Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зэсийн ханш 5,200 ам.доллар болж буурав

Г.Төгс
2020 оны 3 сарын 19
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Монголын экспортын хамгийн гол түүхий эд болсон зэсийн ханш Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар 5,205 ам.доллар/тонн-ын ханштай хаагдсан байна. Энэ нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойших ханшийн хамгийн доогуур түвшин боллоо. Зэсийн ханш нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх үндсэн металд тооцогддог.

Хэдийгээр зэсийн ханшийн түвшин бусад эрдэс түүхий эдтэй харьцуулахад харьцангуй уналт багатай буюу 5,500 ам.долларын түвшинд хэлбэлзэж байсан ч ийнхүү буурах хандлагатай болж ирлээ. Зэсийн ханш буурч байгаа нь даваа гаригт (2020.03.16) COVID-19-ийн тархалтын улмаас Хятадын эдийн засаг ихээхэн агшсан тухай мэдээлэл цацагдсантай холбоотой. Тус улсын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гарц оны эхний хоёр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.5%, экспорт 13%, жижиглэнгийн худалдаа 20.5%-иар тус тус буурчээ.

Үүнтэй зэрэгцээд зэсийн гол олборлогчдын хувьцааны ханш хурдацтай “уруудах” болсон байна. Тухайлбал АНУ-д төвтэй зэс олборлогч "Freeport McMoran"-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн бирж дээр сүүлийн нэг сарын хугацаанд 46%-иар буурч нэгж хувьцаа нь 6.48 ам.долларт хүрээд байгаа юм. Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн бирж дээр сүүлийн нэг сарын хугацаанд 41%-иар буурч нэгж бүр нь 0.36 ам.доллартай тэнцлээ.

Нөгөөтэйгүүр Перу улс коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор өнгөрсөн ням гаригт үндэсний хэмжээнд улс даяар 15 хоногийн хугацаатай буюу гуравдугаар сарыг дуустал хөл хорио тогтоолоо. Үүний улмаас тус улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон зэс, алтны уурхайнууд мөн хугацааны турш зогсолт хийхээр болж байна. Тухайлбал “Freeport McMoran” компани Перу дэх Cerro Verde зэсийн уурхайгаа 15 хоног, Anglo American 2022 онд ашиглалтад оруулахаар зэхэж буй зэсийн Quellaveco уурхайн төслийн бүтээн байгуулалтыг зогсоохоор болсноо тус тус зарлалаа. Перу нь зэс үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаар бичигддэг улс юм.

Гэхдээ уурхайн компаниуд тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болохын зэрэгцээ уурхайг хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэхэд нэн шаардлагатай ажилтнуудыг нэвтрүүлэх боломжоор хангагдах юм байна. Тус улсын хувьд өнгөрсөн Даваа гарагт коронавирусийн халдвар авсан тохиолдол 89 байсан бол одоо 117 болж нэмэгдээд байгаа юм.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.