршуулж, баримтыг онлайнаар хайх, харах боломжийг бий болгож Архивын ерөнхий газрын нэг цэгийн үйлчилгээний танхимыг шинэчлэн тохижуулан “Лавлагаа, үйлчилгээний төв” нэртэйгээр 2018 оны 11 дүгээр сарын 29-нд нээсэн. Иргэд архивын лавлагааг биечлэн ирж авч болохоос гадна тус газрын www.archives.gov.mn вэб сайтаар орж онлайнаар захиалах, 1800-1205 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авах боломжтой.

Мөн байгууллагын цахим хуудсыг шинэчлэн шинэ өнгө төрх, формат, мэдээ, мэдээллээр баяжуулсан бөгөөд видео болон аудио хэлбэрээр мэдээ оруулах боломжтой болгож, хөгжлийн бэршхээлтэй иргэдэд зориулан байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний танилцуулгыг дохионы хэлээр бэлтгэн олон нийтэд хүргэж байна.

- Архивын салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдын дунд тулгамдаж буй нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна бэ?

- Байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд ХЗДХЯ-ны дэмжлэгтэйгээр “ХЗДХЯ, АЕГ, ШШҮХ-ийн албан хаагчдыг орон сууцаар хангах төсөл”-ийг эхлүүлж, уг төслийн шугмаар 390 айлын орон сууцыг бариулж байна. Энэхүү орон сууцанд Архивын ерөнхий газар болон төрийн архивын 73 албан хаагчийг хамруулаад байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн салбарын “АЛБАН ХААГЧ БҮРТ-ОРОН СУУЦ” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Архивын ерөнхий газрын мэргэжилтэн Ш.Дариймаа, 2019 онд Архивын ерөнхий газрын үйлчлэгч О.Саранцэцэг, Ц.Эрдэнэчимэг, Я.Тэгшжаргал нарт тус бүр 1 өрөө орон сууцыг олгох батламжийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулж өгсөн. Архивын ерөнхий газрын зүгээс ар гэрийн гачигдалтай байсан слесарь Ц.Нямсүрэн, үйлчлэгч Даваасүрэн нарт 5 ханатай гэрийг өгсөн.

Архивын ерөнхий газарт ажиллаж буй албан хаагчдынхаа тав тухтай ажиллах боломж, бололцоог бүрдүүлэхээр гадна талбайд олон төрлийн модыг суулган цэцэрлэгжүүлж, байгууллагынхаа 5 давхарт фитнесс заалыг байгуулж, албан хаагчдын спортоор хичээллэх боломж бололцоог нээсэн. Мөн архивын ерөнхий газрын албан хаагчдын автобусыг 2019 онд шинэчлэсэн зэрэг олон ажлуудыг хийж байна.

- Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- 1991 онд Олон улсын архивын зөвлөл/ОУАЗ/-д А зэрэглэлийн гишүүнээр, 1993 онд ОУАЗ-ийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөлийг Зүүн Азийн орнуудын архивын байгууллагатай хамтран үүсгэн байгуулж, удирдах зөвлөлийн гишүүнээр элссэн бөгөөд 2019 онд Удирдах зөвлөлийн гишүүнээр дахин сонгогдсон, 2001 онд ЮНЕСКО-ийн ивээлд байдаг Олон улсын Кино архивын холбоонд гишүүнээр, 2005 онд ОУАЗ-ийн Евро-Азийн бүсийн салбар зөвлөлд гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог.

1992 оноос Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд архивын салбарт хамтран ажиллах комиссийн үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. Комиссын шугмаар хоёр орны түүхэнд холбогдох баримтыг солилцох, хуулбарлан авах, баримт бичгийн эмхтгэл гаргах, үзэсгэлэн зохион байгуулах, туршлага солилцох, боловсон хүчин сургаж, бэлтгэх чиглэлээр хамтран ажилладаг. 2019 онд хамтарсан комиссын 25 дугаар хуралдаан ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдаж, хуралдааны үеэр ОХУ-ын Эрхүү хотноо “УБТЗ” нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жилийн ойд зориулсан “Хөгжилд хөтөлсөн Ган зам” сэдэвт хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулж, хуралдааны шийдвэрээр  Улаанбаатар хотноо Халхын голын дайны 80 жилийн ойд зориулсан “Халхын гол-1939” сэдэвт хамтарсан үзэсгэлэн, “Халх голын орчим дахь зэвсэгт мөргөлдөөн. 1939 оны тав-есдүгээр сар” баримт бичгийн нээлтийг зохион байгуулсан. Мөн комиссын шугмаар хоёр талын архивын баримтаар “БНМАУ-ЗХУ-ын улс төрийн харилцаа 1955-1966”, “БНМАУ ба Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн улсуудын хамтын ажиллагаа-Евразийн эдийн засгийн интеграцлалд хүрэх зам” сэдэвт эмхэтгэлүүдийг хэвлэхээр баримтын судалгааг хийж байна.

Комиссын 26 дугаар хуралдаан 2020 оны 6 сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2018-2019 онд БНХАУ, БНСУ, ОХУ, Япон, БНУнгар зэрэг улсад зохион байгуулагдсан олон улсын хуралд тус газрын 10 гаруй албан хаагч оролцож илтгэл тавихын зэрэгцээ архивын баримтыг хадгалах, хамгаалах, сэлбэн засах сэргээн шинэтгэх чиглэлээр туршлага судласан6

Японы Улсын үндэсний архивын газартай хоёр орны түүхэнд холбогдох баримтыг солилцох, хуулбарлан авах, баримт бичгийн эмхэтгэл гаргах, үзэсгэлэн зохион байгуулах, туршлага солилцох, боловсон хүчин сургаж, бэлтгэх чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан.

Бүгд найрамдах Польш Улсын үндэсний архивын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар санал солилцож, энэ оны 4 сард хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээний хурал, дипломат харилцааны түүх замналыг дэлгэн харуулсан үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

- Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар Та бидэнд хэлбэл?

- Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэж, Улсын их хуралд өргөн барьсан. Улсын их хурлын хаврын чуулганаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулж, архивын байгууллагын эрх зүйн орчныг шинэ шатанд гаргахаар төлөвлөсөн байгаа. Хууль батлагдсаны дараа Архивын байгууллагын эрх зүйн баримт бичгүүдийг шинэчилж, боловсронгуй болгох ажил эхлэнэ.

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “АЕГ-ын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт” төслийн хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү төсөл хэрэгжсэнээр архивын ерөнхий газрын цогцолбор барилгад орчин үеийн шаардлага хангасан архивын баримтын хадгалалт, хамгаалалт; сэлбэн засах, сэргээн шинэтгэх; мэдээллийн технологи; кино, гэрэл зураг, дуу авианы баримтын хадгалалт, цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл суурилуулж, ашигласнаар хадгалалт, хамгаалалтын нөхцөл улам сайжирч, үндэсний архивын үйл ажиллагаа эрчимжиж, иргэд, байгууллагад төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж, нөхцөл илүү бүрдэх болно.

Монгол үндэстний түүх, соёлын үнэт баялаг санг хадгалж, хамгаалах, ашиглуулах, төрийн албан хэрэг хөтлөлтийн харилцааг боловсронгуй болгох архивын байнгын хадгалалт, өмчлөгчийн эрхийг хамгаалах, олон нийтэд нээлттэй байх, улс төрөөс хараат бус байх зэрэг үндсэн зарчмуудад тулгуурлан архивчид бид хичээн, зүтгэн ажиллаж байна.

- Танд болон танай байгууллагын ажилтан, албан хаагчдад ажлын амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: Өдрийн сонин