Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед коронавирус илүү хол зайд тархаж байгаа нь тогтоогджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед коронавирус илүү хол зайд тархаж байгаа нь тогтоогджээ
Sara, ikon.mn - text to speech

БНХАУ-ЫН ХАЛДВАР СУДЛААЧ ЭРДЭМТДИЙН “COVID-19” ВИРУСИЙН ТАРХАЛТЫН ТАЛААРХ СУДАЛГААНЫ ДҮН

БНХАУ-ын халдвар судлаачдын судалгаагаар “COVID-19” нь 30 минут хүртэл хугацаанд 4.5 метр зайд агаарт тархах боломжтой нь тогтоогджээ. Мөн тухайн гадаргын онцлог, төрөл, орчны температураас шалтгаалан гадаргуу дээр харилцан адилгүй хугацаанд амьдрах чадвартай аж.

Тухайлбал, уг вирус цельсийн 37 хэмийн орчинд шил, бөс даавуу, төмөр, хуванцар, цаасан гадаргуу дээр 2-3 хоног амьдрах боломжтой байна. Мөн хүний биеэс ялгарч буй шингэн болон өтгөнд 5 хүртэл хоног амьдрах чадвартайг судлаачид анхааруулж байна.

Судлаачид нэгдүгээр сарын 22-ны өдөр Хунань мужид 48 суудалтай, хот хоорондын нийтийн тээврийн автобусанд гарсан халдвар хэрхэн тархсан талаар дараах зураглалыг гаргасан байна. Халдвартай иргэн болон бусад зорчигч автобусанд суух үедээ амны хаалт хэрэглээгүй байсан бөгөөд цонхнууд нь бүгд хаалттай байжээ.  

 

Улаан - халдвар тараагч.

Улбар шар - Халдвар авсан хүмүүс.

Цэнхэр – халдвар авсан боловч шинж тэмдэг илрээгүй хүн.

Ягаан - Халдвартай иргэн автобуснаас бууснаас хойш 30 минутын дараа автобусанд сууж халдвар авсан хүн. 

Судалгааны дүнд битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед коронавирус илүү хол зайд тархаж байгаа нь тогтоогдсон байна. Халдвартай хүн автобусанд сууснаас хойш нэг ч хүнтэй яриагүй бөгөөд түүнийг автобусанд байх үед 7 хүнд вирус халдварласан байна.

Түүнчлэн халдвар тээгч автобуснаас буусны дараа ч вирус тухайн орчинд үлдэж, халдвар тархаж байжээ.

Халдвар тээгч тухайн автобуснаас буун дараагийн автобусанд сууж явах үед түүнээс 4.5 метрийн зайд сууж явсан хоёр иргэн халдвар авсан бөгөөд хоёрдугаар сарын дунд үе гэхэд анхны халдвар тээгч нийт 13 хүнд вирус тараасан байжээ.

Гэвч уг судалгаанд зарим зүйл тодорхойгүй үлдсэн бөгөөд халдвартай иргэнтэй зэрэгцэн сууж явсан хүмүүс халдвар аваагүй нь сонирхол татаж байгаа аж.

Судалгааны дүнд үндэслэн Хятадын эрх баригчид, эрдэмтэд иргэддээ дараах зөвлөмжийг өгч байна:

  • Амны хаалт тогтмол зүүх, гараа байнга угааж, хувийн ариун цэвэр чанд сахих;
  • Автобус, онгоц, машин зэрэг битүү орчинд байхдаа амны хаалт тогтмол зүүх;
  • Гараа угааж цэвэрлээгүй үедээ нүүр, ам болон биеийн бусад хэсэгт гараараа хүрэхгүй байх;
  • Олон нийтийн үйлчилгээний газруудад савх, халбага хэрэглэхгүй байх;
  • Олон нийтийн газар тамхи татахыг хориглож, тамхины цэгүүдийн тоог багасгах;
  • Нийтийн тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг өдөрт 1-2 удаа хийхийг зөвлөж байна.

 

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.