Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулах нь үр дүнтэй, хүртээмжтэй, тогтвортой хөгжилд хүрэх гол шинэчлэл гэж үзэж, энэ хүрээнд олон ажлыг шат дараатай хийж, хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг томоохон үр дүнтэй ажил нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН юм.
Орон нутгийн хөгжлийн сан нь Засгийн газраас орон нутгийг хөгжүүлэх зорилгоор өгч буй шилжүүлэг бөгөөд зарцуулалт нь иргэдийн оролцоонд тулгуурлан, амьдарч буй орчинд нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой. Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсад 2013 онд анх удаа Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санг бий болгож уг сангаас хуульд заасан дөрвөн итгэлцүүрт үндэслэн аймаг, нийслэлд орлогын шилжүүлэг олгох, аймаг, нийслэл нь мөн аргачлалын дагуу, харьяалагдах сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө хуваарилдаг. ОНХС-д 2013-2019 онд нийт 1 их наяд 8 тэрбум төгрөгийн хөрөнгө хуваарилсан байдаг.
2020 ОНД УЛСЫН ХЭМЖЭЭНД 188 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН БАЙНА
Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал хураалтанд нийслэлийн 9 дүүргийн насанд хүрсэн иргэн бүр хамрагдах бөгөөд санал асуулга 2020 оны 3 сарын 1-ээс 4 сарын 1-ний хооронд явагдана. Иргэдийн хувьд ухаалаг утсан дээрээ SmartUB аппликейшнг татан суулгаж ОНХС гэсэн цонхыгсонгож санал асуулга гэсэн цэсэд хандсанаар өөрийн хороо дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтанд саналаа өгөх боломжтой юм.
Цахим санал асуулгыг энэ жил ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН- ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХОТ ТӨЛӨВЛӨЛТ зорилгын хүрээнд явуулж байгаа бөгөөд хот төлөвлөлтөндөө иргэдийнхээ оролцоог хангаж, иргэдээ оролцуулах нь хамгийн эхний чухал алхам хэмээн үзэж байна юм.
Гэхдээ иргэд нэг удаа саналаа өгөөд орхих биш саналаа хэлэхээс гадна, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын үйл явцад нь оролцох, үр дүг нь хянах, цаашдаа жил бүр явагдах энэхүү ОНХС-ийн ажилд байнга хамтран ажиллах нь хамгаас чухал юм. Тиймээс иргэн бүр энэхүү SmartUb аппликэйшнийг өөрийн гар утсандаа суулган саналаа өгөхийг уриалж байна. Таны хорооны өнгө үзэмж, хөгжил цэцэглэлт таниас шалтгаална.
Эх сурвалж: ЦЭГЦ МЕДИА ГРУПП
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!